Амьдрал ЯРИЛЦЛАГА

Ц.Жадамбаа: Хүн казино тоглоод дампуурдаг болохоос морь руу ороод дампуурдаггүй л байхгүй юу

Хүй мандлын дэнжнээ нэгэн анхаарал татам зочинтой таарсан нь Мэдээлэл, Технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбаа байлаа. Эх орондоо хоёр жил эзгүй байсан тэрбээр саяхан Сөүлийн Үндэсний Их сургуулийг Мэдээллийн технологийн бодлого төлөвлөлт мэргэжлээр M.Sc.Engineering зэргийг амжилттай хамгаалаад иржээ. Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Аяны богцыг нь задлахын зэрэгцээ баяр наадмын талаарх сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе. Морь, бөх, сур гурав үгүй болвол Монгол үгүй болно гэж бардам өгүүлэх түүнээс аргагүй л эх оронч, эрч хүчтэй эрийн хийморь үнэртэж байлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баяр наадам сайхан уу. Хоёр жил эх орондоо эзгүй байлаа. Энэ жил морь хурдан, цог хийморьтой сайхан наадлаа шүү дээ?

-People сэтгүүлийн нийт уншигчдадаа баяр наадмын мэнд хүргэе. Энэ жил их сайхан наадлаа. Манай “Хүй мандал”-ын галаас найман хурдан буян айрагдлаа. Их сайхан байна.

Би хоёр жил гадаадад сурсан. Тэр хугацаанд хоёрхон удаа эх орондоо ирсэн. Тэр хоёр удаа ирсэн нь наадмаар таарсан байдаг. Их сонирхолтойгоор наадмаар ирсэн. Манай гурав дахь охин намайг явснаас хойш сарын дараа буюу есдүгээр сарын 12-нд төрсөн юм. Тэнд дөнгөж оюутан болоод очсон учраас охин дээрээ ирж чадаагүй. Тэгтэл дараа жилийнх нь наадмаар миний хязаалан үрээ улсад айрагдаад тавд орсон. Зүүд зэрэглээ шиг л юм боллоо. Нэг оюутан тэнд сурч байдаг, ганц адуутай байтал тэр нь улсад тавд давхичихсан. Тавд орсныг нь найзуудаасаа сонсоод гэнэт нисэх болтол ганцхан билет байсан. Их азтай. Тэр билетээрээ ирээд маргааш нь би улсад морио цоллуулсан түүхтэй. Эр хүний хувьд Хүй долоо худагт улсад айрагдсан морио цоллуулна гэдэг их хувь заяа шүү дээ. 2017 оны зун ингэж би улсад морио цоллуулах гэж ирж байлаа.

-Охиноо төрөхөд ирээгүй мөртлөө адуугаа айрагдсан гэхээр наашаа нисчихсэн байх нь ээ?

-Харин тийм. Охиноо төрөхөд ирээгүй мөртлөө морио айрагдахад ирсэн гээд гэр бүлийнхэндээ бас томъёотой /инээв/. Гэхдээ энэ бол эр хүний хийморь лундааны асуудал юм. Өөрөө багадаа морь унаж, бас уяж өссөн хүн, хэсэг сургууль гэж завсарлаад дараа нь морь руугаа буцаад орсон болохоор энэ миний хувьд хэзээ ч мартагдахгүй зун байлаа. Дараа зун нь Дорноговь аймгийн алдарт уяач болоод цолоо ирж ав гэсэн болохоор арга буюу гэрийнхэндээ хэлэхгүй гэнэт 10-ны орой нисэж ирээд сюрприз барьсан юм. Ингэж хоёр удаа ирэхдээ дандаа наадмаар таарч байлаа, их ч ач холбогдол өгдөг дөө.

-Тэгэхээр Монгол наадамдаа ихээхэн ач холбогдол өгдөг байх нь ээ?

