Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Шинэ Ерөнхийлөгч УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан дараах журмын дагуу тангараг өргөх юм.

Нэг. Тангараг өргөх ёслолын бэлтгэл

1.Төрийн ордны Их танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний дэргэд баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна.

Их танхимын тайзны баруун гар талд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны зүүн гар талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны голд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.

2.Их танхимын тайзны голд байрлуулсан индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх тавьсан байна.

З.Тангаргын хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг” гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд “Алтан соёмбо” үсэг зурж, нөгөө нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргыг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.

5.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байна.

Хоёр. Тангараг өргөх ёслол

6.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэнэ.

 

7.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж, журмын Нэгийн 1 дэх заалтад заасан ширээний ард зогсоно. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч ийнхүү хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.

 

Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.

 

8.Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.

 

9.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална.

 

10.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тайзнаа хүрэлцэн ирж өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.

 

11.Бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон Ерөнхийлөгчийн оронд сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ журмын Хоёрын 9 дэх заалтад заасны дагуу гардуулан өгнө.

 

12.Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж энэ журамд заасны дагуу тангараг өргөнө.

 

Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд ажил хүлээлцэх, Төрийн тамгыг гардуулах ёслол үйлдэхгүй.

 

13.Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

 

14.Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.

 

Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.

 

15.Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.

 

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.

 

16.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөсөн даруйдаа ҮАБЗ-ийг хуралдуулж, долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим халамж, хөнгөлөлтийг долоодугаар сарын 1-нд бүр мөсөн зогсоох гэж байна гэсэн ташаа мэдээлэл явж байна. Цаг үеийн нөхцөл байдлаа үнэлээд хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр гэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Засгийн газрын 100 хоногийн үеэр Ерөнхий сайд хэлж байсан. Шинээр бүрдэж байгаа ҮАБЗ-ийн хамгийн эхний хуралдаанаар эдгээр хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр болсон” хэмээн мэдэгдэж байлаа. Үүний дагуу шинээр бүрдэж байгаа ҮАБЗ өнөөдөр анхны хуралдаанаа хийж дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!