Онцлох мэдээ ЯРИЛЦЛАГА

“Торхондой” ХХК-ийн менежер А.Норжмаа: Монголчууд эрүүл хэрэглээгээр үнэхээр цангачихсан байна

“Шарк Танк” нэвтрүүлгийг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр бэлтгэн, үзэгчдэд хүргэдэг билээ. Цацагдсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулаад байсан тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын эхний оролцогчид болох Б.Гончигдорж, А.Норжмаа нарын “Торхондой” модон эдлэлийн үйлдвэр 178 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлээс авч чадсан. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Торхондой” ХХК-ийн захирал Б.Гончигдорж “Монгол телевиз болон Ж.Оюунгэрэл Шаркдаа баярлалаа. Бид хичээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Тэгвэл өдгөө “Торхондой” маань өдрөөс өдөрт бойжин өндийж, эрүүл мэндээ анхаардаг, хайрладаг хүмүүсийн эргэлзээгүй сонголт болжээ.
Үнэнийг хэлэхэд хуванцар савнууд монголчуудын амьдралд эмгэнэл авчирсан. Олон ч хүн үүнээс улбаатай хүнд өвчин туссан. Гэвч маргааш, нөгөөдөр л энэ муу савыг хэрэглээнээс гаргая гэж өдөр хоног алдсаар байгаа нь нууц биш. Мэдээж шууд гараад хуванцар саваа модон болгох эдийн засгийн бололцоотой хүмүүс ховор. Тэгэхдээ өнөөдрийн хоолноос илүү маргаашийн эрүүл мэнд тань чухал шүү гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Ямартай ч монголчуудынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, хуванцар савыг халах, орлуулах модон савыг үйлдвэрлэгч “Торхондой” үйлдвэрийн менежер А.Норжмаатай ярилцсанаа хүргэе.

-Монголчуудын эрүүл мэндэд хуванцар сав аюулын харанга дэлдэж буй энэ үед торх үйлдвэрлэж эхэлсэн нь яг л нүдээ олсон бизнес гэж бодогдож байна. “Торхондой” үүсгэн байгуулагдаад хэдий хэр хугацаа өнгөрөв өө?
-“Торхондой”-гийн үйл ажиллагаа жигдрээд хоёр жил болж байна. Үүнээс өмнө нэг жил санаа гаргаж, туршиж явсан. Модоо хаанаас авах уу, модыг хэрхэн бутаргахгүй байх вэ гэж нэлээд эрэл хайгуул болсон л доо. Бүслүүрийг нь хүртэл маш олон удаа, олон янзаар хийж үзсэн. Тэр үед худалдаанд гарч байгаагүй болохоор үйл ажиллагаа эхэлсэн гэж хэлэхэд хэцүү. Сүүлийн жил хагасын үеэс худалдаанд гарч, нийтийн хүртээл болж байна.
Анхны амжилттай үйлдвэрлэсэн торхнуудаа ойр дотныхоо найз нөхдөд зарж байв. Харин нэг найз маань гурил будааны хуванцар саваа модон торхоор сольсон зурагаа facebook-т оруулсан чинь манай утас өдөр, шөнөгүй дуугарсан. Ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй байсан болохоор ямар ч бэлтгэлгүй байсан юм. Тухайн үед дөнгөж гар үйлдвэрийн аргаар хийж байсан болохоор өдөрт ганц, хоёрхон торх бэлэн болдог байв. Утсаар ярьж байгаа хүмүүст 10 хоногийн дараа захиалгаа аваарай гэхэд тэвчээр хүрэх хүмүүс тийм ч олон биш шүү дээ. Тиймээс анх бидэнд хандсан олон захиалагчидаа алдаж байлаа. Ингээд үйлдвэрлэлд шилжихгүй бол гар аргаар яагаад ч дийлэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр үеийн модон торх авах гэж уурлаж байсан хүмүүс л “Хийгээд байвал авах юм байна. Хүмүүс үнэхээр эрүүл мэнддээ ингэж анхаардаг юм байнай” гэдгийг ойлгож, улам хичээх урам өгсөн. Дандаа алдна гэж юу байх вэ дээ? Өнөөдөр өөрсдийн гэсэн Facebook пейж хуудастай болж мэдээ мэдээллүүдээ оруулаад явж байгаа.
-Одоо бол үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдтэй болсон биз дээ?