-Ер нь хүн талаасаа морь, бөх, сур гуравт их ач холбогдол өгдөг. Манайх шиг Орос, Хятад хэмээх хоёр том гүрний дунд оршдог, цөөхөн хүн амтай, газрын дороо баялагтай, том газар нутагтай улсын хувьд цусны дархлаа гэж байдаг. Энэ дархлаа үндэсний өв соёлоор хамгаалагддаг. Морь, бөх, сур гурав үгүй болвол Монгол үгүй болно гэсэн туйлын итгэл үнэмшил надад бий. Энэ утгаараа би барилдахгүй, сум тавихгүй. Моринд үнэхээр итгэдэг, дуртай юм болохоор залуу үедээ үргэлжлүүлж, тээж явах ёстой гэдэг үүднээс хөрөнгө оруулалт хийх болсон.

-Гэхдээ зарим хүмүүс хөрөнгөжөөд ирэхээрээ моринд мөнгө хаяад эхэлдэг гэж хардаг шүү дээ. Таныг ч гэсэн овоо хөрөнгөжжээ гэж харж байгаа байх?

-Тэгж л байгаа байх. Гэхдээ энэ чинь нэг талын спорт шүү дээ. Солонгост гольф гэдэг маш өндөр төлбөртэй спорт хүчээ авсан. Гольфийн хүрээлэлд улстөрчид, бизнесийнхэн байдаг учраас бизнес нетворк буюу бизнес харилцаа явагддаг. Бизнес гэдэг чинь мэдээлэл, харилцаа. Монголчуудын хувьд ч морины ертөнцөд үүний нэг хэлбэр байдаг учраас буруу зүйл биш. Үүнийг глобал талаас нь харах ёстой. Орон нутагт морио уяж байгаатай адил хотын бизнесмэнүүд ч моринд орж эхэлсэн нь буруу, муухай зүйл биш. Үүнд орох ёстой, хөрөнгө оруулалт хийх ёстой, хөгжих ёстой. Дээрээс нь Монгол хүн морио унаж, морин дээрээ өсөж байж морин дээрээ чангардаг юм шүү дээ. Морьтой нэг ч удаа тохой ойртож үзээгүй хүмүүс энэ тухай ярьж, шүүмжилж болохгүй. Морины тухай уншиж, судалж үзэх хэрэгтэй. Тухайлбал өвөл морин дээр даардаггүй юм шүү дээ. Морь унаж байсан бүх хүн үүнийг мэднэ. Мориныхоо энергинд халуу дүүгээд л давхиж байдаг. Энэ бүхнийг эерэг өнцгөөс нь ярьж, хэлж байх хэрэгтэй санагддаг. Гэхдээ би энүүгээр өвөл уралдах ёстой гэж байгаа юм биш. Бид зарим зүйлийг мэдэхгүй хэрнээ хэт их шуугидаг учраас гадарлах хүний хувьд жишээ авч байгаа юм.

-Сайны хажуугаар саар гэгчээр хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрхийн асуудал морин дээр их яригддаг. Хөндлөнгөөс харахад бас л сэтгэл эмзэглэмээр зүйл шүү?

-Төвлөрсөн том уралдаануудад хүүхэд нэг их энддэггүй. Маш өндөр зохион байгуулалттай болдог. Жижиг овооны наадам, ургийн баяр, одонгийн найр зэрэг дээр хайхрамжгүй хандсан уяачийн буруугаас болоод сөрөг мэдээлэл цацагддаг. Хүүхдийн аюулгүй байдал, даатггал, хариуцлага зэрэг хууль тогтоомж нь гараад, хөндөгдөөд эхэлсэн учраас цаашдаа улам цэгцэрнэ. Ер нь бол морийг хүүхэд, уяачаас хэзээ ч салгаж болохгүй. Цаашдаа ч би энэ байр сууринд хатуу зогсоно. Хүмүүс хүүхэд унуулахаа болиод робот мордуулъя гэж ярьдаг юм билээ. Цаг хугацааны эрхээр энэ бүхэн өөрчлөгдөх л байх. Ингэхэд жилд Монгол Улсын хэмжээнд хэчнээн уралдаан болдогийг мэдэх үү?

