Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Н.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэргийг сугалж, үндэслэлгүй шалтгаанаар цагаатгалаа

Ар тал сайтайдаа хэргээс мултарч, бүр УИХ-д нэр дэвшихээ зарлалаа

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн дэмжигдсэн. Учир нь тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж, Сонгуулийн хуулийн дагуу энэ оны 1 сарын 1-ээс өмнө ажлаа өгсөн юм. Тэрээр УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү. Харин түүнтэй хамт хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнийг ч мөн хэргээс мулталж амжаад байна.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 83 хүнд НПГ-аас 2022 оны сүүлчийн өдрүүдээр яллах дүгнэлтийг танилцуулсан. Уг нь 83 хүний асуудал яригдаж байсан ч эцэст нь Зээлийн хорооны 10-аад хүн хоригдсоноос замын дундаас гурав нь сугарч, өдгөө 5 хүн “аав”-ынд үлдээд хоёр жил тойроод байна. Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нарын хэргийг сугалж үлдээгээд, зүйл ангийг нь өөрчлөн тусгаарласан юм. Ингэхдээ Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэрэг үндэслэлгүй гэдэг шалтгаанаар цагаадсан гэнэ.
Уг нь АТГ-аас Я.Сод-Эрдэнийг “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй, Г.Дөлгөөнийг “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй, Д.Ринчиндоржийг “Газ импорт”, “Ганхүдэр орд”, “Инжир”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” компаниудын зээлтэй холбогдуулж тус бүр Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татаад байсан. Тэгвэл эдгээр гурван хүнийг, тэр дундаа Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарыг хэргээ тусгаарлуулаад үлдчихсэнд барьцах хүмүүс ч яваандаа гарах биз.
Ер нь Хэнтийн угшилтай хэн ч байсан улс төрд, хууль хяналтын байгууллагад хялбархан тушаал дэвшдэг болсон нь нууц биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтийнх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтийх, тэр байтугай Г.Занданшатар нь ч Хэнтийтэй холбоотой намтар бий. Хууль хяналтад л гэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Ж.Болд, дэд дарга П.Оростогоо хоёулаа Хэнтийнх, ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа У.Хүрэлсүхээр дамжиж Хэнтийнх гээд цааш үргэлжилнэ. Тэгвэл Хэнтий угшилтнууд ийнхүү улс төрд, хууль хяналтыг “эзэлсэн” нь багадаад, сүүлдээ Хэнтийн угшилтай л бол авлига, албан тушаалын “хэрэгтэн” байсан ч хамгаалагдаж үлддэг болж байгаа дүр зураг тодорч байна. Г.Дөлгөөний хувьд Хэнтий угшилтай, аав Н.Ганбямба нь Хэнтийгээс УИХ-д гурвантаа суусан, дараа нь Хэнтийн Засаг даргаар ч ажиллаж байсан.
Харин Я.Сод-Эрдэнийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун гар буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын төрсөн ах. Иймдээ ч тэд хэргээ тусгаарлуулан сугалуулж аваад, дараа нь бүр үндэслэлгүй хэмээн цагаатгагдаж чадлаа. Харин одоо Г.Дөлгөөн ичихгүй УИХ-д нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлачихлаа. Гэтэл хамт хэрэгт холбогдсон, зарим нь бүр албан тушаал нь ямар ч зээлэнд хамааралгүй хүмүүс өмнөөс нь ял үүрээд 2022 оноос хойш шоронд “шомбойлоо”. Анхан шатны шүүхээс тэгш үйлчлэл, шударга зарчмыг умартан шүүсэн байж болох ч Давж заалдахаар хэрхэн шийдэгдэхийг удахгүй бид харах биз.
Хамгийн инээдтэй нь Г.Дөлгөөн албан тушаалын одтой юм гээч. Одтой гэж дээ, аавынхаа буянд дургиж яваа, төрийн албыг тарлан болгож яваа нэгэн. Тэрбээр 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад 2018-2020 онд Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон, дараа нь 2020 оноос Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан.
УИХ-Д ХЭНТИЙГЭЭС ГУРВАН УДАА СОНГОГДСОН, МАН-ЫН “АРХАГ”-УУДЫН НЭГ Н.ГАНБЯМБЫН ХҮҮ ДӨЛГӨӨН ГЭЖ ХЭН БЭ?
Г.Дөлгөөний хувьд 2008 оны хавар МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, намар нь Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт Нягтлан бодогчоор ажилд орсон. Тухайн үед буюу 2008 онд аав Н.Ганбямба нь Хэнтий аймгаас гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байлаа.
Г.Дөлгөөн 2016 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирлаар томилогдсон. Түүнийг энэ албан тушаалд томилогдох үед аав Н.Ганбямба нь УИХ-д нэр дэвших мандатаа Д.Гантулгад “бэлэглэж”, оронд нь Хэнтий аймгийн Засаг даргаар заларч байв. Өөрөөр бол, Н.Ганбямбыг Хэнтийгээс нэр дэвшихээс татгалзаж, мандатаа “бэлэглэснийхээ” хариуд хүү Г.Дөлгөөнийгөө Хөгжлийн банканд дэд захирал болгож, өөрөө Хэнтийг засаглах эрх авсан ч гэх яриа бий. Г.Дөлгөөн Хөгжлийн банкны дэд захирлаар хоёр ажиллаад 2018 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал болж, мөн хоёр жил ажиллаад, 2020 оноос Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр дэвшин томилогдсон. Товчхондоо, Г.Дөлгөөн Эдийн засагч мэргэжилтэй, эрх баригч намд нөлөөтэй аавынхаа буянаар Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдах албан тушаалуудыг цөмийг нь хашсан нэгэн.
Харин Г.Дөлгөөний аав Н.Ганбямбын тухайд, 1958 онд Хэнтий аймагт төрсөн. Хэнтий аймгийн Норовлинд сумын сургуульд II анги хүртлээ сураад Өндөрхаанд шилжин ирж, тэндээ ахлах сургуулиа төгссөн. 1980 онд МУИС-ийг Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, 1985 он хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан, Бор-Өндөрт багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан. Улмаар 1985 онд МАХН буюу одоогийн МАН-д элсэж, түүнээс хойш Ардын намын “буян”-ыг хангалттай эдэлж яваа нэгэн. Дээрээс нь, Г.Дөлгөөн 2008 оноос төрд ажиллаж буй атлаа 1.9 тэрбумын орон сууц, 230 сая төгрөгийн хадгаламж, 160 саяын төгрөгийн малтай зэргээр хөрөнгөө мэдүүлдэг нэгэн.
Н.Ганбямба 1992, 2000, 2008 онуудад гурван удаа УИХ-ын гишүүнээр Хэнтий аймгаас сонгогдсон. Дунд нь ХХАА-ын дэд сайдын албыг ч хашиж байлаа. Улмаар дээр дурдсанчлан 2016 оны УИХ-д нэр дэвшихээр УЗ-өөрөө хүртэл ороод байсан ч нэрээ татаж, оронд нь Хэнтий аймгийн Засаг дарга болсон. Хэнтийг дөрвөн жил засаглаад, 2020 оны наймдугаар сард одоогийн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатад шилжүүлэн өгч байв.

Санал болгох

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!