-Тийм ээ, үйлдвэрлэлд шилжсэн. Энэ хүртэл их замыг туулсан шүү /инээв/.
-Тэгэлгүй яах вэ, амархан ажил гэж үгүй шүү дээ. Хамгийн чухал нь эрүүл мэнд. Өвөг дээдэс маань өвчин хэр барагтаа хэлдэггүй байлаа. Одоо есөн шидийн зүйл сонсогдох болжээ. Мэдээж энэ үед торхон савны хэрэглээг санал болгож байгаа нь сайн хэрэг?
-Модон эдлэл бол монголчуудын уламжлалт хэрэглээ. Дээр үед тэмээ, маланд ачдаг болохоор зуйван хэлбэртэй байсан юм билээ. Тэр үндэсний хэрэглээгээ хадгалж, шинэ загваруудыг гаргаж ирсэн. Мод өөрөө амьсгалдаг учраас хадгалсан зүйлийн органик шинж чанарыг маш сайн хадгалгалдаг. Хуванцар савны хувьд эрүүл мэнддээ хайртай хүмүүс үүнээс татгалзаж эхэлсэн. Гэхдээ татгалзлаа гэхэд орлуулах сав хэсэг хугацааны өмнө үнэхээр байгаагүй. Энэ асуудлыг шийдье гэж л “Торхондой”-г бий болгосон. Өвөг дээдэс маань эртнээс модон савнуудыг нутаг нутагийнхаа хэрэгцээндээ тохируулан төрөл бүрийн хэмжээтэйгээр ган, андуу, хавчиг, сөн гэж нэрлэн хэрэглэдэг байсан төдийгүй өвчин зовлон ярьдаггүй байлаа. Одоо хүмүүс нэг үеэ бодвол эрүүл мэндээ анхаарч, монгол хүнд тохирсон уламжлалт хэрэглээгээ буцаан сэргээж байна. Одоо бидний үйлдвэрлэж байгаа модон торхнууд цоо шинэ гарч ирсэн бүтээгдэхүүн бишээ. Бидний эмээ өвөө нар баг залуудаа хэрэглэж байсан л эд юм. Хямдхан, хөнгөхөн, арчилгаа бага шаарддаг гэдэг утгаараа хуванцар сав орж ирсэнээр ойролцоогоор 30-40 жил орчим модон савнууд хэрэглээнээс түр гарсан л байв.


-Тийм шүү. “Торхондой” гэж их хөөрхөн нэр өгчээ. Ямар түүхтэй нэр вэ. Бас гурав дахь хүүхэд гэж танай гэр бүл “Торхондой”-гоо хайрлаж, бөөцийлдөг гэсэн?
-Манай охидууд “бид хоёроос их цагийг дандаа “Торхондой”-д зарцуулдаг. Энэ ер нь манай дүү юм биш үү” гэж гомдолдог. /Инээв/
Гол нь шинэ санаа маань жинхэнэ бүтээгдэхүүн болтлоо туршигдаж, ойр дотны олон хүний маань хөлс хүч, оюун ухаанаар олон асуудал бэрхшээл, цаг хугацааг туулж байж өнөөгийнхөө өнгө төрхийг олсон юм. Болчлоо, бүтчихлээ гэхээсээ илүү бууж өгөөд, болимоор үеүд олон байсан юм. Гэсэн ч бид нар шантралгүй үзсээр энд хүрсэн учраас манай гурав дахь хүүхэд гэж өхөөрдөг юм аа. Яг үнэндээ харах тоолонд тэр зүгээр нэг модон сав нүдэнд харагддагүй. Хамт олны маань хүч хөдөлмөр харагдаад байдаг болохоор хайр хүрдэг юм шүү.
Тэгээд л ийм хөөрхөн өхөөрдсөн нэр өгч “Торхондой” гэж нэрлэсэн.
-Торхон савыг олон зүйлд ашиглаж болж байна. Хөдөө орон нутагт сүү сааль, цагаан идээгээ бэлтгэчихнэ, хот сууринд ногоогоо дарчихна. Усаа ч зөөвөрлөнө. Нийтээрээ л хэрэглэх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна л даа?
