Амжилт Амьдрал Мэдээ Папараци Фото мэдээ ЯРИЛЦЛАГА

Зураач Х.Эрдэнэ-Очир: Хүмүүсийн сэтгэл хөнгөн байгаасай, аз жаргал мэдэрч, мэлмий, оюун ухаанаа түр зуур ч гэсэн баясгаасай гэж уран бүтээлээ туурвидаг

МҮЭ-ийн 80 жилийн ойг тохиолдуулан Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1989-1992 онд суралцаж төгссөн төгсөгчдийн “Classmates art-30” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн “Монгол арт” галерейд толилуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 14-23-ны хооронд үргэлжлэх  бөгөөд төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор гадаад, дотоод, орон нутаг, нийслэлээс нийлсэн 20 гаруй уран бүтээлч өөрсдийн бүтээлээ үзэгч түмэндээ хүргэж байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, энэ төгсөлтийн хамт олноос Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хоёр төрөн гарсан бол төрийн дээд одон медалиар шагнуулж, төрдөө үнэлүүлж яваа олон уран бүтээлч байдаг юм билээ.

Ингээд үзэсгэлэнгийн үеэр зураач Х.Эрдэнэ-Очиртой ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Та энэхүү үзэсгэлэнд ямар бүтээлээр оролцож байна вэ?

-Юуны өмнө төгсөлтийнхөндөө 30 жилийн ойн мэндийг хүргэе. Миний бие энэ үзэсгэлэнд  таван уран бүтээлээр оролцож байна. Дөрвөн абстракт, нэг реалист уран зургаараа оролцож байна. Тухайлбал, нэг зургаа тайлбарлахад орчин үеийн абстракт чиглэлээр зурсан амар амгалан, зөөлөн дулаан байдлыг дүрсэлсэн. Төсөөлөх юм бол, гүн цээлийн ус байдаг даа. Түүн рүү юм шидэхэд доошоо зөөлөн унаад явдаг тэр агшныг бодож зурсан зураг. Энэ үзэсгэлэнд 25 уран бүтээлчийн уран бүтээл дэлгэгдсэн.

-Энэ 25 уран бүтээлч бүгд өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа байх. Тантай адил чиглэлээр зурж буй уран бүтээлч бий юу?

-Ер нь бол манай дүрслэх урлагийн салбарт сүүлийн үед абстракт чиглэлээр олон уран бүтээлч зурж байна. Манай төгсөлтөөс л гэхэд надаас гадна абстракт чиглэлээр зурдаг Урангоо найз маань байна. Уран бүтээлүүд нь үзэсгэлэнд тавигдсан.

-Та бүхэн төдийгөөс өдий хүртэл 30 гаруй жил уран бүтээлээ туурвиж иржээ. Цаг хугацаа дагаад үнэ цэн, туршлага бий болсон байх?

-Тийм ээ, Бид 30 жил уран бүтээлээ хийсээр өдий зэрэгт хүрч байна. Мэргэжлийн уран бүтээлч, сайн уран бүтээлч болно гэдэг нь тэр хүнээс нэгдүгээрт, авьяас шаардана. Хоёрдугаарт, маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардана. Тийм болохоор бид сургууль төгссөнөөс хойш уран бүтээлээ хийсээр байгаад үндсэндээ 25, 26 жил тууштай хөдөлмөрлөж явсны дараагаар энэ уран бүтээл бий болж төрж байгаа юм. Тэгэхээр үнэ цэнд оршиж байгаа гэсэн үг. Түүнээс биш сургууль төгсчихлөө гээд л будаг, бийр авч суугаад уран бүтээлийг төдийлөн гаргачихдаггүй. Яах вэ, маш ховор авьяастай хүмүүс аугаа уран бүтээлийг хийдэг л байх. Гэхдээ тэр бүр амархан бий болчихдоггүй. Хөдөлмөр зүтгэл, цаг хугацаа шаардсан ажил байдаг.

Манай төгсөлтөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн хоёр төрсөн. Орчин цагийн чулууны сийлбэрийн урлагийг түүчээлэн хөгжүүлж яваа уран бүтээлч Ц.Энхтайван гэж залуу байна. Бас Т.Ганхуяг гээд УДЭТ-ын зураач байна. Нэлээд олон Соёлын тэргүүний ажилтан, дүрслэх урлагийн салбарт маш том хувь нэмэр оруулж яваа уран бүтээлч байна. Энэ бүгдээрээ маш их бахархаж сууна даа.

-Мундаг уран бүтээлчид төрөн гарчээ. Ингэхэд тодорхой сэдэв дагнаад зурдаг зураач нар байдаг. Таны хувьд ер нь сэдэв дагнаж байна уу?

