АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоосон, УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хурлаар ямар асуудал шийдэж буй талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Ганибал мэдээлэл өгөв.
Тэрбээр “Тавдугаар сарын 11-нд ажлын хэсэг байгуулагдсан. АН-аас гурван гишүүн, МАН-аас гурван гишүүн. Эхний уулзалтаар ямар санал дүгнэлт гаргах юм бэ, ямар эрхзүйн баримт бичиг болох юм бэ гэдгээ хэлэлцсэн. Тавдугаар сарын 17-нд хоёр дахь хурлаа хийсэн. Хурлаар АН-аас тодорхой мэдээллүүд гаргаж өгөөд, нэгдсэн байр суурьтай болох хурал болсон. Дараагийн асуудал бол таван асуудлаар ажиллана.
- УБЕГ АН-ын хуурамч тамга, тэмдэг гаргаж өгсөн асуудалд холбогдох хүмүүстэй уулзаж, санал дүгнэлт гаргах
- Дээд шүүхийн тамгын газраас АН-ын талаар лавлагаа гаргаж өгсөн. Хууль ёсны мөн үү, биш үү гэдгийг хянана.
- СЕХ бүртгэлийн процессоо хуулийн дагуу хийж үү гэдэг дээр хяналт тавина.
- Албан тушаалтнууд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудлуудыг АТГ-т өгсөн. Хэрхэн шалгаж байгаа процесыг хянана.
- Маргаашийн дотор дээрх байгууллагуудаас хариу тайлбар ирүүлэх хугацаатай албан даалгавар өгсөн. Ингээд хариу ирэхээр холбогдох албан тушаалтнуудыг ажлын хэсгийн хурал дээр дуудаж, хуралдах процесс явагдана” гэв.