Өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангийн Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хурандаа Э.Бямбадорж тус ангид хоригдож буй хүмүүжигчийн биед халдаж, гэмтэл учруулсан байдаг.
Түүний дээрх үйлдэл нь хорих ангийн хяналтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан шалгалт явуулж байна.
Түүнчлэн прокуророос дээрх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа ба харьяаллын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.
ШШГЕГ-ын зүгээс дээрх үйл явдлыг тайлбарлахдаа “Тухайн хүмүүжигч нь бусдын биед халдсан, мөн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар өөрийн бие эрхтэнд санаатайгаар гэмтэл учруулах үйлдлийг гаргасан. Харин Э.Бямбадорж нь хүмүүжигчийн энэ үйлдлийг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон” гэжээ.
Хурандаа Э.Бямбадоржид зодуулсан хүмүүжигчийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, эргэлт оруулахгүй байгаа гэх бөгөөд “Хэрэв хойноос нь хэл ам хийвэл, хоригдож байгаа хүнд чинь илүү хэцүү байх болно” гэх мэт айлган сүрдүүлсэн зүйлс хэлснийг эх сурвалж дамжууллаа.
Дашрамд сануулахад, хурандаа Э.Бямбадорж нь 2003 онд ШШГЕГ-ийн 461 дүгээр хаалттай хорих ангийн ерөнхий жижүүрээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оноос тус ангид Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаа аж.