С.АМАРСАЙХАН БОЛОН АХ НАРЫНХ НЬ ЗАЛЬ БУЮУ ТЭД “ОЮУНЫ УНДРАА ГРУПП” ХХК-ИЙНХАА АЖИЛЧДЫН НЭРИЙГ АШИГЛАЖ, ХАУС ХОТХОН, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРЬЖ БАЙНА
“Оюуны ундраа групп”-ийн эзэд болох С.Отгонбаяр, С.Уламбаяр, С.Ганбат, С.Амарсайхан нар эхлээд Зайсан толгойн бэлд “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр”, “Зайсан виста” гэх тансаг зэрэглэлийн орон сууц, оффисуудыг босгосон. Дараа нь, тэд Их тэнгэрийн ам, Маршалын гүүрний хажууд Туулын эрэгт 4.0 га газар авч, 32 айлын тансаг зэрэглэлийн хотхон барьж эхэлсэн ч нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч, аргагүйн эрхэнд ажлаа зогсоосон. Энэ хотхоныг барихын тулд Туулын голын эргийн 14 мянган бургасыг хядаж, байгаль орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож, хэрэг нь шүүхэд шилжсэн ч шийдэгдэхгүй өнөөг хүрч байна. Харамсалтай нь, тэд тусгай хамгаалалттай газарт хотхон, хороолол барьж, халаасаа түнтийлгэх нь хориотой гэдгийг одоо ч ойлгоогүй байгаа бололтой, “Зайсан скуэр” худалдааны төвийн зүүн хойл талд залгуулан, Туулын эрэгт тулгаж “Z residence” гэх тансаг зэрэглэлийн 16 давхар, 125 айлын 2 блок хотхон барихаар захиалгаа авч байгаа юм байна.
Тайлбар: Туул голын эрэгт баригдах “Z residence” хотхоны танилцуулга зураг
Тэгвэл “Оюуны ундраа групп”-ийн ах дүүс сүүлийн үед хотхон, хорооллын бизнесээ хэл амгүйгээр буюу өөрсдөд нь хамааралгүй харагдах хүмүүсээр хийлгэх шалгарсан аргатай болжээ. Тодруулбал,тэд С.Амарсайханыгаа НИТХ-ын дарга, Хотын дарга байх үед “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК, “ЮКО” ХХК, “Ломекс” ХХК гэх компаниудын нэр дээр хэд хэдэн байршил газар авсан. Улмаар тухайн компаниудаа өөрсдөд нь хамааралгүй харагдах, хэний ч танихгүй хүмүүсийн нэр дээр шилжүүлж, тэднээр дамжуулан хотхон, хорооллын бизнесээ үргэлжлүүлдэг болжээ.
1. “Юко” ХХК-ийг “Оюуны ундраа групп” ХХК эзэмшиж байгаад 2019 онд Усны-Эхийн Доржнямбуу гэгчид шилжүүлсэн. Одоо тус компани “Оюуны ундраа групп” ХХК-тай огт хамааралгүй харагддаг. Тус компани ХУД-ийн 11-р хороо буюу Зайсангийн аманд 4.9 га газартай. Тус газар дээрээ энэ хавраас 2-6 давхар, 10 блок бүхий хотхон барихаар сууриа ухаад эхэлж байгаа. Гэтэл “Юко” ХХК-ийг эзэмшигч У.Доржнямбуу гэгч нь “Оюуны Ундраа групп” ХХК-д Ахлах няраваар ажилладаг ажээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Оюуны ундраа групп” ХХК-ийн шинэ жилийн цэнгүүний үеэр У.Доржнямбууг сайн ажилласан гэж орон сууцаар шагнасан аж. Өөрөөр хэлбэл, С.Амарсайхан болон ах нар нь “Юко” ХХК-ийг ахлах няравынхаа нэр дээр шилжүүлж, түүгээр дамжуулан Зайсангийн аманд дахин нэг хаус хороолол босгохоор бэлтгэл хангаад байна гэсэн үг.
Тайлбар: Зайсангийн аманд 10 хаус бүхий хотхон барих гэж буй “Юко” ХХК-ийн бүртгэл
Тайлбар: “Юко” ХХК-ийг эзэмшигч буюу “Оюуны ундраа групп” ХХК-ийн Ахлах нярав У.Доржнямбуу
2. “Ломекс” ХХК-ийг “Оюуны ундраа групп” ХХК эзэмшиж байгаад 2020 онд Захъяагийн Банзрагч гэгчид шилжүүлсэн. “Ломекс” ХХК нь БЗД-ийн 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард 1.0 га газартай. Тус газар дээрээ 10 давхар, есөн блок бүхий “Ботаник центр” гэх орон сууцны хотхоныг барьсан. Гэтэл “Ломекс” ХХК-ийг эзэмшигч З.Банзрагч гэгч нь “Оюуны ундраа групп” ХХК-ийн Хангамжийн ажилтнаар ажилладаг ажээ. Улмаар “Ломекс” ХХК-ийг “Ботаник центр” хотхоныг барьж, борлуулаад дууссаны дараа буюу 2022 оны есдүгээр сард С.Амарсайхан өөрийн хүү А.Эрдэнэхүслэнг хувьцаа эзэмшигчээр, эхнэр Ч.Ичинхорлоогоо гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, С.Амарсайхан болон ах нар нь “Ботаник центр” хотхоныг баригдаж байх үед “Ломекс” ХХК-ийг Хангамжийн ажилтан З.Банзрагчийнхаа нэр дээр шилжүүлж, өөрсдөдөө хамааралгүй мэтээр харагдуулжээ. Харин “Ботаник центр” хотхоныг зарагдаж дууссаны дараа “Ломекс” ХХК-ийг С.Амарсайхан өөрийн хүү А.Эрдэнэхүслэнгийн нэр дээр шилжүүлж, буцааж авсан байна.
