“Сингл ледис” кинонд хөдөөний жинхэнэ монгол сайхан эрийн дүр бүтээж, бүсгүйчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан Г.Ананд нэг л өдөр “аавын хаалга” татсан. Санаатай биш ч гэлээ буруу зүйл хийсэн хүний хувьд өөрийгөө зэмлэн, энэ бүхнийг хүлээн зөвшөөрч буйгаа хэвлэлд ярьж байсан тэрбээр өдгөө ямартай ч хэвийн амьдралдаа орохоор хичээж яваа бололтой. Хэдийгээр хоригдол ч гэсэн хүн шүү дээ гэж хэлдэгчилэн Г.Ананд хэчнээн амьдралдаа том алдаа хийсэн ч цаашид амьдрахаас өөр яах билээ. Тэрбээр хийсэн хэргийнхээ талаар ингэж ярьж байв.
“Гудамжаар алхаж байхад “Монголд хууль байна уу” гэж орилох хүн цөөнгүй таарсан. Намайг баян чинээлэг учраас мөнгө төлөөд л гараад ирсэн гэж зарим хүн буруу ойлгодог юм шиг санагдсан. Би жирийн л айлын хүүхэд шүү дээ. Энэ жил ардын хувьсгалын 100 жилийн ойгоор санамсар болгоомжгүй байдлаасаа болж хэрэг үйлдсэн хүмүүсийн ялаас хоёр жил хөнгөлөх өршөөл үзүүлсэн юм. Энэ хуулийн дагуу суллагдсан. Хэргийн шүүх үйл явц яг л хуулийн хүрээнд болж өнгөрсөн. Гэхдээ над руу дайрч давшилсан хүмүүст би уурлаж гомдохгүй зүйлгүй. Би буруу зүйл хийсэн хүн. Намайг бүр хутга барьж яваад санаатайгаар хүний амь хөнөөсөн гэж гэж бичсэн байсан. Би буруутай зүйл хийсэн, гэхдээ болсон явдлыг нуулгүй л ярья. Мэдээж надад энэ бүхнийг дурсах амар биш байна.Тэр шөнө би найзуудтайгаа шоудсан юм. Гараад машиндаа унтаад үүрээр сэрсэн юм. Үүрээр ямар ч хүн байхгүй, гар утас унтарчихсан. Гэр тэндээс холгүйхэн учраас энэ хооронд яав л гэж бодоод л машинаа асаагаад хөдөлчихсөн. Яг машинаа унаж хөдлөөд 2-3-хан минутын дотор л хэрэг болж өнгөрсөн./санаа алдав/
Залуудаа алдах эрхтэй гээд л “савж” саагиад явдаг ч үнэндээ алдаж болохгүй зүйл гэж бий. Миний гаргасан алдааг зөвхөн зам тээврийн осол гэж хэлэхэд ч багадах хэрэг.
Гайгүй байлгүй гэж тоомжиргүй хандсан зүйлс биднийг хэзээ ч төсөөлөөгүй ангал руу унагадаг юм билээ. Энэ бол гайхуулж ярих сайхан түүх биш шүү дээ. Гол нь залуусыг над шиг битгий алдаасай гэж хүссэндээ л үүнийг ярьж байгааг минь зөвөөр ойлгоорой. Би маш болчимгүй үйлдэл гаргасан. Түүнийгээ мэдэж байгаа хэрнээ л өөрөө өөртөө итгэж чадахгүй, яах учраа ч олохгүй өөртэйгээ зөндөө зөрчилдсөн. Сэтгэл зүйн хувьд “Би ийм зүйл хийчихлээ гэж үү” гэдэгтэйгээ эвлэрэхгүй байсан хэрэг. Хэрэг эцэслэн шийдэгдтэл бараг 5-6 сарын турш гэртээ байсан. Хэд хэдэн кинонд тоглоод олонд танигдаж байсан ч шууд л “Алуурчин” гэсэн нэрээр солигдох тэр мэдрэмжийг үгээр хэлэхэд хэцүү. Шүүх хурал дээр өөрийн гэм бурууг зөвшөөрч, ямар ч ял шийтгэл оноосон хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлээд хохирогчийн ар гэрийнхнээс уучлал хүссэн…” хэмээсэн юм.


