Гаальчидтай холбоотой сүүлийн үеийн хэргээс том “тул” нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга асан Б.Мягмар юм. А.Хашбал нь Америкт амьдарч байгаад ирээд шуудан илгээмжийн Гэрэлт хүрэх оргил” гэдэг компани байгуулжээ. Экс даргатай 2019 онд хурал дээр танилцсан байна. Улмаар даргын найз У.Энхболдтой “найзалж хавар нь хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Нэг кг ачаа долоон доллароор ирж саадгүй гаргавал 20 центийн ашиг авахаар “тохироо” хийгдсэн гэнэ. Тэрхүү “ашиг” нь явсаар 18,4 орчим сая төгрөг болсон агаад А.Хашбалаас гарч У.Энхболдын дансаар дамжин даргын халаасанд оржээ. Гаальчидийн мэдүүлгээр “Гэрэлт хүрэх оргил” компанийн барааг рентгенээр харахад дарааллыг нь урагшуулан “хурдан шуурхай” үйлчлэх үүрэг бүр 2018 оноос ирдэг байжээ. Ийм “үүрэг” жил бүр ирдэг тул тус компанийг даргатай нь холбоотой гэдгийг бүгд мэддэг болжээ. Гэхдээ экс даргад бүр их мөнгө буюу 87,5 сая төгрөгийг “Спийдтоочи” компанийн захирал М.Наранбаатар 2015-2018 оны хооронд өгсөн гэж тогтоогджээ. Тус компани нь Солонгосоос “хуучин гар утас, сэлбэг” оруулж ирдэг байжээ. Сэлбэгэн дунд мэдээж шинэ, шинэвтэр утаснууд байсан. Гаалийн бүрдүүлэлт хийхэд эрсдэлийн улаан, шар, ногоон төлөв асдаг. Хэрвээ ногоон гэрэл асвал бичиг баримт болон бараанд шалгалт хийлгүйгээр мөн дараалалгүйгээр явуулдаг. Мөн барааны үнэлгээ нь тухайн мэдүүлэгчийн хэлсэн үнээр үнэлэгдэнэ. Тэгвэл нэг удаад 300-700 ширхэг утас оруулж ирдэг “Спийдтоочи” компанийн бараа ногоон гэрлээр, нэгдүгээр үнэлгээгээр ордог байжээ. 2017 онд 300 гаруй утас нь ингэж гаалийн хяналтыг давжээ. Дараа жил нь 1-6 долларын үнэтэй гээд 700 орчим утас оруулж ирэхэд “асуудал” үүсжээ. Шалгалт хийж байсан гаальчид хуучин утас гэсэн ч ийм үнэтэй байхгүй гэхэд Б.Мягмар дарга утасдаж “би наадхаас чинь мэдээлэл авдаг юм, бичиг баримт бүрэн байхад та нар яахаараа зогсоодог юм бэ” гэж уурлажээ. Нисэх дэх салбарын эрхлэгч нь “Спийдтоочи” компанийн барааг ногоон гэрлээр гаргаагүй тул Б.Мягмар харьцахаа больж Наранбаатар ч “ахиж” үйлчлүүлээгүй гэнэ. Гэхдээ л нийтдээ 30 гаруй удаа гаалын шалгалтыг ногоон гэрлээр давж чадсан аж. Сүүлдээ “олон хавар нэгэндээ” гэгчийн үлгэр болж ногоон гэрлээр гаргасан олон байцаагч холбогдоод эхлэхэд хэргийг прокурорд мэдэгдсэн байна.