Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монголд ГУРВАН эмэгтэй тутмын НЭГ нь хүчирхийлэлд өртсөн байдаг

Монголын жендерийн асуудал, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тухай “Foreignpolicy” сайтад гарсан нийтлэлээс товчлон хүргэж байна


Ханцуйгүй хар даашинз өмсөж, хүрэн бор  өнгөтэй үсээ толгойныхоо хойд хэсэгт нямбайлан хавчсан эмэгтэй (Түүнийг цаашид Солонго гэе) Улаанбаатар хотын төвд байрлах нэгэн оффист цай уунгаа түүнийг 18 настай байхад нь тохиолдсон нэгэн явдлын талаар бидэнтэй хуваалцлаа.

Бүрэнхий тасрах үед хотын төвөөс хойд зүгт орших гэр рүүгээ  алхаж явсан түүнийг үл таних эр “Дуу гаргавал ална” хэмээн заналхийлэн хүчирхийлжээ. Одоо 38 настай Солонго энэ талаар хэнд ч хэлээгүй бөгөөд 20 жилийн турш нууцалжээ. Тэрбээр автобусанд суухын оронд харанхуй гудмаар ганцаараа явсандаа өөрийгөө л буруутгадаг.

Монгол эмэгтэйчүүдийн дунд хүчирхийлэгчийг бус өөрийгөө буруутгах хандлага ажиглагддаг. Солонго нууцаа зөвхөн өөртөө олон жил хадгалсны эцэст болсон явдлын талаар нөхөртөө  цухас ярихад нөхөр нь түүнийг орхижээ. Ингээд тэрбээр 8, 11 настай хоёр хүүхэдтэй, ажилгүй ганц бие ээж болж хувирсан байна.

НҮБ-ын Хүн амын сангаас 2017 онд 3.1 сая гаруй хүн амтай Монгол Улсын хэмжээнд жендэрт суурилсан хүчирхийллийн талаар анх удаа судалгаа хийсэн байдаг. Уг судалгааны дүн Монгол Улс бэлгийн хүчирхийллээр Ази тивд дээгүүрт орж байгааг харуулсан юм. Гурван монгол эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Монгол эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай газар нь гэр нь. Түүнчлэн тус улсад 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртдөг тухай судалгаа бий. Далайд гарцгүй, мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг тус  орны хөдөө амьдардаг эмэгтэйчүүдийн бараг нэг хувь нь нөхөртөө болон хамтран амьдрагчдаа  мориор хөөлгөж, ташуурдуулж байсан гэнэ. Тус улсын УИХ-ын гишүүн асан  Гантулга 25 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан огцорсны дараа Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах олон улсын хөдөлгөөний нэг хэсэг болох #HeForShe аяныг эхлүүлж байсан билээ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллагууд “Монголын  нийгэмд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг буруутгах хандлага их байдаг. Гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл хамгийн өндөр” гэдгийг онцолжээ.

Монгол Улсын Засгийн газрын кибер аюулгүй байдал, бодлого, мэдээллийн дүн шинжилгээний ахлах шинжээчээр ажиллаж байсан Жутмаагийн Янжмаа “Монгол Улс 2017 он хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан” тухай ярьлаа. Тэрбээр Улаанбаатар хотоос зүүн тийш 30 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойролцоо хүчирхийлэлд өртсөн хүмүүст зөвлөгөө өгөх төв ажилуулдаг. Уг төв  хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс гадна байрлуулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг юм. 2017 оноос хойш НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр тус улс даяар  хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах хэд хэдэн байр барьсан. 15 дахь нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээгдсэн. Гэхдээ ийм төвүүд одоо ч хүрэлцэхгүй хэвээр байгаа юм.

НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тайланг нэгтгэхэд хамтарч ажилласан Монголын үндэсний статистикийн хорооны дарга асан Аюушийн Ариунзаяа “Монгол Улсад зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулж, боловсролтой болгоход анхаарахаас гадна хөвгүүд, залуустай тулж ажиллах цаг болсон. Эцэг эхчүүд охидуудтайгаа илүү их цагийг өнгөрүүлж, тэдэнд анхаарлаа хандуулдаг. Харин хөвгүүдэд бага анхаарал хандуулж, хатуу шийтгэдэг. Хөвгүүд уйлах ёсгүй. Хүчтэй байх ёстой гэдэг. Энэ нь эрэгтэй хүүхдүүдэд хүчирхийлэл үйлдэх замыг нээж өгдөг. Түүнчлэн монголчууд “Нэр хугарахаар яс хугар” хэмээдэг учир гэр бүлийн нэр хүндээ хамгаалахын тулд хүчирхийлэгчийг нуух тохиолдол их байдаг” хэмээв.

Өөр нэг асуудал бол хайхрамжгүй байдал, ялангуяа хөдөө орон нутагт энэ байдал хамгийн их ажиглагддаг. Хөдөө орон нутагт эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэрт нь ганцааранг орхих тохиолдол олон байдаг.

Нидерландын санхүүжилтээр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг асрамжийн газрыг хариуцан ажиллуулдаг Хишигдоржийн Гэрэлтуяа тус төвд байгаа бараг бүх охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол хөвгүүдийн 75 орчим хувь нь бие махбодийн хүчирхийлэлд өртсөн талаар ярьлаа. Тэрбээр “Ээж, эмээтэйгээ амьдардаг найман настай охин манайд ирсэн. Тэр аль хэдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байсан. Ээж нь архинаас хамааралтай бөгөөд түүнийг огт хайхардаггүй байсан” гэв. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Улаанбаатарт нэг хоргодох байр ажиллуулдаг. Эмэгтэйчүүд, тэдний гэр бүл гурав хүртэлх сар тус төвд байрлах боломжтой бол хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд хэдхэн хоног л байрладаг. Засгийн газраас хамгаалах байруудыг санхүүжүүлдэггүй тул Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь Орегонд байрладаг христийн ашгийн бус Холт Интернэйшнлд хандаж, санхүүжилт хүссэн.

2010 онд Монгол Улс тус улсын баруун хэсэгт уул уурхайн олборлолт өрнөж эхэлснээс хойш эдийн засгийн байдал нь огцом өөрчлөгдөж эхэлсэн. Хятадын коксжих нүүрсний хэрэгцээ өссөний ачаар энэ оны эхний улиралд Монголын нүүрсний экспорт 15 хувиар л өссөн байна. Гэсэн хэдий ч тус улсын нийт хүн амын 30 орчим хувь нь ядуу амьдарч байгаагийн олонх нь хүн ам ихтэй Улаанбаатарт суурьшиж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

АН-аас жагсаалтаар 6-д бичигдсэн Жудагийн Баярмаа гэж хэн бэ?

uuganaa90

Татварын тогтолцоог шинэчлэх Шараагийн Отгонтуяа Хүн намаас нэр дэвшлээ

uuganaa90

Мисс Ё.Нямжав:Алдана гэж зорьж амьдрал зохиодоггүй, таамагладаг ч үгүй юм

uuganaa90

ШИНЖЭЭЧ: “Тэнүүн-Огоо” ХХК дансан дахь санхүүжилтийн үлдэгдэл мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ

uuganaa90

Д.Сумъябазар ногоон автобусны сонсголоос зугтсаар дуусгах уу?

uuganaa90

ТАНИЛЦ: МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс 

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!