-Манайх анх усны саваар ашиглана гэж хийж эхэлсэн. Гэтэл сүүлдээ хүмүүс захиалга өгөхдөө өөрсдөө хэрэглээгээ тодорхойлох болсон. Цагаан идээ, гурил будаа, ногоо, вино даръя гэх мэтээр саналаа хэлдэг. Тэр байтугай хөлөө эмийн ургамалтай усанд хийж эмчилгээ хиймээр байна гэж хүртэл санал тавьсан. Мах гаргадаг таваг болгож хэрэглэмээр байна, жижгийг хийгээд өгөөч гэнэ. Сүүлд усанд орох ванн хүртэл захиалсан. Одоохондоо ванн хийх боломжгүй гэтэл “Одоо та нар хийхгүй бол хэзээ хийх юм, зүгээр хийгээд үз. Хийхгүй бол энд чинь сууна. Муу байсан ч хамаагүй хий. Би авна” гэж нэг настай хүн загнаад захиалсан. Санасныг бодвол сайн ванн болсон. Үүнээс улбаалаад хоёр хүний, нэг хүний, хүүхдийнх гэхэд л том, дунд, жижиг гэх мэт олон янзаар хийхээр ажиллаж байна. Энэ мэтээр хүмүүс өөрсдөө модон хэрэглээний хөгжүүлэлтээ хийж ирсэн. Ингээ бодохоор Эрүүл хэрэглээгээр үнэхээр цангачихсан байна, монголчууд. Хайгаад олоод авчихъя гэхээр олдохгүй байгаа учраас хүмүүс захиалж, санаачилж санаагаа өгч байна шүү дээ.
-Үнэхээр эрүүл хэрэглээгээр цангачихсан байгаа нь үнэн. Ингэхэд танайд гурил, мах, ногоо, талхны мод гэхэд л янз янзаар гарч байгаа юм байна. Хэлбэр дүрсийн хувьд ч олон шийдэлтэй юм. Их таалагдлаа?
-Ганбанз бас сүүлд нь гарч ирсэн санаа. Айл болгонд байдаг ганбанзууд ихэнх нь урдаас орж ирсэн байдаг. Тэр ганбанзууд гадна талаараа лактай, дотор талаараа модыг нь өнгө оруулсан эрүүл мэндэд ээлгүй эд шүү дээ. Бид дандаа лак, хуулга, химийн бодис идээд байна. Ингэж байхаар өөрсдөө хийе гээд үйлдвэрлэж эхэлсэн.
Ганбанзыг хийх гэж бид нэлээд бодож үзсэн. Ямар модоор хийвэл илүү бат бөх вэ гэж. Ингээд Оросоос орж ирсэн царс модоор хийж эхэлсэн. Нарс болон өөр бусад мод заазууранд хамгийн амархан элэгддэг. Царс мод бат бөх, эдэлгээ сайтай, барихад ч гэсэн арай хүнд. Гэтэл торхоо бид нарсаар үйлдвэрлэдэг шүү дээ. Гол нь модон торхон дээр хэн ч хоол бэлтгэхгүй учраас шингэн хийхэд шүүрэхгүй, бүслүүр нь даралтаа даадаг байх наад захын шалгуураа хангах учиртай. Мод л бол мод биш. Модоор эд эдлэл хийхэд юу хийхээсээ шалтгаалаад өөр, өөр сонголттой. Бид царс модон гамбанзнуудаа өнгө оруулж, лакдалгүй яг л байгалиараа, хамгийн эрүүл, цэвэр хэрэглээг бид ард түмэндээ санал болгохоор сэтгэл шулуудаад ажиллаж байна. Мөн монгол айлын хэрэгцээнд тохируулаад гурилын мод, махны мод, талхны мод гэсэн гурван хэмжээтэй, өөр өөр хэлбэр донж орууж үйлдвэрлэж байгаа.


-Танай ганбанзуудын үнэ хүртэл боломжийн юм билээ. Гаднаас орж ирж байгаа ийм төрлийн бүтээгдэхүүн танайхаас нэг дахин илүү үнэтэй. Гэтэл танайх илүү эко, эрүүл шүү дээ?
-Ганбанзныхаа үнийг өндөр болгоё гэж бодохгүй байна. Аль болох олон айлд хүргэвэл хэн хэндээ ашигтай. Царс модоор хийж байгаа ч гэсэн боломжийн үнэтэй шүү.
-Гэр бүлийн хоёр маань модны талаар их л мэдлэгтэй, судалгаа, туршлагатай болж байгаа байх?
-Шөнө болгон зүүдлэхгүй л байна даа. Заримдаа л зүүдэлдэг /инээв/. Модны хаягдлуудаа ч жижиг сажиг зүйл болгочих гээд судалж, янз бүрийн юм хийж үзэж байна даа.
