Мэдээ ЯРИЛЦЛАГА

Топ модель О.Пүрэвдулам: Надаас илүү, дутуу гэж харьцуулдаггүй, энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг

Сайхан гэдэг үг өргөн утгатай. Гадаад гоо үзэсгэлэнгээс илүү дотоод сэтгэлийн гоо сайхан энэ хорвоог улам өнгөтэй болгодог. Ийм л гоо үзэсгэлэн, сайханыг агуулсан бүсгүй бол топ модель О.Пүрэвдулам.

 “Гоёл” наадмын 25 жилийн ойгоор топ модель болж, загварын ертөнцөд нэрээ тахалж чадсан тэрбээр өөрийн гэсэн өнгө төрх, орон зайтай. Хов живэнд дургүй, эршүүд араншинтай Пүүжээ аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, амар амгалангийн туйл. Шулуун шударга зан нь түүний өвөрмөц, содон түр төрхийг улам тодотгох мэт.

Монголын “алтны” магнат гэгдэж явсан Ц.Мянганбаярын гэргий гэдгээр нь хүмүүс түүнийг танимхайрдаг. Гэвч үнэндээ түүний дотоод сэтгэл, мөн чанарыг огтоос мэдэхгүй. Үе үехэн хүүхэд шиг гэнэн инээд алдах топ модель О.Пүрэвдуламтай ярилцсаныг уншигч та хүлээн авна уу. Ойрын үед хэвлэлээс хол байсан загварын акул маань People-д сэтгүүлд ярилцлага өгч байсныг энэ удаа онцолж байна. 

-Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг О.Пүрэвдуламтайгаа чамгүй хөөцөлдсөний эцэст уулзах өдөр ирдэг юм байна. Ажил, амьдрал тавлаг уу. Завгүй л гүйгээд байна уу?

-People сэтгүүлийн уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Ажил ихтэй гүйгээд л байна. Саяхан АНУ руу загварын шоунд оролцоод ирсэн. Торго шоу, “Гоёл” наадам гэх мэтээр ажлууд ар араасаа цуварсан, завгүй өвлийн өдрүүд эхэлж байна даа.

-Энэ жил “Гоёл” наадмын 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд загварынхан маань бодсон, төлөвлөсөн ажил тун их бий байх?

-Тийм ээ. Энэ жил “Гоёл” наадмын 30 жилийн ой тохиож байна. Мэдээж 30 жилийн ой гэхээр урьд урьдын жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй, өвөрмөц, онцлог байх болно. Өнгөрсөн жилээс хойш 30 жилийн ойн арга хэмжээний талаар яригдсан. Энэ сарын сүүлээр “Гоёл” наадамд оролцох загвар өмсөгчид болон дизайнерууд тодорно. Эхлээд загварын долоо хоног болно. Өмнө нь СТӨ-нд гурван өдөр үргэлжилдэг байсан бол Fashion week-тэй болсноор финал нь ганцхан өдөр өрнөөд өндөрлөдөг болсон. Загварын долоо хоногоор дизайнеруудынхаа ур ухаан, чансааг шалгаж, жинхэнэ шилдэг гэсэн моделиудаа тодруулж, финальд нь сойдог. 30 жилийн ойн хүрээнд ч биш, ер нь л “Гоёл” манай модель, дизайнеруудын хувьд хүсэн хүлээдэг наадам болсон шүү дээ.

“Гоёл” наадмын 25 жилийн ойгоор Топ модель өргөмжлөлийг хүртэж байсан

-Аргагүй том наадам л даа. О.Пүрэвдулам маань “Гоёл”-ын 25 жилийн ой тохиох үеэр Топ модель өргөмжлөл хүртэж байсан байх аа?

-Таван жилийн өмнө 25 жилийн ойгоор Топ модель өргөмжлөлийг хүртэж байсан. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байна.

-Өөрийн тань хувьд бүр 14 настай анх “Гоёл” наадамд оролцож байсан байх аа. Түүнээс хойш тун олон жил өнгөрчээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг гэж үнэн шүү?

-14 настай учраа мэдэхгүй жаахан охин “Гоёл” наадамд оролцсоноос хойш 12, 13 дахь жилтэйгээ золгож байна. Топ модель Сэлэнгэ, мисс Хонгорзул нарын дөрвөн охин анх “Гоёл” наадамд үеийнхнээсээ шигшигдэн орж байлаа. Тухайн үед шалгуур өндөртэй байсан. Насны хувьд их жаахан. Загварын ертөнцөд дөнгөж хөл тавиад удалгүй “Гоёл” наадамд оролцсон нь бидний хувьд бахархам байлаа. Азтай шүү.