-Хэдэн зуу байх?

-Нэг суманд жилд багадаа хоёр наадам болж байна. Монгол Улс 336 сумтай. 336-г хоёроор үржүүлчих. Энэ бүх баяр наадмыг дандаа баячууд хийгээд байгаа юм уу, үгүй шүү дээ. Мал дээрээ байгаа бүх хүн л морь уядаг, унадаг. Энэ чинь өөрөө соёл. Тэгэхээр энэ соёлыг өөрчлөх боломж байхгүй. Зөв журамлаад хөгжүүлэх хэрэгтэй. Наад зах нь энэ морьны соёлыг дагаад амьдарч байгаа маш олон тооны гэр бүл бий. Галын бүтцийг задлаад үзвэл ерөнхий уяач, арван хүнтэй гал байлаа гэж бодоход тэдний туслах уяач, туслах уяач дор дахиад туслах, унаач хүүхдүүд, тогооч гэх мэт гэр бүлүүд байдаг. Ингээд өвс, тэжээлээс эхлээд эдийн засгийн маш том эргэлт хийгдэж, эм тариа, мал эмнэлэг дагалдаж, мал нь хүртэл эрүүлжиж байна. Эдийн засгийн талааасаа ч гэсэн асар их эерэг үзүүлэлттэй. Энэ бүхнийг авах гээхийн ухаанаар харж, хандах хэрэгтэй. Хавар болохоор л нэр ус нь хуурамч хаягнаас хуучин хэдэн зураг гаргаад цацаад байдаг. Магадгүй манай соёлыг мөхөөх гэсэн гадны бодлого ч явж байж болох. Монгол хүнийг морь, бөх, нум сумгүйгээр төсөөлж болохгүй. Би залуу хүний хувьд үүнд бат итгэлтэй, бат суурьтай байдаг.

-Тэр ч тийм байх шүү. Морь нь түрүүлсэн хүний тэр жилийн цог хийморь ёндоордог л гэх юм. Үнэхээр та нарын ажил, амьдралд морины тань ёндоо харагддаг уу?

-Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Сэтгэлзүйд нөлөөлдөг юм. Өөрийнх нь уясан морь бодож байсан наадамд нь айрагдчихаар “Би ёстой мундаг байгаа юм байна” гээд тэр хүний энерги, эд эс нь сэргэж байна шүү дээ. Тэр сэргэсэн эсээрээ илүү их эрч хүчтэй ажилладаг. Би болохгүй байна гээд гундаад л байвал нөгөө эс чинь үхэж, цусны эргэлт удаашраад бүх зүйлд уурлаж, ундуйцаад буруу алхам хийж эхэлдэг. Нөгөөтэйгүүр манай уяачид “Моринд хөрөнгө оруулалт хийсэн хүн хэзээ ч хоосордоггүй” л гэж ярьдаг юм даа. Морины юм ер нь бүтдэг. Яаж ийж байгаад л болдог. Хүн казино тоглоод дампуурдаг болохоос морь руу ороод дампуурдаггүй л байхгүй юу.

-Яалт ч үгүй морь барианд ороод ирэхээр огшдог юм билээ. Өөрөө бол их огшино биз?

-Ямар ч Монгол хүн заримдаа муулаад байгаа мөртлөө орж ирж байгаа морийг хараад нулимс унагадаг. Гадаадад байгаа монголчууд морины бичлэг үзээд, дууг нь сонсоод уярдаг шүү дээ. Монгол хүн болохоор огшино оо, огшино.

-2017 онд морь тань улсад айрагдахад нулимс унагасан л биз дээ?

-Хүний нутагт зүүд шиг л санагдсан. Тэнд байгаа ганц оюутны морь улсад айрагдахад нулимс унагалгүй яах вэ. Халхын хэдэн мянган эрийн шигшмэл унага уралдаад, тэднээс давхиад ирнэ гэдэг үнэхээр гайхалтай. Мөрөөдөл биелдэг л юм билээ.

