Шүүхэд шилжсэн хоёр: Б.Ганхуягийн цагдан хорио дуусахад долоо хоног үлдэж, Т.Аюурсайхан мартагдав
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр. Тэдний аль алиных нь хэрэг хамгийн эхлээд шүүхэд шилжсэн.
Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж буй.
Түүний тухайд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэнээс хойш нам гүм суугаа. Олны хэл аманд өртөхгүйхэн шиг хэргээ шалгуулж байна гэгдэх. Анх УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэхдээ “шоронд явуулбал зүгээр суухгүй, араасаа нэлээн хэдэн хүн чирнэ” гэдгээ хэлсэн удаатай. Хэрэг нь хамгийн түрүүнд шүүхэд шилжсэн ч чамгүй хугацаа өнгөрлөө. Хэрэв ял сонсвоос нүүрсний гэх хэрэгт дахин ямар хүмүүс нэрлэгдэх вэ гэдэг хүлээлт ч үүсгэчихсэн.
Б.Ганхуягийн тухайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буй. Цагдан хорионы хугацаа долоохон хоногийн дараа дуусна. Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн цагдан хоригдох хугацааг дахин нэг сараар сунгаж долдугаар сарын 07-нд шийдвэрлэсэн.
Найр наадам хөөгч хоёр: Ж.Мөнхбат хувцасны үнээрээ гайхагдан наадаж, Д.Бат-Эрдэнэ нам гүм
Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ хоёр. Тэдний хэрэг бүр прокурорын байгууллагад ч очилгүй намжив.
Ж.Мөнхбатын хувьд час улаан дээл өмсөж, цэнхэр малгайгаар духдуулж, хар шил зүүгээд аймаг сумын наадам хэсэж, өргөн дэлгэр зусаж явна. Түүний хэрэг мартагдаж, өмссөн зүүсэн хувцас шил сэлтийнх нь үнээр ам уралдан шагшилдацгаав.
Харин Д.Бат-Эрдэнэ нам гүм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн суудлаасаа буугаад хэл аманд өртөхгүй гэсэн шиг яваа.
Гадаадад гацсан хоёр: “Шуваа ажиллагаа” тэднийг хүчрэлгүй хагас жил болох нь
Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёр. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын шувуу ажиллагаа тэднийг авч ирж хүчрэлгүй хагас жилийн нүүрийг үзэх гэж байна.
“Монголын төмөр замын дарга” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг мөнгөн гуйвуулгаар нь Аргентин улсад бүгж байгааг нь мэдсэн гэгдэж байна. Түүний дансыг царцаасан бөгөөд явдал суудал нь ерөнхийдөө хуулийнхны овоо хараанд орчихсон гэгдэж буй ч авч ирж чадаагүй хэвээр.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-ын Бостонд өндөр үнэтэй, баячуудын хороололд амьдарч байгаа нь тогтоогдсон. Түүн рүү мөнгө гуйвуулдаг схем ч ил болж, эндээс амьжиргаанд нь зориулж мөнгө шилжүүлж байгаа хүмүүсийн эх үүсвэрүүдийг шалгах ажлыг хуулийнхан хийгээд эхэлчихсэн гэгдэж байв. Тэрбээр маш үнэтэй гэгддэг “Amsterdam and Partners” хуулийн фирмээр өмгөөлүүлж буй. Өдгөө хамгийн ирэх боломжгүй буюу хуулийнхан авч ирж хүчрэхээргүй хүнээр нэрлэгддэг. Учир нь хүний эрхийг дээд зэргээр дээдлэгч АНУ-д амьдарч буй нь хамгийн том шалтгаан. Улмаар олон улсад цагаан ном гэгчээ гаргачихсан. Улстөрийн орогнол хүсэх шахуу хүнд ялтан солилцох гэрээгүй тул манай хуулийнхны гар барагтаа хүрэхгүй гэгддэг билээ.
-Т.Бадамжунай баяр наадмын далимаар аавынаас гэртээ гарч, 22 хоног нуруу тэнийв-
“Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн, шууд цагдан хоригдсон хүн бол сайд асан Т.Бадамжунай. Түүний өмгөөлөгч энэ сарын 7-нд цагдан хорих хүсэлтийг өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар шүүх наадмын өмнө буюу энэ сарын 10-нд хэлэлцэж, “Мөрдөн байцаалтад саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй” хэмээн цагдан хорих арга хэмжээг өөрчилж, суллахаар шийдвэрлэсэн билээ.
Ингэхдээ Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан. Тэр наадам далимдуулж суллагдаад гэртээ яг 22 хоног амарч байна. Өдгөө хэргийг нь НПГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Эх сурвалж: Eguur.mn