-Ер нь жил жилийн Топуудаас тасралтгүй “Гоёл” наадамд оролцож байгаа моделиудыг нэрлээч?

-Топ модель Уранцэцэг, Ундрах, Сэлэнгээ, О.Уянга, Бадамгэрэл, Ариунбилэг, хамгийн сүүлийн топ Х.Уянга бид хэд тасралтгүй бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

-Сүүлийн үед загварын ертөнц улам л өргөжиж байна. Шинээр орж ирж байгаа моделиудын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд загварын ертөнц эрчимтэй хөгжиж байна. Ганц моделиуд гэхээс гадна make up, үс засалт, дизайнеруудын чадвар ч сайжирч, бүх зүйл өөрчлөгдөн, дэвшиж байна. Биднийг загварт орж байсан үеэс боломж илүү их, нийгэм, дэлхий дахин ч нээлттэй болжээ. Бүх зүйлд өөрийгөө сорьж үзэх боломжтой. Тухайн үед дандаа чансаа хардаг байлаа. Ямар нэг компанийн загварын шоунд орох болвол туршлага, авч байсан өргөмжлөл, шагнал зэргээс эхлээд олон зүйл шаардагддаг байлаа. Одоо бол хүмүүсийн сэтгэхүй өөр болсон учраас өвөрмөц төрхөөр нь ч юм уу сонгож авах нь олонтаа болсон. Охид, залуус маань өөрсдөдөө ихээхэн анхаарал тавьж, судалгаа хийж, боломжуудыг алдахгүй хичээж, зүтгэдэг болжээ.

Хамгийн анхны “Яг түүн шиг” шоуны санал тавьж байсан

-Загварынхан маань “дэмий гонзгой” биш гэдгийг зарим үйл явдлууд баталдаг. Чи гэхэд л охидын Catwalk хамтлагтай байлаа. Загвар өмсөгч Энхболд, Сарнай нар “Яг түүн шиг” шоунд оролцож тун чиг авьяастай гэдгээ харуулсан. Хэрэв өөрт чинь “Яг түүн шиг”-т орох санал тавьбал орно л биз дээ?

-Манай охидын хамтлаг анх дөрвөн гишүүнтэй байгуулагдсан. Цаг хугацааны явцад гурвуулаа болсон. Электро чиглэлээр бараг нэг цомог гаргах дайны уран бүтээлтэй шүү дээ. Шинэ жил гэх мэт баяр ёслолоор урилга, саналууд ч нэлээн авдаг байлаа. Ер нь гурван жилийн хугацаанд цаг заваа ихээхэн зарцуулж, орон нутгаар тоглолтоо хийн, хөгжмийн awards-аас ч шагнал авч байсан. Би ер нь урлагт их дуртай. Тиймдээ ч бид хамтлаг байгуулж, өөрсдийгөө сорьж явсан нь одоо бодоход их л дурсгалтай санагддаг.

Энхболд, Сарнай нарын хувьд үнэхээр авьяаслаг. Нэвтрүүлэг гарч байх үед их л дэмжиж байлаа. Хамгийн анхны “Яг түүн шиг” шоуны саналыг уг нь надад тавьж байсан. Гэвч ажил их байсан учраас шоунд оролцохоос татгалзсан л даа.

-Тэгэхээр чиний авьяасыг үнэлээд оролцох санал тавьсан байна шүү дээ?

-Хамтлагтай байсан учраас оролцох санал тавьсан байх.

-О.Пүрэвдулам маань ганц урлаг гэлтгүй спортод элэгтэй байх. Сүүлийн үед боксоор идэвхитэй хичээллэж байгаа гэж сонсогдсон шүү?

-Бокс таалагдсан. Булчингуудаа чангалж, бүх биеийн хөдөлгөөнийг зэрэг хийгээд явчихдаг. Хатуужил, тэвчээр суулгаж, эрч хүч өгдөг спорт юм билээ.

-Нэг талаараа бие хамгаалах урлаг шүү дээ. Биеэ хамгаалах шаардлага ер нь гарч магадгүй байх?

-/Инээв/. Тиймэрхүү талаас нь бодож байгаагүй юм байна. Өөрийнхөө сонирхлын дагуу л хичээллэж эхэлсэн.

