Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хотулун гүнж-Алтан судрын эрэлд гарсан нь

Шүүдэр продакшн, Voo апп-ын хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК трэйлерээ цацлаа. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа агаад өнгөрсөн 10 сард анхны teaseree дэлгэсэн билээ.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй, өрнө дорны түүхэнд алдартай алтан ургийн, хүчит  Хотулун гүнжийн тухай бүтээлийн гол дүрүүд ийнхүү трэйлерээр тодорч байна.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй энэ киноны гүнжийн дүрд жүжигчин Мөнхбатын Цэрэндолгор, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу горлос овгийн Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид  жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглож байна.

Киноны эх зохиол шидэт реализмын хэлбэрээр бичигдсэн тул кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор СТА Ц.Байдрагийг сонгожээ. Уг бүтээл гол баатруудын бага насны дүрүүдээр эхэлдэг агаад аавынхаа дүр Урус хунтайжийн бага насанд жүжигчин Тэмкагийн хүү Т.Анар-Од, Ажуруг гүнжид 6 настай Ж.Индра, Абатай баатрын дүрд А.Билэгт-Очир нар тоглож байгаа ажээ. Хотулун гүнж УСК-г насны ангилалгүй, гэр бүлээрээ үзэх үндэсний контент байлгах зорилгоор 18+ хэсгүүд, хэт их цус, хараал хашгираангүйгээр бүтээх зорилго тавьж байгаа юм байна. Сонирхолтой нь Хотулун гүнжийн алтан судрын эрэлд хамтдаа гардаг итгэлт 5 баатрын бага насны дүрүүдэд тулааны найруулагч Ц.Цэендашийн хүү Ц.Тэнгэр, Хад баатар хэмээх сөрөг дүрд тоглож буй жүжигчин Ө.Энхболдын хүү Э.Энх-Ирмүүн нар насанд хүрсэн жүжигчидтэйгээ дүр төрхөөр адилхан тул сонгогдсон байна. Хотулуны хамгийн хүчит баатар, алиа хошин Баавгай баатрын дүрд СТА Д.Төмөрбаатар, түүний бага насанд О.Манлайбаяр, харваач Харцага баатарт СТА Алтантөр, бага насных нь дүрд О.Үүл, Дува хунтайжийн бага насны дүрд морин харваач 9 настай  Э.Энхмандах нар тоглосон байна.

Киноны Ерөнхий продюсерээр  Д.Болдхуяг, ерөнхий найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач СТА Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч СТА Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Уг киноны зураг авалтыг 2020 онд  Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлээд дуусах юм байна.

Цар тахлын улмаас цаг үе, эдийн засгийн хүндрэл тохиолдож байгаа ч ойрын үед хийгдээгүй олны хэсэгтэй, нүсэр  төсөвтэй, гурван улирлыг үзүүлсэн  “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант УСК энэ оны сүүлчээр 11 сард нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!