-Танайхтай ижил төстэй бүтээгдэхүүн хийдэг хүмүүс хэчнээн байна вэ?
-Ихэвчилэн гараар хийдэг хүмүүс байдаг юм билээ. Хэтэрхий чамин хийдэг болохоор үнэтэй талдаа ч бий. Энгийн хэрэглээнд тохирсон, үйлдвэрийн аргаар хийдэг, чанартай, цэвэрхэн, үнийн хувьд хямд учраас хүмүүс манайхыг их зорьдог байх.
-5 литрээс авахуулаад 200, 300 литрийн торхууд ч гарч байгаа юм билээ?
-5 литрийн торх, 6 литрийн саалийн хувингаас эхлээд 14 хэлбэр, хэмжээтэй сав манайхаас гардаг. Хэрэглэгчдийн хүсэлтээр хоёр тоннын багтаамжтай торхууд ч хийж үзсэн.
-Танай хэрэглэгчид хот, хөдөөгийн хаанаас түлхүү орж ирж байна вэ?
-Зуны улиралд хөдөөгийнхөн сүү, сааль, агаан идээндээ хэрэглэх гээд түлхүү авдаг. Харин намар хотынхон ногоо, вино дарах гэж их авна. Өвөл байгууллагууд их захиална. Байгууллагууд бол бэлгэнд өгөх, дэлгүүрийн лангуунд тохируулан тохижилт хийх гэж холбогдоно. Ерөнхийдөө эрүүл мэндээ боддог хүмүүс л манайх руу их ханддаг даа. Цалин маань яах вэ гэж бодохоос илүү эрүүл мэнд минь чухал шүү гэдэг хүмүүс их байдаг. Уг нь бол хуванцар сав авахад хямдхан л даа. Гэхдээ модон торхыг 5-50 жил хэрэглэнэ гэж бодохоор манай үнэ үнэхээр хямд. Үүнийг ойлгосон хүмүүс манайд ханддаг.
-Баталгаат хугацаа өгдөг үү?
-Манайх жилийн баталгаа өгдөг. Мөн модон савыг яаж арчлах талаарх зөвлөгөө ч өгнө. Тухайлбал ногоо дарах бол өөр янзаар, гурил будаа хадгалвал бас өөр, ус хийвэл бүр өөрөөр арчилна. Яг энэ арчилгааг зөв хийгээд явбал манай модон савны насжилт 1-50 жил байдаг. Тэгэхээр эзэн хүнийх нь эдэлгээ, арчилгаанаас энэ савны наслах хугацаа хамаарах юм.
-Одоо танай үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн гэсэн. Сард, өдөрт хэчнээн бүтээгдэхүүн гаргаж байна вэ?
-Анх манайх 7 хоногт 7 ширхэг, өдөрт нэг л ширхэгийг хийдэг байсан. Одоо бол өдөрт 10-20-ыг гаргах боломжтой болсон. Цаашлаад өдөрт 50, 100 гээд жил жилээр илүү ихийг хийдэг болохоор зорьж ажиллаж байна.
-Хөөх, мундаг байна шүү. Борлуулалт сайн биз?
-Манай борлуулалт сайн. Яагаад гэвэл цаг нь ирчихсэн байна. Хүмүүс өөрсдөө л эрүүл мэндэд ээлтэй сав суулга хайгаад бидэнтэй холбогддог. Бид реклам сурталчилгааг үнэндээ хийж чаддаггүй. Маркетингийн хүмүүс биш болохоор манай нөхөр ч, би ч урдах ажлаа л хийж явдаг. Бидний хувьд худалдан авагч болгондоо ихэд талархаж явдаг. Манай үйлчлүүлэгч бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаа боловчиг үйлдвэрийн ажилчид, гэр бүлд нь том нэмэр болж байна шүү дээ. Тэгэхээр бид худалдан авагч болгондоо ихэд талархдагаа хэлмээр байна.
-Тэгэлгүй яах вэ. Та хоёр “Шарк Танк”-аар олонд танигдсан. “Шарк Танк”-ууд хэр барагтаа мөнгө гаргадаггүй, чанга гарууд шүү дээ. Харин та хоёрын бизнес тэдний санаанд хүрсэн гэхээр яг л цагаа олсон бизнес бололтой?