Хэт хоолны дэглэм барьж, хүнсээ хорих нь дэмий

-Сүүлийн үед бүсгүйчүүд жингээ хасах, барих зорилгоор боксоор хичээллэдэг болсон. Мөн хоолны дэглэм ч их чухал. О.Пүрэвдуламын хувьд хоолны дэглэм хэр барьдаг вэ. Загварынхан хоолны дэглэмийг хатуу барьдаг гэж сонссон?

-Би учиргүй хоолны дэглэм бариад байдаггүй. Хэтрүүлж идэхээс татгалздаг. Өдөрт гурван удаа хооллоно. Ингэхдээ орой 17 цагаас хойш юм иддэггүй. Хэт оройтлоо гэхэд хааяа ганц нэг 19  цагт хөнгөн хооллох нь бий. Ер нь хэт хоолны дэглэм барьж, хүнсээ хорих нь дэмий гэж би хувьдаа үздэг. Хэтэрхий хоолоо хорихыг дэмждэггүй. Авах амин дэмүүдээ авч л байх хэрэгтэй. Төмс, гурил, будаа, нарийн ногоо юу л бол юу иднэ. Залуу хүн болохоор пицца ч юм уу, амттан идмээр санагддаг. Ази маягийн шөлтэй хоолонд дуртай. Хамгийн гол нь хэтрүүлж идэхгүй, зохицуулдаг. Би ийм л дэглэм барьдаг даа.

-Их амархан дэглэм барьдаг юм байна. Гэхдээ хоолны дуршилтай хүн юм аа даа?

-Хоолны дуршил багатай хүмүүс байдаг. Миний хувьд харин ч хоолны дуршилтай. Өөрөө ч янз бүрийн хоол хийж идэх дуртай.

-Хоол гэснээс бүсгүй хүн бүр гэртээ гал тогооны удирдаач хийдэг. Өөрийн тань хувьд хэр сайн тогооч вэ?

-Хоол хийхдээ сайн шүү. Манай гэрийнхэн, найзууд мэднэ дээ. Бүх төрлийн хоолыг сайн хийдэг гэж боддог. Өөрийнхөө хийсэн хоолонд өөрөө ч дуртай. Хоол хийхээсээ залхуураад байдаггүй. Интернетээс харж байгаад хоол хийнэ, өөрөө зохиогоод ч хийчихнэ.

-Хоол сайн хийдэг хүнийг сайхан сэтгэлтэй байдаг гэх юм билээ. Би ч үүнийг үнэний ортой гэж боддог шүү?

-Хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан миний хийсэн хоолыг хүмүүс амтархан иддэгт баярладаг шүү.

Гэр бүлийн бат бөх харилцаа нь сэтгэл, ойлголцооны л асуудал

-Бас эр хүний хоёр дахь зүрх ходоодондоо байдаг ч гэдэг. Хоол сайтай эмэгтэйд эр нөхөр нь улам л хайртай болдог байх?

-/Инээв/. Тэр нэг их чухал биш байх. Хичнээн хоол сайтай байгаад сэтгэл байхгүй бол хэцүү шүү дээ. Гэр бүлийн бат бөх харилцаа нь хоолтой ямар ч холбоогүй болов уу. Энэ бүхэн сэтгэл, ойлголцол, харилцааны л асуудал.

-Тэгвэл топ маань хэр халамжтай гэргий вэ?

-За, ёстой өөрийгөө дүгнэж хэлэхэд хэцүү юм байна. Ямар ч байсан хичээж л байна. Залуу хүн болохоор зарим нэг алдаан дээр суралцах зүйл бий. Хүүхдийн хүмүүжлийн хувьд ч гэсэн. Найз, найз эгч нар, ойр дотны хүмүүсээс амьдралын туршлага, мэдлэг олж авна даа.

Надаас илүү, дутуу гэж харьцуулдаггүй, энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг

-Бүсгүй хүний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэдэг. О.Пүрэвдуламын нуруун дээр хэр ачаа яваа бол?

-Бидний үеийнхэн насны хувьд залуу байгаа болохоор бүх зүйлийг суралцаад л явж байна. Үнэндээ би аливаа асуудлыг хэт хүндээр тусгаж авдаггүй. Их тайван. Хэтэрхий бачуурч, бухимддаггүй. Амьдралын энэ нь ч болохгүй байна, тэр нь ч хэцүү байна гэдэггүй. Тэртэй тэргүй хүн бүхний амьдрал зурагдсан зурлагатай. Өөрөөсөө илүү амьдарч байгаа хүнийг, өөрөөсөө дор амьдарч байгаа хүнийг ч харьцуулж боддоггүй. Энэ надаас илүү байна, дутуу байна гэж харьцуулдаггүй. Өнөөдрийн энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Илүү ихийг хүсч, шунаад байдаггүй. Миний зовлон, жаргал минийх л байдаг. Тиймээс нуруун дээрх ачаа маань надад таарч, тохирсон, миний л амьдрал. Ингэж л боддог доо.

