Хүүхдийн төлөө фондод 2.2 тэрбум төгрөг цуглаад байсныг Баасан гарагт буюу тавдугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өгөв.
Тодруулбал, Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлсэн. Харин үүнтэй холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж, тус фондод 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийт 2 тэрбум 227 сая 408 мянган төгрөгийн хандив өгсөн билээ.УИХ-ын дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, Хүүхдийн төлөө сангийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн
- 16.6-д Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих зориулалт бүхий сантай байна.
- 16.7-д Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүүхдийн төлөө сангийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэж заажээ.
Энэ дагуу ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн хариуцах Хүүхдийн саснд мөнгийг шилжүүлсэн байна.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалтаар зарцуулах юм байна.
Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батлах бөгөөд яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгаа юм байна.