-“Шарк Танк” нэвтрүүлгийн хувьд бид зорилготойгоор орсон. 2018 онд “Торхондой”-г үйлдвэр болгоё, үйлдвэр болгохын тулд хөрөнгө оруулалт заавал босгоё гэдэг төлөвлөгөөтэй байсан. Ингээд хайж явсны эцэст “Шарк Танк”-ад орсон. Тухайн нэвтрүүлгийн бэлтгэл ажил нь ямар гайхалтай байсныг хэлэх хэрэгтэй. Эрийн сайндаа тэнцсэн гэхээсээ илүү Монгол телевизийн хамт олон маш их туслаж байж хөрөнгө оруулалт татаж авсан юм. Биднийг хоёр сарын өмнөөс бэлдэж, төслийн маань үзэл санаан дээр ярилцаж, юуг санал болгох вэ? Яаж танилцуулах вэ гээд чиглүүлэх олон ажил хийсэн. Тэр бүхнээс хамгийн инээдтэй нь камерийн өмнө биеэ авч явах туршлагагүй бид хоёрыг ийшээ ингэж алхаарай. Энд зогсоорой гэдэг команд хүртэл хэрэг болсон шүү. Угаасаа нэвтрүүлэгт ороход маш их сандардаг юм байна билээ. Ингээд нэвтрүүлэг ч болоод өнгөрсөн, хөрөнгө оруулалтаа ч татсан. Гэхдээ асуудлууд дуусаагүй байв. Биднийг өнөөдөр энд авчирсан мэдлэг, ур чадвар маань маргаашийн зорилгоо бүтээхэд арай л багадаж байгааг бодит байдал гэдэг хатуу багшаар заалган ойлгож байна. Манай “Шарк” бол Оюунгэрэл захирал. Оюунгэрэл захиралтай 2-3 цаг уулзаж зөвөлгөө авахад тэр зөвөлгөөг нь үйлдвэртээ нэвтрүүлэхэд хоёр, гурван сарыг зарцуулж байх жишээтэй. Их мундаг хүн. Зөвхөн өөрөө зөвөлгөө өгөөд зогсохгүй бидэнд илүү их туршлагатай, мэдлэг чадвартай хүмүүстэй холбож маш их тус болж байна. бизнес гэдэг бидний санаж бодсоноос тэс өөр, илүү өргөн цар хүрээтэй гэдгийг уулзсан, хамтарч ажиллаж байгаа шижигнэсэн залуучуудаас ойлгож байна. Заримдаа уулзсан мундаг залуучуудаас арай л хоцроод байна уу даа гэж бодогдоод шар хөдлөх үе ч гарч ирэх юм.
Манай нөхөр Гончигдорж бид хоёр уг нь “Ганабелл” хувь хүний хөгжлийн институтд хоёр, гурван жил зэрэгцэн суралцаж байсан удаатай. Нэг хэсэг завсарласан бол одоо бизнесээ өргөжүүлж илүү далайцтай ажиллахын тулд дахиад ч сурах ёстой юм байна гэдгийг ойлгож, төлөвлөгөө гаргасан. Гандолгор, Амараа багш нар маань бас их зааж, чиглүүлсэн дээ. Бид олон гайхалтай хүмүүсээр хүрээлүүлсэн азтай хүмүүс шүү.


-“Шарк танк” нэвтрүүлэгт оролцох үед мартагдахааргүй сонин үйл явдал тохиолдож байв уу?
-10 гаруй жилийн өмнө Оюутан байхдаа Ж.Оюунгэрэл захиралын нэг нэртэй сэтгүүлд өгсөн ярилцлалгыг олон дахин уншиж, “Монгол бүсгүйчүүд ямар мундаг юм бэ? Ганц ч удаа болов уулзах юм сан” гэж боддог байсан юм. Яг нэвтрүүлгийн зураг авалтанд ороходоо ямар ямар Шаркууд байгааг мэдээд, тэр дундаа өөрийнхөө оюутан цагийн мөрөөдлийнхөө баатартай уулзах завшаан тохиоход маш их баярлаж догдолж байв. Гэхдээ манай төслийг дэмжиж хөрөнгө оруулах Шарк болохоор зөвшөөрсөнд хөл газар хүрэхгүй баярласан шүү.
Бидэнтэй холбогдох хаяг:
Баялаг ундраа худалдааны төвийн 1 давхарт Хас банкны өөдөөс харсан 192 дугаар павилон. Утас: 91191771

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!