Удахгүй ес эхэлнэ. Өвлийн хүйтэнд автобус хүлээнэ гэдэг нийслэлчүүдийн хувьд үнэхээр том бэрхшээл. Нийтийн тээврийн хүчин чадал хүрдэггүй юу, аль эсвэл замын түгжрэлээс хамаарч зарим чиглэлийн автобусыг 30 минутаас нэг цаг хүлээж байна.
Энэ асуудлыг бид өчигдөр сурвалжиллаа. Зурагтын шинэ эцсийн автобусны буудалд очиход иргэд зорчих автобусаа хүлээж, удаан хүлээсэн нэг нь цухалдсан байдалтай байв. Харин хүүхэд багачууд даарч, ээж аав нь “Автобус ирэх болж байна уу” гэдгийг гар утаснаасаа хараад зогсож байлаа. Энэ бол Улаанбаатар хотын автобусны зогсоолболгонд байдаг дүр зураг. Зарим автобус зорчигч нь дүүрчихээр буудал дээр зогсохгүй шууд явдаг. Автобусандаа сууж чадаагүй иргэд дараачийнхийг нь хүлээдэг. Дараагийн автобус ирэхэд хүмүүс дахиад л багталцахгүй бужигнаж, жолооч “Хойшоо яваад өг. Зай харагдаад л байна. Хүн бүр л ажилдаа явах гээд яарч байгаа шүү дээ. Одоо хоёрхон хүн” гэсээр арай чүү чихэж оруулаад хаалгаа хааж чадахгүй хөдөлж байна.
Автобусны буудалдээр зогсож байсан иргэд автобус оройтож ирснээс ажлаасаа хоцрох, даарах, тэр ч байтугай осгох шахаж байгаагаа хэлж байв. Ямар нэгэн аргаар багтаж суухгүй л бол дараагийн автобусыг хүлээх шаардлагатай болдог гэдгийг ч хэлж байна.
Зорчигчдоос нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмжийнталаар тодруулахад Өглөө оройн цагаар үнэхээр хэцүү байна. Зурагтын шинэ эцсийн автобусны буудал дээр Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Яармаг, Хороолол чиглэлийн автобуснууд явдаг боловч бүгд ирдэггүй. Удаан хүлээдэг. Өглөө гэрээс 7 цагт гаргахгүй бол автобусандаа сууж чадахгүй. “Баруунсалаа-Халдварт” чиглэлийн автобус барагтай бол ирэхгүй. Ирсэн автобусанд багтаж сууж чадахгүй. Иймээс гэрээсээ эрт гарч ажилдаа явдаг. Одоо өвлийн улирал болж байгаа юм чинь нийтийн тээврийн автобусаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.