-Нэг талаараа тайван хүмүүс сайхан. Магадгүй стресс багатай болохоор хөгшрөлт нь ч удаан байх?

-Ер нь стресс багатай, стрессдэхийг боддоггүй. Эмоци багатай хүн шүү дээ.

-Түрүүн бусдын илүү явах, дутуу явах нь хамаагүй гэлээ. Эндээс өөрийг тань атаархалгүй хүн гэж ойлголоо. Тэгтэл загварынхан их атаархуу гэж яригдах юм билээ. Үнэхээр та нарын дунд хар, цагаан атаархал их үү?

-Ийм яриа гарсан шалтгаан нь нэг салбарт олон эмэгтэй ажилладагтай холбоотой. Өөр салбарт ч гэсэн олон эмэгтэй ажилладаг бол бас л ийм асуудал үүснэ. Гэхдээ атаархал байдгийг үгүйсэхгүй. Миний хувьд их эршүүд зантай.

Хов жив ярихад хайран цаг хугацаа мэт санагддаг

-Тэр нь амар шүү дээ?

-Ааш нь олддоггүй эмэгтэйчүүд байдаг. Нэг уулзахад өөр зантай, дахиад уулзахад дахиад өөр юм ярина. Хов жив ярих дуртай. Миний эргэн тойронд тийм хүмүүс байдаггүй. Бүгдээрээ ажил ихтэй, завгүй явдаг учраас нэг уулзахаараа амин чухал зүйлсээ яриад л өнгөрдөг. Хов жив ярихад надад  хайран цаг хугацаа мэт санагддаг. Тохиолдлоор ч юм уу хов жив ярьсан хүмүүс дунд орохоор тэнд удаан байх сонирхол төрдөггүй. Таагүй мэдрэмж төрдөг болохоор хурдхан холдохыг хичээдэг. Ер нь бусдын амьдрал хэнд ч хамаагүй. Миний амьдрал ч бусдад сонин биш. Хүн бүхэнд л өөр өөрийн гэсэн жаргал, зовлон бий. Ганц олдох амьдралаа ийм зүйлд зориулах хэнд сайхан байх билээ. Замын дунд хүн өөрт тохирох найзаа сонгодог. Найзууд нэг нэгнээ олдог гэж ярьдаг шиг миний эргэн тойронд яг л над шиг эршүүд, ховонд дургүй хүмүүс бий. Намайг ч гэсэн сайн мэдэхгүй байж ярианд оруулах тохиолдол байж л байсан. Эхэндээ ч эмзэглэдэг байлаа. Одоо бол огт тоодоггүй. Тэртэй тэргүй миний дотны хүмүүс намайг хэн бэ гэдгийг мэдэх юм чинь. Шүүмжлэлийг бол хүлээж авна.

-Чамайг Ц.Мянганбаяр захирлын гэргий гэдгээр хүмүүс мэднэ. Та хоёрыг ч гэсэн анх хэвлэлээр нэлээн л шуугиж бичдэг байлаа. Тэр бүрт хэрхэн ханддаг байв аа?

-Шар мэдээний 20 хувь нь л үнэн юм уу даа. Үнэхээр 100 хувь бодитой, үнэн мэдээлэл байсан бол яая гэхсэн. Зүгээр л хүмүүсийн давсалж ярьсан зүйлийг мэдээ болгоно гэдэг маш буруу. Тэгээд ч эмзэглэж хүлээж аваагүй.

Загварын ертөнцийнхөн намайг топ модель болоход хүлээн зөвшөөрнө гэсэн итгэлтэй байсан

-Чамайг топ модель болох үед Ц.Мянганбаярын хүүхэн түрүүллээ, ер нь Мянгаагийн хүүхнүүд л жил болгон топ болдог гэсэн яриа байсан. Энэ үнэн гэж үү?

