Шатахуун импортлогч цөөн хэдэн компани байдгийн нэг нь “Тод Петролиум”. Жижиглэнгийн худалдаа хийдэггүй уг байгууллага уул уурхай, зам тээврийн компаниудад шатахуун, дизель түлшээ шахдаг байна. Өдгөө таван жилийн ойгоо угтсан “Тод Петролиум” саяхан баяраа нижгэр тэмдэглэжээ. Есдүгээр сарын сүүлээр ойн баяраа “Скай Ресорт”-од тэмдэглэж, 200-250 хүний хүлээн авалт хийсэн юм. Өдрөөс өдөрт корона, дельта вирус УОК, эмнэлгүүдийн санааг чилээж, ачааллыг нэмж буй энэ үед “Тод Петролиум” ч хувь нэмрээ оруулсан гэхэд болно. Ингэхдээ мэдээж бодитой, үр дүнтэй, үерэг дэмжлэг бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн УОК-ийн шийдвэрийг зөрчин “том бэлэг” барьжээ. Үүнд MCS-ийн охин компани болох “Скай Ресорт” ч үүрэг рольтой оролцож, тэмдэглэх газар, үйл явцаар хангаад зогсохгүй “чимээгүйхэн найр наадмаа хийгээрэй” гэж намжирдсан байх юм.
Хөтлөгчөөр Ууганаа ажиллаж, хийлч Дээгий, гитарчин Өөжгий хүртэл түүгээр зочилж харагдсан. Циркийнхэн гадаа үзүүлбэр үзүүлж, бүжигчин охид зочдыг баясгажээ. Харин арга хэмжээг шоу цэнгээн зохион байгуулалтаараа алдаршаад буй “BRB” компани хөтөлсөн юм билээ. Хаяг шошго, хүлээн авалтын үйл явц янзтай сайхан болсон ч ковидоос хамгаалах зүйл тэнд огтхон ч байгаагүй. УОК-ийн ажлыг хүндэтгээд ядаж вакцин тариулсан бичигтэйгээ ирэхийг зочиддоо анхааруулаагүй төдийгүй сайхан цаг үеийг санагдуулам зочид нь хамаг байдгаараа ам, хамраа сул тавьсан нь харамсалтай.
“Тод Петролиум”-ын эзэн нь Ууганболд хэмээх залуу бий. Хэнтийгээс гаралтай уг залуугийн ард улстөрийн томчууд ч байдаг гэсэн зураглал байдаг. Хэнтий гэдэг утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг ч холбох нь бий. Тиймдээ ч уул уурхай, зам тээврийн салбарынханд шатахуунаа асуудалгүй шахаж, тэр хэмжээгээр овоо ашигтай ажилладаг гэгдэх юм билээ. Мөн түүнээс ч том асуудал байдаг төдийгүй тэдний хамтран ажилладаг байгууллагуудаас гомдол үе үе гардаг тухай бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Тэгэхээр ганц “Зайсан Хилл” ч биш, энд тэнд найр наадам хийж буй, хийхийг зөвшөөрсөн аж ахуйн нэгжүүдийг аль альныг нь “гомдоолгүй” арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлтэй нь ярих цаг хэдийнэ болжээ, УОК. “Камертон”-ы асуудлаас болж “Зайсан Хилл”-ийн эзэн компани болох “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тэгвэл “Скай Ресорт”, “Асем” клубууд ч том толгойлсоор байна. Тэгэхээр жижиг жараахайнаас биш том тул загаснаас агнуураа хийж, адилхан эрх тэгш ханддагаа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Улсын Онцгой Комисс үзүүлэх хэрэгтэй юм.