УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой жолооч барьж яваад ноцтой осол гаргасан. Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд согтолтын зэрэг нь өндөр байсан гэдэг мэдээлэл байгаа юм. Улмаар түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзсанаа батлах бичигт гарын үсэг зураад эмнэлгээс явсан байна. Түүний хамар, завьж багахан шалбарснаас өөр ил харагдах гэмтэлгүй байжээ.
Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
Түүний унаж явсан машины тухайд 6378 УНЦ дугаартай “Ниссан Тиана” загварын суудлын машин байсан бөгөөд хүчтэй мөргөлтийн улмаас хөдөлгүүрийн хэсэгт гал гарсныг ослын газарт очсон онцгой байдлын алба хаагчид унтраасан байна.
Уг машины талаарх мэдээллийг smartcar.mn сайтаас харахад, 2018 оны зургаадугаар сараас хойш нийт 43 удаагийн торгууль бичигдсэн, энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн ослын улмаас тээврийн хэрэгслийг журамласан гэдэг мэдээлэл байна.