-Загварын ертөнцийнхөн намайг топ модель болоход хүлээн зөвшөөрнө гэсэн итгэлтэй байсан. Яагаад гэвэл миний зарцуулсан хүч хөдөлмөр, цаг хугацаа бүх зүйл нь байсан шүү дээ. Улиг болсон ярианаас болж хүний хүч хөдөлмөрийг юу ч үгүй хийсгэж болохгүй. Би тэр бүхэнд тийм амархан хүрээгүй. Олон жил туушдаа, бүх үйл ажиллагаанд оролцож, өөрийгөө бүрэн дайчилсан. Энэ бүхнийг маань үнэлж Топ модель өргөмжлөлийг өгсөн болов уу.

Топыг тодруулахад ганц хүний оролцоо огтоосоо ч нөлөөлөхгүй

-Тэгвэл бусад топууд бүгд шахуу Ц.Мянганбаярын халаасны хүүхнүүд учраас “Гоёл” наадмаас өргөмжлөл хүртсэн гэдэг яриа гарсан нь ямар учиртай юм бол?

-Түүнд ганц хүний оролцоо огтоосоо ч нөлөөлөхгүй. Монголын дизайнеруудын холбоо гэж маш олон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл бий. Туршлага болон хүмүүстэй харьцсан байдал, олон жилийн идэвхи, оролцооноос эхлээд цөөнгүй үзүүлэлтээр топыг тодруулдаг. Тэглээ ч тэр жилийн хамгийн их гэрэлтэж, өнгөтэй байгааг нь л шалгаруулдаг шүү дээ. Ер нь манай моделиудаас топын шалгуурыг хангаагүй хүн байхгүй. Бүгдээрээ л чадварлаг, тэр цаг үедээ илүү гэрэлтэж, загварын ертөнцдаа удаан, үнэнч байсан нь өнгөлсөн байдаг. Үүнийг хүн бүхэн мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Ноднин тухайлбал топ модель тодруулаагүй. Үнэхээр шаардлага, болзол хангасан хүн байгаагүй учраас топ шалгараагүй шүү дээ.

-Ноднин топ тодроогүй юм чинь энэ жил 30 жилийн ойгоор шалгарах л байх. Ямар битүү морь хурдална гэж харж байгаа вэ?

-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна.

-Ингэхэд О.Пүрэвдулам “Номин”-гоос зохион байгуулж байсан “Miss Sharp”-ын тэмцээний хоёрдугаар байранд орж байсан байх аа?

-Тийм ээ, Реалити шоу маягаар зурагтаар гарч байсан. Тэр тэмцээнээс хоёрдугаар байрт шалгарч байсан. Оръё гэж бодож байгаагүй, санаандгүй л тийм юм болсон.

-Мисс, Загвар өмсөгч хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Манай охид универсаль санагддаг. Миссүүд нь загвараа өмсчихдөг. Болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ нэг ялгаа нь мэргэжлийн модель хүн тайзан дээр ондоо харагддаг. Алхаа гишгээ, техник нь тэс өөр. Миссийн хувьд өөрийнхөө давуу байдлыг гаргах, онцгой содон байдаг бол модель зөвхөн хувцсаа л үзүүлэхээс өөр илүү үйлдэл хийж болохгүй.

Илт эргүүлж тойглох асуудал бараг байдаггүй дээ

-Модель гэснээс моделиудыг эрчүүд их эргүүлдэг байх. Ид насандаа яваа өөрт чинь уулзаж, учрах санал хэр их ирдэг вэ. Эсвэл гэр бүлтэй гээд жийрхдэг юм болов уу?

-Хүн болгонд л тиймэрхүү зүйл тохиолддог байх. Илт эргүүлж тойглох асуудал бараг байдаггүй дээ. Хаалттай талдаа. Би ч хариулт өгөөд байдаггүй. Зан чанарын хувьд би шударга хүн. Таалагдахгүй бол заавал өөрийгөө хүчлээд байхгүй. Чадахгүй бол чадахгүйгээ л хэлчихнэ.

Мөнгөндөө биш тэр хүмүүс сэтгэлээрээ холбогдсон байж болно шүү дээ

-Манай загварынхныг мөнгөтэй хүмүүстэй их холбодог. Мөнгөтэй хүний халаасанд орлоо гэж ярих нь олонтаа?

-Тэгж ярьдаг. Гэхдээ миний эргэн тойронд тийм зүйл ажиглагддаггүй. Мөнгөндөө биш тэр хүмүүс сэтгэлээрээ холбогдсон байж болно шүү дээ. Юм болгоныг зоосны нүхээр хараад байж болохгүй. Амьдрал баян. Сэтгэл зүрх, тархиа ажиллуулаад, зориулаад явбал амжилт олох салбарууд тун олон байна. Тийм байхад яагаад заавал бусдын мөнгөнд шунана гэж.

