Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЕХ-ны гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын холбоо болон Европын зарим улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай өчигдөр /2021-5-20/ цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтад Европын Холбоо, ХБНГУ, Унгар, Франц, Чех улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Люксембург, Португал, Румын, Финлянд, Грек Улсын Элчин сайд нар оролцлоо.

 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал тавьж буй Элчин сайд нарт талархлаа илэрхийлээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэв.

 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан хугацаандаа хэвийн явагдаж хийгдэж байгааг цохон хэллээ. Цаашид гадаад улсад байгаа иргэд, шилжилт хөдөлгөөний улмаас саналаа өгч чадахгүй байгаа зарим сонгогчдын сонгох, сонгогдох эрхийг хангахад анхаарч ажиллана гээд, тэрхүү зорилгоор санал өгөх системийг цахимжуулах, цахимаар санал өгөх боломж бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

 

Тэрбээр цааш нь, Европын Холбооны гишүүн орнууд болон сонгуулиар мэргэшсэн олон улсын байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив.

 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаа мэдэгдээд байгаа бөгөөд сонгуулийг ил тод, нээлттэй, чөлөөтэй ажиглах боломж бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ. АИХЭА-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Франц, Испани, Чех, Итали, АНУ зэрэг орны ажиглагчид багтаж байгаа билээ.

 

Уулзалтын үеэр нэр дэвшигчдийн бүртгэл, цар тахлын үед санал авах байрны хэвийн, аюулгүй ажиллагааг хангахад баримтлах журам, гадаад улс дахь сонгогчдын бүртгэл зэрэг тэдний сонирхсон асуултад хариуллаа.

 

Цахим уулзалтад оролцсон Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд, мөн сонгууль ажиглахыг урьсанд талархал илэрхийлэв.

 

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар цахим уулзалт хийлээ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны үед анхаарах асуудлаар цахим уулзалтыг /2021-5-20/ зохион байгууллаа.

 

Уулзалтад төрийн холбогдох байгууллагууд, сонгуульд нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногт эхлэх гэж байгаатай холбогдуулан сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад анхаарлаа хандуулахын сацуу сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдод мэдээ, мэдээллийг хүргэхдээ үнэн бодит, тэнцвэртэй байх зарчмыг баримтлан ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтад Үндэсний аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож сонгуулийн сурталчилгаа явуулахад анхаарвал зохих асуудлууд тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрөгдсөн ямар арга хэлбэрүүд байгаа, сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчил, гомдол хэрхэн гаргах, маргаан үүсгэх, түүнийг шалган шийдвэрлэх харьяалал, баримтлах журам, радио, телевиз болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа хэрхэн явуулах зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийлээ.

Түүнчлэн сонгуулийн зардал, тайлан гаргахад мөрдөх журмын талаар аудитын байгууллагаас мэдээлэл өгч намуудын төлөөллөөс сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгсөн юм.

 

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!