Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улс бараг хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан билээ. Тэгвэл энэ цаг үед Монгол улсад  байсан БНХАУ-ын иргэд Гадаадын иргэн харьяатын ажилтанд Монгол хүнээр дамжуулан хахууль өгч визээ сунгуулж байсан хэрэг гарчээ. Уг хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зүйл ангиа нэмэх хэрэгтэй  буюу “…улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж, шалгах зүйтэй …” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байна.

Хэргийг тодруулбал, Э.Мөнгөнцэцэг гэх эрх зүйч мэргэжилтэй бүсгүй Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Виз зөвшөөрөл харьяатын газарт виз зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр томилогдсон байна. Улмаар тэрбээр Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрөл харьяатын газарт виз зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

Тэрбээр уг ажлаа хийж байхдаа З.Нямсүрэн гэгч эмэгтэйн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Ву Па Хуй /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгахдаа тэднээс ямар нэгэн хүсэлт, холбогдох баримт материалыг хүлээн авалгүйгээр тус иргэний Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсан байна. Үүнийхээ хариуд З.Нямсүрэнгээс өөрийн хамаарал бүхий этгээд Ч.Эрдэнэтөгсийн Хаан банканд бүртгэлтэй 56… тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 56… тоот дугаарын дансаар 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 110.000 төгрөгийг нийт 1.110.000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль авсан байна.

Энэ үйлдэл нь дараагийн хахуулийн хэргийнх нь эхлэл болж, уг үйлдэл нь удаа дараа давтагджээ. Өөрөөр хэлбэл,  Э.Мөнгөнцэцэг нь З.Нямгэрэлээр дамжуулан БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргаж өгөөд 10 гаруй сая төгрөг авч байсан нь мөрдөн байцаалтын шатанд нотлогджээ. Тодруулбал, Э.Мөнгөнцэцэг нь урьд өмнө Гадаадын иргэн, харьяатын газраас визний зөвшөөрөл авахаар хүсэлт, холбогдох баримт материал ирүүлж байсан Монгол Улсад үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг “Ханш гэрэл” ХХК, “Уридриллинг” ХХК, “МСМ групп” ХХК, “Дээд оюунтан” ХХК, “Биг фиш аппарел” ХХК, “Фронтер ҮЦК” ХХК, “Оюут Улаан” ХХК, “Асмос” ХХКомпаниудын баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод сүлжээ /ISM/-нд байршуулан 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13 414 130 төгрөгийн хахууль авсан байна. Э.Мөнгөнцэцэгт хүлээлгэх хариуцлагыг нь нэмэгдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн байна.