Төрийн албаны дарга нар өндөр үнэтэй автомашины тендерээ тун зальжин нэрлэдэг болсон. Шууд “Ланд 200” эсвэл “лексус 570” гэх нь хараанд өртөх тул эхлээд “Ланд 200-тай дүйцэхүйц” гэдэг байв. Дараа нь “туулах чадвар сайтай автомашин” гэдэг болсон. Сүүлдээ улаан цагаандаа гараад “ердөө ганцхан машин ч дээ, авмаар байна ш дээ” гэдэг болсон нь МХБ-ийн зарласан 150 сая төгрөгийн өртөгтэй тендерээс харж болно. Х.Алтай захирлын “ердөө ганцхан ч дээ” гээд дайраад байгаа машин нь 2020 оноос хойш үйлдвэрлэгдсэн, шинэ, өнгө нь хар дээр цагт 240 км хүртэл хурдалдаг тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй төмөр хүлэг болж таарч байна. Энэ эрхэм цахим сүлжээнд их идэвхтэй агаад төрийн өмчит хувьцаат компаниудын засаглал, ашигт ажиллагааны талаар гайгүй эерэг зүйл “жиргэж” харагддаг. Гэсэн ч ачир дээрээ бас л “тансаглах” дуртай, нөгөөдүүлийнхээ “өрөөсөн” дугуй бололтой.