-Оюутны хийморь цог бадарч байжээ, тэр жил. Ер нь морины уралдаанд арын хаалга, авлига гэж байхгүй нь сайхан юм даа?

-Эхийн одон, морины цол хоёрт арын хаалга гэж байдаггүй. Дөрөв төрөхөд Алдарт эхийн одон авна, Аймгийн Алдарт уяач цолыг тухайн бүсэд 16-аас дээш айрагдсан тохиолдолд өгдөг. Би ганц удаа улсад айрагдуулаад Дорноговь аймгийн Алдарт уяач болоогүй. Миний тэр адуу чинь өмнө нь өчнөөн бүс, аймаг, сум мөн улсын наадамд айрагдаж тоо нь бүрдээд Дорноговь аймгийн Алдарт уяач гэдэг цол авсан. Энэ хугацаанд өчнөөн жил хожигдохдоо хожигдож, айрагдахдаа айрагдсан. Миний хувьд гунигтай түүх байдаг юм.

-Ямар түүх билээ?

-Анх талийгаач ах надад нэг саарал морь бэлэглэсэн. Тэр саарал морио уямаар санагдаад Дорноговиос Энхтүвшин ахаар авч ирүүлээд Монгол Улсын Манлай уяач Ихбаяраар уяуулсан. Тэр морь маань улсад 54-т ороод арчилгаа дутсанаас болоод шөнөдөө Хүй долоо хутагт алдсан юм. Тухайн үед би агентлагийн дарга, морины комисс байлаа. Маш хүнд байсан. Ингээд мориныхоо толгойг авч нутагт нь өргөсөн. Тэр үед би нэг зүйл амласан. Энэ цагаас хойш би Хүй долоо хутагт морь таслахгүй, хожигдсон ч хамаагүй уралдуулна гэж тангарагласан. Түүнээс хойш морь таслахгүйгээр уралдуулж байгаад 2017 онд айрагдсан. Морины авшиг мэдрэх их сайхан. Манайхаар бол өм нээх буюу анхныхаа айргийг авах мөн ч сайхан шүү дээ. Ер нь бол би хамгийн анхныхаа айргийг Дорноговь аймгийн Дэлгэр сум, төрсөн нутгийнхаа 90 жилийн ойгоор авч байлаа. Түүнээс хойш ер нь айрагдсан даа. Дэлхийн хаана ч морь үнэ цэнтэй. Морь ганцхан Монголын симбл биш, дэлхийн симбл. Дэлхийн аль ч улсад морь хамгийн үнэтэй, хамгийн дээд эрдэнэ байдаг.

-Та ч аргагүй мориндоо хайртай Монгол хүн юм аа. Баяр наадамтай холбогдуулаад чамгүй морь болон Монгол соёлынхоо талаар ярилцлаа. Холын хүний үг сонс гэдэг дээ. Явсан газрынхаа сонин хачинаас дуулгаач. Мэдээллийн технологийнхоо чиглэлээр мастер хамгаалаад ирсэн байх аа?

-Би Сөүлийн Үндэсний их сургуулийг сая дүүргэлээ. Манай сургууль Солонгостоо нэг номерт ордог. Дэлхийд жил болгон дээш доошоо бичигдэхдээ топ 50 дотор жагсдаг. Миний үндсэн мэргэжил Хуульч, эрх зүйчийн бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан. Хоёр дахь нь Мэдээллийн технологийн салбарын хүн болж мэргэшлээ. Инженерийн шинжлэх ухааны магистр гэдэг зэргийг авсан. Мэргэжил нь Мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт.

-Мэдээллийн технологи хөгжиж байгаа энэ үед маш чухал мэргэжил байна шүү дээ?

-Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу орж байна. Дэлхийн хөгжлийг Аж үйлдвэрийн хувьсгалаар хэмждэг. Уурын усан онгоц ашиглаж эхлэх үеэс Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг зүйл анх гарсан. Түүнээс хойш дөрөвдүгээр хувьсгал руу орж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал мэдээллийн технологитой хамааралтай. Цаашдаа мэдээллийн ажилтан гэж байхгүй болно, шууд дисктоптой харьцдаг болно. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал маш хурдтай хөгжиж байна. Жолоочгүй машин, дрон л гээд олон зүйл гарч ирлээ. Бүхий л салбар Мэдээллийн технологитой салшгүй холбоотой болчихлоо. Миний мэргэжлийн онцлог нь үүний бодлого төлөвлөлт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм. Бодлого ярихаар том сонсогдож байгаа боловч шийдвэр гаргагчийн төвшинд бүхий л зүйл бодлогын судалгаатай холбоотой байдаг. Бодлогын судалгаа хийгдэж байж шийдвэр гарах юм бол хамгийн оновчтой байна.

-Монгол Улсын хувьд мэдээллийн технологи цаашид яаж хөгжих ёстой юм бэ?

-Монгол Улсын хувьд Мэдээллийн техонологийн салбар хөгжихгүй биш хөгжиж байна. Жилээс жилд үзүүлэлтээсээ хамаараад дээшээ, доошоо болдог. Тэр нь НҮБ, Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг үнэлгээгээр хэмжигддэг. Засгийн газрын ил тод байдал, нээлттэй байдал, мэдээллийн технологиор дамжуулж иргэдэд төрийн үзүүлж байгаа байдал зэргээр үнэлдэг. Гэхдээ үнэлгээний байдал харьцангуй, их сонин. Монгольг дандаа гаднаас нь үнэлдэг. Яг хүн амынх нь техологийн хэрэглээ, гар утасны тоо, интернетийн хэрэглээ зэргийг авч үзвэл харьцангуй өндөр үзүүлэлттэй. Азид л гэхэд Фейсбүүкийн хэрэглээгээр Монгол нэгт жагсаж байна. Нэг хүн дунджаар 2-3 гар утастай байх хэмжээний дугаар зарагдсан байдаг. Олон үүрэн телефоны оператор оршин тогтноод байгаа шалтгаан нь энэ. Нөгөө талдаа программ хангамжийн хөгжлийг нь аваад үзвэл бас өөр дүн гарна. Их том салбар учраас өөр өөр үзүүлэлтүүд гарна. Үзүүлэлтүүдийг нэгтгээд харвал нэг их өндөр хөгжилд хүрээгүй ч хөгжиж байгаа оронд тооцогдоно.

– Гар утаснаасаа зураг, бичлэг, шууд эфир цацаж нэг ёсондоо хүн бүр мэдээлэгч болжээ. Мэргэжлийн сэтгүүлзүй шахагдаж эхэлсэн ч гэж хэлж болно. Мэдээж сайн, муу хоёр талтай л байх, тийм ээ?

-Хүн болгон мэдээлэгч байна гэдэг нь сэтгүүл зүй устана гэсэн үг биш. Сэтгүүл зүй гэдэг чинь маш том шинжлэх ухаан, маш том салбар. Эсрэгээрээ мэдээллийн технонологио дагаад хөгжинө. Сэтгүүлийн хэвлэснийг уншиж кайф авдаг хүн байхад гар утаснаасаа үзчихдэг хүн ч бий. Энэ бүх хэлбэрийг зэрэг гаргаад л явна.

Мөн мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнууд нэг номерт технологи буюу төмрөө хөгжүүлдэггүй. Хамгийн түрүүнд хуулиа зохицуулдаг. Сайн хуультай улсад сайн технологи хөгждөг. Солонгосын технологийн ертөнц яагаад хөгжөөд байгаа юм, ерөөсөө л хуулийн орчноо маш сайн бүрдүүлсэн. Манайх сүүлийн үед Мэдээллийн технологийн салбарынхаа бодлогын баримт бичгийг батлуулсан. Хуулийн шинэчлэлүүд үе шаттай хийгдэж байна. Цаашдаа илүү их хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.

Хууль эрх зүйн орчин нь гойд бүрдчихвэл цахим гэмт хэргүүд ч багасах байх?

