Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн энэ оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Хан-Уул дүүрэг дэх АПУ-гийн уулзварт дуут дохио байршуулж ирэх сард хүлээлгэн өгөх нь.
Энэ ондоо багтааж Сүхбаатар дүүрэг дэх Улсын их дэлгүүр, Цэцэрлэгт хүрээлэн болон Хан-Уул дүүрэг дэх Хараагүйчүүдийн үйлдвэрийн орчим явган хүний гарцад дуут дохио суурилуулахаар ажиллаж байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг бодлогын асуудлыг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.
Тус дэд зөвлөлөөс өнгөрсөн онд тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгч байсан.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлээд байгаа юм.
Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482-р вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрчлөн тоноглосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэл чирэгдэлгүй, ая тухтай аялуулах боломжийг бүрдүүлснээр 2160 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай тээвэрлэдэг болоод байна.
Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллага Иргэний нисэхийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Монголын төмөр зам, МИАТ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв, Далайн захиргаа, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагуудад нийт 20,727 ажилтан, албан хаагч ажиллаж байгаагаас хараа, хэл, сонсгол, хөдөлгөөний зэрэг хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн нөхцөл байдал, амьжиргааг дэмжих, тэдний оролцоог хангах, салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.