Тайлбар: “Ломекс” ХХК-ийн “Ботаник центр” хотхон
Тайлбар: “Ботаник центр” хотхоныг барьсан “Ломекс” ХХК-ийг эзэмшигч буюу “Оюуны ундраа групп” ХХК-ийн Хангамжийн ажилтан З.Банзрагч
3. “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийг С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад Бат-Оршихын Батмагнай, Далайхүүгийн Ганболд нарт шилжүүлсэн. Гэхдээ энэ компани одоог хүртэл дээр дурдсан “ЮКО” ХХК-ийн “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 203-69 тоот” гэх хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК одоог хүртэл “Оюуны ундраа групп” ХХК-ийн эзэмшилд хэвээр байгаа гэж харагдаж байгаа юм. Тэгвэл “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК нь Нүхтийн аманд 5.0 га газартай. Энэ газар дээрээ өнгөрсөн онд “Green art” хотхон, “Sunset house” хотхон гэх нийт 23 блок бүхий хоёр хотхоныг барьж, худалдсан. Мөн хувьцаа эзэмшигч Д.Ганболд нь “Авзага хийц” ХХК, “Моност инженеринг” ХХК-иудыг эзэмшдэг. “Моност хийц” ХХК нь Нүхтийн аманд 0.9 га газар авч, өнгөрсөн онд тансаг зэрэглэлийн “Nukht palace” хотхоныг барьсан. Харин “Авзага хийц” ХХК нь Яармагийн дэнжид “Хүннү тауэр” гэх орон сууц, үйлчилгээний барилга барьжээ.
Тайлбар: Нүхтийн аманд баригдсан “Green art” хотхон
Энэ мэтээр С.Амарсайхан болон ах нар нь хотхон, хороолол барьж, халаасаа түнтийлгэх бизнэсээ нийтийн нүднээс далд байлгахын тулд “Оюуны ундраа групп”-ийн ажилтнуудын нэрийг ашигладаг болжээ.
С.АМАРСАЙХАН ХОТЫГ УДИРДАЖ БАЙХДАА ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮ НАРЫГ ТӨРИЙН АЛБАНД ДАРГА, ТӨСЛИЙН УДИРДАГЧ БОЛГОЖЭЭ
Шадар сайд С.Амарсайхан хамаарал бүхий этгээдүүд, хамаатан саднаа төрийн алба, төслийн нэгжид дарга болгохдоо гаршиж байгаа ажээ.
Тодруулбал,
С.Амарсайхан хотын дарга болмогцоо Амаржаргалын Хүрэлбатыг НЗДТГ-ын “Нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн даргаар ажиллуулжээ. Гэтэл А.Хүрэлбат нь С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын “Ар богдын зам” ХХК, “Богдхан төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг буюу хамаарал бүхий этгээд нь ажээ.
Цаашилбал, Чимэддамбын Сүхбатыг Нийслэлийн үйлдвэрлэл, инновацын газрын Инновацын хэлтсийн даргаар томилж ажиллуулжээ. Гэтэл Ч.Сүхбат нь С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоогийн төрсөн дүү ажээ. Мөн эхнэрийнхээ төрсөн дүү Чимэддамбын Лхагвадуламыг “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн даргаар томилжээ. Хүргэн ахыгаа Хотын дарга байх үед ийнхүү хэлтсийн дарга, төслийн удирдагчаар ажилласан Ч.Сүхбат, Ч.Лхагвадулам өдгөө жуулчны бааз байгуулж, бизнест оржээ.
Тайлбар: С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо, түүний эгч Ч.Өлзийхишиг, дүү Ч.Сүхбат, Ч.Лхагвадулам нар
Харин С.Амарсайхан ах нарынхаа хүүхдүүдээс А.Анхбаярыг НИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн даргаар, Э.Буянтогтохыг Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт мэргэжилтнээр ажилд оруулжээ.
Сонирхуулахад, Төрийн өмчит “Эрдэнэс монгол” ХХК-д 88 орон тоонд ажилтан шалгаруулж авна гэж Засгийн газар өнгөрсөн өвөлжин “шоудсан”. Тус компанийн 88 ажлын байранд орохоор 800 гаруй залуучууд бүртгүүлж, шалгалт өгсөн. Тэднээс 700 гаруй нь ажилгүй хоцорсон гэсэн үг. Гэтэл С.Амарсайханы охин А.Дэлгэрмаа нь гадаадад төгсөж ирмэгцээ л “Эрдэнэс Монгол” ХХК-д “ногоон гэрэл”ээр ажилд оржээ.
Эцэст нь, “Авлига албан тушаалын хэрэгтнүүдтэй хатуу тэмцэнэ” гэж ард түмнээр алга ташуулахыг хичээж яваа Л.Оюун-Эрдэнэ эхлээд Ардын намынхаа, тэр тусмаа танхимынхаа С.Амарсайхантай хариуцлага ярихгүй бол “Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав” гэгч болох нь ээ.
Бид дараагийн дугаартаа С.Амарсайхан болон түүний ах нар уул уурхайн орд газруудыг эзэмшдэг болж, нүүрсний бизнест хүртэл хутгалдаж эхэлсэн баримтыг үргэлжлүүлэн хүргэх болно.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…