-Цагдаагийн байгууллага дээр мэдээллийн технологи болон хувь хүний нууцтай холбоотой маш олон гэмт хэргүүд бүртгэгддэж байгаа байх. Сүүлийн үед. Энэ нь цаашид олон төрлийн зохицуулалт хэрэгтэй байгааг харуулж байна. Тэгэхээр эрх зүйгээр төгсөж байгаа оюутнуудад мэдээллийн технологийн эрх зүйч гэдэг мэргэжлээр дагнаж төгсөхөөс эхлээд маш олон шинэ ойлголтууд урган гарна.

-Нээрээ тийм байна шүү. Мөн тантай уулзсаных улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар асууя. Та АН-ын Засгийн үед Мэдээлэл, Технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын дарга байсан. АН-ын Нарийн бичиг ч хийж байлаа. Улс төрөөс хөндийрчихөөгүй биз дээ?

-Би хүн муулаад байх дургүй. Яагаад гэвэл ажил хийх нэг өөр. Ажил хийж байгаа хүнийг хажуунаас нь хараад шүлсээ үсчүүлэх бас өөр. Ажил хийж байгаа хүн алдаатай, оноотой байна. Яагаад гэвэл бүгдийг нь 100 хувь харж чадахгүй. Яг өнөөдрийн төвшинд олонх болсон нам чадлаараа л ажлаа хийж байгаа байх. Тэрийг удахгүй болох сонгуулиар ард түмэн дүгнэнэ. Ганцхан хэмжигдэхүүн бий. Мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү, Өрхийн орлого бодитойгоор хэрхэн өсөж байна, Таны амьдрал ямар байна, энэ бүхнээр л хэмжигдэнэ.

-Ард түмний хувьд МАН, АН-ын алинд нь ч итгэл буурсан. Адилхан идэхээс хойш аль нь ч хэрэггүй гэлцэх боллоо?

-Үгүй л дээ, эсрэгээрээ бодлого гаргадаг олонх Засгийн эрхийг авч байж бодлогоо хэрэгжүүлдэг. Бодлого байхгүй бие даагч бол шуудайн доторх үхийн эвэр шиг л болно. Үүнийг Монголын парламент залуу байгаа болохоор хүмүүс сайн мэдэхгүй байна. Нэг л их намаас залхаад. 76 өөр бодолтой хүн ороод ирэхэд Монголд ямар ч ажил явахгүй. Засгийн газар нь бараг жилдээ хоёр солигдоно. Тэгэхээр бодлого, улс төрийн том хүчнүүд хэрэгтэй, цаашдаа харин хүний нөөцөө сайн бэлдэж, алдаагаа л засах ёстой.

-Дараагийн сонгууль мөн ч хол байна даа гэж байтал хаяанд ирчихлээ. АН-ын залуу лидерийн хувьд дэвших санаа оноо байна уу?

-Тэр бол цаг хугацааны асуудал болох байх. Одоо бол би өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийг хөл дээр нь босгох, бий болгосон 10-н хэдэн ажилтныхаа цалинг тогтмол өгч, татвараа сайн төлөх нь миний улсдаа гүйцэтгэж байгаа хамгийн том үүрэг. Мэдээж би улс төрөөс нэг их холдчихгүй байх. Мөн үнэхээр чи харж, мэдэж, хүсч байгаа бол түүнийг өөрчлөхийн төлөө гараа өргөх ёстой гэсэн хувь хүний бодол байдаг. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэгчээр зүхэж суух биш, лаа асаах болно. Энэ амьдралыг дуусан дуусталаа байгаа газартаа гэрэл гэгээ гийгүүлсээр явна. Сайхан үг байна.

Ингэхэд Жадамбаа манай манлайлагч залуусын нэг. Нийгэмдээ, залуустаа зориулж юу хэлмээр санагддаг вэ. Нэг хэсэг нь ажил хийх дургүй болж, нөгөө хэсэг нь архи шоу эргүүлдэг болж. Мэдээж бүгд муу биш л дээ?

