Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Оюу Толгойн асуудлаарх Түр хороо ажлын хэсэг байгууллаа

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өнөөдөр /2021.04.28/-ийн хуралдаан 14 цаг 47 минутад 75 хувийн ирцтэй эхлэв.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуралдаанаар Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Гишүүд Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Түр хорооноос Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн талаар дурьдаад, тэр дундаа “Оюу Толгой” ХХК–ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Лондонгийн Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах чиглэлийн дагуу Засгийн газар сөрөг нэхэмжлэлийг гаргасан уу гэдгийг тодруулав.

Дээрх асуултад Түр хорооны дарга Ц.Даваасүрэн сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн, дараагийн процессийн талаар эргэж мэдэгдэнэ гэж Засгийн газраас мэдээлэл ирүүлсэн хэмээн хариуллаа.

Ингээд хэлэлцэх асуудалдаа орж, Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, С.Ганбаатар говийн бүсийн усны нөөцийн судалгааны талаар тодруулж, хариулт авсан бол Х.Болорчулуун Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж санал хэллээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг томилох санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдэд П.Анужин, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ нарыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад мөн гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж буй төслийг танилцууллаа. Ингээд Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!