-Тэгэлгүй яах вэ. Ингэхэд намар шувтарч өвөл болж байна. Хайр ганц хавар ирээд байдаггүй. Өвөл ч дурлал ирж болно шүү дээ. Хайрын талаар Пүүжээ маань ямар бодолтой явдаг вэ?

-Дурлал, хайр хоёр өөр байх. Хайр бол хоёр хүний дотоод сэтгэлийн нийлэмж юм болов уу. Ганц гадаад гоо үзэсгэлэнгээс гадна дотоод сэтгэлийг нь мэдэрч байж биендээ уусч, хайрлана. Нэг нь зөвхөн хайрлаад, нөгөө нь үл тоогоод байвал хайр биш шүү дээ. Бие биенээ харилцан хайрлаж байж хайр үүсдэг гэж бодож байна.

-Охиныхоо аавтай тийм хайраар л нийлсэн биз дээ?

-Нууц/Инээв/. Мэдээж сэтгэлгүй бол амьдрал үргэлжлэхгүй шүү дээ.

-Пүүжээгийн хувьд эр хүн гэж хэнийг хэлэх вэ. Ямар байх ёстой юм бол?

-Эр хүн шиг эр хүнийг л эр хүн гэх байх. Эр хүнд байх ёстой зан чанаруудыг агуулсан байгаасай л гэж боддог доо.

-Чи хувийн амьдралаа ярихыг хүсэхгүй байгаа ч Мянгаа захирлаар дамжаад Д.Пүрэвсүрэн, Ариунцэцэг нарыг ичнээ мэддэг байх. Пүүжээтэй тайзан дээр, тайзны ард таардаг биз. Түүний талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би яг үнэндээ Ариунцэцэгийн талаар огт мэдэхгүй. Харин Д.Пүрэвсүрэнтэй тайзны ард таарч байсан. Ганц хоёр арга хэмжээнд хамт орж байлаа. Их энгийн, хариуцлагатай, бас хов жив хөөгөөд байдаггүй зөв хүн шиг санагдсан. Зан нь ойлгомжгүй, худлаа инээсэн, хэцүү эмэгтэй биш юм билээ. Сайхан эмэгтэй гэдгийг нь Монголын ард түмэн бүгд мэддэг шүү дээ.

Охин маань заримдаа аавтайгаа адилхан, хааяа надтай адилхан болчихдог

-Тийм шүү. Сайхан сэтгэгдэлтэй явдаг юм байна. Ингэхэд танай сайхан жаахан охин одоо хэдэн нас хүрээд байна вэ. Ээжтэйгээ адилхан уу, аавыгаа дуурайв уу?

-Охин маань дөрвөн нас хүрсэн. Заримдаа аавтайгаа адилхан, хааяа надтай адилхан болчихдог. Хүүхдийн төрх өөрчлөгдөж, хувьсаад байдаг юм биш үү.

-Ойрын төлөвлөгөөнд дахиад хүүхэд байгаа юу?

-Одоогоор төлөвлөсөн юм алга. Залуу хүн болохоор өөрийгөө хөгжүүлье, боловсролдоо илүү их анхааръя гэж бодож байна. Би гадаад харилцааг төгссөн. Сүүлд Удирдлагын академийг дүүргэсэн.  Дахиад ч сурах бодол байна даа.

-Хувцасны шүүгээг тань сонирхоё. Ямар хувцас өөрийн тань шүүгээг дүүргэдэг вэ?

-Би чөлөөт хувцсанд дуртай. Тэр тусмаа Азийн чөлөөт стайл таалагддаг. Биед эвтэйхэн хувцас л өмсдөг дөө. Хэт бие барьсан хувцастай гадуур нэг их яваад байдаггүй. Жийнс, бомбор, жакет өмсөөд л гүйчихнэ. Шинэ загварын пүүз, кейтэнд мөнгө хайрладаггүй. Өндөр өсгийт өмсөхөөс татгалзах гээд байдаг. Пүүз олонтой шүү.

-Их гоё үстэй юм аа. Үсээ хэр их арчилдаг вэ?

-Мэдээж заваараа тэжээлийн маск тавьчихдаг. Хүмүүс их гоё үстэй юм гэдэг. Ээжийнхээ өтгөн сайхан үсийг дуурайсан болов уу даа.

-Ярилцсанд баярлалаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!