-Дагнасан сэдэв байхгүй. Ерөнхийдөө орчин үеийн урлаг абстракт чиглэлээр зурдаг. Гэхдээ абстракт чиглэлээр зурахдаа бүх л төрлийн сэдвийг хамааруулж уран бүтээлээ туурвидаг. Юуг ч хамааруулж болно. Абстракт чиглэл бол сэтгэлгээний хувьд хязгааргүй. Орчин үеийн сэтгэлгээний хамгийн өргөн хүрээтэй чиглэл. Дэлхийн уран бүтээлчид хүртэл энэ чиглэлээр олон уран бүтээл туурвиж байна. Их хөгжиж байгаа чиглэл.

-Үзэсгэлэн үзэж байгаад таны “Далийн ягаан” зургийг харсан л даа. “Далийн ягаан” гэсэн нэртэй хэрнээ морь байх юм?

-Далийн ягаан цэцэг нь ерөнхийдөө ягаан өнгөтэй яргуй цэцэг байдаг. Монголчууд маань сэтгэлгээний хувьд далийн ягаан хавар нахиалах үед нь дэргэд нь суухаар эрүүл мэндэд сайн, хэтэрвэл асуудалтай, мансуураад унадаг гэдэг. Үндсэндээ тэр цэцэгнээс гарч байгаа байгалийн нэг тийм гоё энерги тухайн хүний муу муухай юмыг аваад байна аа даа. Сайн сайхан энерги, хүч өгч байна. Өөрөө гоё үзэсгэлэнтэй ягаан өнгөтэй. Ягаан өнгө өөрөө маш гоё эмэгтэйлэг, эмэгтэйчүүдийг дурлуулдаг өнгө. Тийм болохоор энэ зургаа ягаан өнгөөр зураад “Далийн ягаан” гэж нэрлэсэн. Гэхдээ энэ цэцгийг бодитоор зураагүй абстракт чиглэлээр зурахаараа тэр сууж байгаа хүнийг нь эмэгтэй хүн гэж төсөөлөхөөсөө илүүтэйгээр монгол сэтгэлгээгээ оруулаад монголчуудын хийморь сүлдэнд байдаг морийг сонгон авсан. Хоёр морийг дүрсэлсэн. Цаад талын морь нь цайвар ягаан, эмэгтэйлэг өнгө байгаа биз. Тэр нь эмэгтэй хүнийг төлөөлж байгаа юм.

-Гайхалтай өнгөлөг, аз жаргал, амар тайвныг мэдрүүлсэн бүтээл болжээ. Өнөөдрийг хүртэл уран бүтээл туурвихдаа хүмүүст голчлон юуг хүргэхийг зорьж ирсэн бэ?

-Миний уран бүтээлдээ баримталдаг гол зарчим бол эрүүл энх, аз жаргал, эерэг бүхнийг энэ нийгэмд, хүмүүст хүргэе гэж чармайдаг. Уран бүтээлчдийн өөр өөрсдийн уран бүтээл янз бүр байдаг. Зарим нь их бараан өнгөтэй зурдаг. Гунигтай, бусдад бодол төрүүлэхээр ч юм уу. Гэхдээ тэр уран бүтээлч тэр өнгөөрөө өөрийн үзэл бодол, өөрийн ертөнцийг хүмүүст таниулахыг илэрхийлдэг.

Миний хувь хүний онцлог бол, нийгэмд гэгээлэг байя, аз жаргалтай өнгийг түгээе гэж хичээдэг. Тухайн хүн миний зурсан зургийг хараад гунигт автахгүй, сэтгэлийн хөнгөн баярыг эдлээд байгаасай гэж гоё хурц, тод өнгийг сонгодог. Дандаа сайн сайхныг бодож бэлгэдэж, зурдаг нь миний онцлог. Үндсэндээ бүгдээрээ гэрэл гэгээтэй байя, байгаадаа сэтгэл хангалуун байя, сайхан байя гэсэн мессэжийг л хүргэхийг хүсдэг.

-Жүжигчин бүр түүхэн дүрд тоглох юмсан гэсэн хүсэлтэй байдаг гэдэг дээ. Тэгвэл зураач хүнд зурахыг хүсдэг зураг гэж байдаг болов уу?

-Би өөрийнхөө хэмжээнд уран бүтээлээ хийе, түүгээрээ дамжуулж хүмүүст аз жаргал, гэрэл гэгээ, сайн сайхныг бэлэглэе гэж хүсдэг. Мэдээж хүн бүрт дэлхийд алдартай уран бүтээлч болох юмсан гэсэн мөрөөдөл байхыг үгүйсгэхгүй. Харин миний хувьд, тийм зүйлд автаж уран бүтээл туурвидаггүй. Өөрөө өөртөө зориулж уран бүтээл хийдэг. Ингэхдээ дээр хэлсэнчлэн өөртөө зориулсан уран бүтээлээрээ хүмүүст сайн сайхныг бэлэглэх юмсан, миний уран бүтээлийг үзээд хүмүүсийн сэтгэл нь хөнгөн байгаасай, аз жаргал мэдрээсэй, өнгөний таашаал аваасай, нүд мэлмий, оюун ухаанаа түр зуур ч гэсэн баясгаасай гэсэн үүднээс уран бүтээлээ туурвидаг.

