Саяхан л эхнэрээ арын хаалгаар ковидын тасаг руу оруулж, эрхлүүллээ хэмээгдэж байсан С.Амарсайханы ах Онцгой байдлын хоригийг зөрчин түмнийг нэг дор цуглуулсан хэрэг мандаалаа. Улсын Онцгой Комисс шууд Шадар сайдын мэдлийн хүрээнд ажилладаг байхад С.Амарсайханы ах дүүгийнхээ ажлыг ийнхүү үгүйсгэлээ. Мэдээж энэ том арга хэмжээ болох гэж буйг С.Амарсайхан мэдсэн л байж таарна. Тийм байтал зоригтойгоор гал өрнүүлсэн нь С.Амарсайханы давруу байдлыг илтгэж байна. Манайхаас өөр улсад бол дарга нарыг даврахаас нь өмнө зайлуулдаг.
Ямартай ч Камертон хамтлагийн тоглолт хийсэн Зайсан Хилл цогцолборын эзэн компани “Собт Трейд” ХХК-ийн талаарх шүүмжлэл өдгөө газар авав. Харин уг компанийн албан ёсны хаяг нь Оюуны ундраа группийн байранд байрладаг. Үүсгэн байгуулагч нь Сайнбуянгийн Ганбат буюу С.Амарсайханы ах. Түүний хувьд нэлээд хэдэн компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч. Түүгээр ч зогсохгүй “Собт трейд” ХХК нь Зайсан толгойн эргэн тойронд хэд хэдэн газар эзэмшдэг. Шадар сайд нь ийм цагаандаа гарсан зайран байхад Засгийн газар толгойг нь илсээр байгаад олон нийт гайхшаа барж байна. Тодруулбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жижигхэн жараахайнуудаар туг тахих мэдэгдэл хийсэн. Тэрбээр, НОК-ын дарга Д.Сумъяабазар, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан нарт хариуцлага алдсан албан тушаалтнуудад “хариуцлага тооц” гэж үүрэгдсэн. Тэгэхээр онцгой нөхцөл байдалд УОК, НОК-ийг удирдаж буй Д.Сумъабазар, С.Амарсайхан нар биш хурган дарга нараар туг тахиад өнгөрнө гэсэн мессеж уншигдаж байна. Ямартай ч Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.