-Хүмүүсийг аз жаргалтай болгох гэж уран бүтээл туурвидаг та өөрөө юунаас аз жаргал мэдэрч байна вэ?

-Миний аз жаргал их энгийн. Би тансаг амьдрал, хөрөнгө мөнгө, агуу бүтээлээс таашаал авдаггүй. Ядарсан хүнд хэн нэгэн тус болох, эгэл жирийн амьдрал гэх зэрэг. Үүнийг харах өнцөг чухал, маш гоё мэдэрч чадах юм бол бидний амьдралд өдөр тутамд гоё зүйл, аз жаргал, гэгээлэг бүхэн байдаг. Хамгийн гол нь ертөнцөөс гэгээлэг зүйлийг л олж харах хэрэгтэй. Хүн нэг л амьдарна, гоё зүйлийг харж амьдрах хэрэгтэй. Гэхдээ хорвоо ертөнц, нийгэм хоёр талтай. Сайн ч байна, саар ч байна.

Эерэг, сөрөг байдаг шиг хорвоогийн амьдралд жаргал, зовлон ээлжилдэг. Бүх зүйл хоёр талтай. Тиймээс бид муухай зүйлээс аль болох татгалзаж, гэрэл гэгээтэйг харж, мэдрээсэй гэж хүсдэг. Бид жижигхээн зүйлээс гэрэл гэгээ, аз жаргал мэдрэх боломжтой. Үүнийг уран бүтээлч хүн мэдэрдэг, хардаг байх ёстой. Үүндээ үндэслэж уран бүтээлээ туурвидаг.

-Яруу найрагчид онгод орохоороо шүлэг бичдэг шиг зураач нар ямар үедээ зурдаг бол. Таныг бийр бариад суухад хүргэдэг зүйл яг юу юм бол?

-Уран бүтээлчдэд онгод гэж бас байна. Зарим нь гуниглахаараа чимээгүй орчинд суугаад бодоод санаа сэдэв ордог. Нөгөө хэсэг нь аз жаргалтай үедээ зурж байна. Харин миний хувьд аль болох амар амгалан, аливаа зүйлд санаа зовохгүй, баясалтай үедээ тэр сэтгэлээрээ уран бүтээлээ хийх хүсэл төрдөг. Тийм үедээ урландаа очоод үнэхээр кайфтай, жаргалтайгаар зурдаг. Тийм үедээ зурсан уран бүтээл маань ч хүмүүст их хүрдэг. Уран бүтээлчдэд маань ч их таалагддаг.

Мэдээж уран бүтээлчид байгальд гараад этюд хийдэг. Энэ нь нэг ёсондоо тухайн агшныг яг тэр чигт нь тэмдэглэж авч байгаа юм. Яг тэр гоё орчныг яг тэр агшинд нь тэмдэглэмээр санагддаг. Яруу найрагчид хоёр мөр орж ирэхэд бичиж авдагтай л адилхан гэсэн үг. Тэр гоё эмоцио шингээж ирээд дараа нь урландаа баяжуулаад гоё уран бүтээл бий болдог гэсэн үг.

-Та зураач болно гэх мэдрэмжийг хаанаас хэрхэн олсон бэ?

-Бага насандаа би юмыг их гоёор төсөөлж ярьдаг байсан гэнэ лээ. Ингээд сургуульд ороод зураг зураад түүнийгээ их тайлбарладаг байлаа. Тэгэнгүүт манай өвөө, ээж хоёр маань “Энэ сайн зураач болж магадгүй. Эсвэл философич болж магадгүй” гэж хоорондоо ярьдаг байсан гэсэн. Харин зураг тал руугаа нэлээд давамгай хөгжүүлж яваад наймдугаар ангид байхад Дүрслэх урлагийн дунд сургуулийн хуваарь ирэхэд нь зураг зурж шалгуултал тэнцээд зураач болох хүсэл маань бүр их оргилсон. Ингэж уран бүтээлийн замд хөл тавьсан түүхтэй. Манай гэрийнхэнд зураач байхгүй ч урлагийн талын хүмүүс нэлээд бий. Эмээ маань гарын уртай хүн байсан, миний хувьд зураг тал нь илүү хөгжсөн санагддаг.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.

 

 

 

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!