-Би дээд үеийнхнийхээ талаар юм хэлэхгүй. Угаасаа тэд туулдагаа туулаад, хийдгээ хийсэн учраас. Дүү нартаа ганц л юм хэлье. Цаг хугацаа байгаа дээр ном унш. Болж өгвөл явж сур. Нүдээ нээ. Дэлхий нээлттэй байна. Ингээд ирсний дараа амьдрал угаасаа чамд хүсээд байгаа мөнгө, бизнесийг чинь өгнө. Тэрийг битгий мөрөөд, зүгээр л хөдөлмөрлө.

Манай үеиийнхний хувьд хоёр төрлийн хүмүүс байх шиг. Цөөнх хэсэг нь эрдэм шинжилгээний судалгаа хийж, бүтээл туурвиж, топ компанид ажиллаж, босгож байна. Үлдсэн олонх хэсэг нь Монгол хүн судлал хийдэг болжээ. Монгол хүн судлал гэдгийг ойлгож байна уу?

-Ойлгож байна. Шүүмжлэгч олон болжээ гэж үү?

-Яг тийм, Нэгнийгээ шүүмжлэх л ажил хийж байна. Тэгэхээр залуус минь Монгол хүн судлалаа орхих хэрэгтэй. Нэгдэж нийлээд, хамтраад өөр зүг рүү харах цаг болсон. Бидний Монгол хүн судлал арай л хэтрээд байна. Өөрийгөө яая гэж байж хөршөө судалж, өөрийгөө яая гэж байж өрөөлийг судлаад байна, хэрэггүй байхгүй юу. Тэр нь сошиалаар харагдаж байгаа биз дээ.

Яг голыг нь олоод хэлчихлээ. Бас ширээ дүүрэн ном дэлгэжээ. Энэ их номыг зэрэг уншдаг хэрэг үү?

-Би ном уншдаг хүний дэргэд ном уншдаггүй. Хэрэгтэй хэсгээ онцлоод уншчихна. Олон ном зэрэг дэлгэж байгаад уншина. Нэг ном хоёр, гурван жил болдог гэсэн үг.

-Гэхдээ ном дэлгэдэггүй хүмүүсийн дэргэд уншиж байна гэдэг чинь давуу тал шүү дээ?

-Уншихгүй бол тэлэхгүй шүү дээ. Эд нар чинь судалгаа хийгээд батлаад гаргачихсан учраас тэндээс түүх харах хэрэгтэй. Тэгж байж тэндээс өнцөг гарна.

-Зөв шүү. За сүүлийн хэдэн асуултаа бизнест тань зориулъя. Жадамбаа Монголчуудынхаа элгийг хамгаалахаар шуударлаа л гээд байна. Монголчууд архи л үйлдвэрлээд байхаас элгийг нь хамгаалах талаар хийсэн зүйл ховор. Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт орж эхэллээ. Танай кондишн их зүгээр санагдсан шүү?

-Энэ бол соёлтой хэрэглээ. Зарим хүмүүс “Чи бусдыг архи уухад уриалан дуудлаа” гэж намайг гоочлоод байгаа юм. Уг нь надтай, надгүй өчнөөн зуун жил архи ууж ирсэн төдийгүй жил болгон үйлдвэрлэж буй спиртний тоог аваад үзвэл аймшигтай тоо гардаг. Ийм байхад би ганц кондишн зарсанаараа уриалж байгаа юм биш шүү дээ. Эсрэгээрээ миний бизнесийн гол санаа нь бид эрүүл байх ёстой, ажлаа алддаггүй байх хэрэгтэй гэдэг зүйл юм. Энэ байх ёстой соёлтой хэрэглээ. Цаашдаа архины хэрэглээ улам л багасна. Гэхдээ дэлхийн бүх л улс орнууд бүгд алкохолийг бидэнтэй адил өндөр хэрэглэдэг. Хэрэглэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэдэг. Эрүүл байх, ажил төрлөө бодож үүнийг хамтад нь хэрэглэдэг. Би хуульч, IT-гаар төгсөж байгаа мөртлөө Солонгосоос буцахдаа эрүүл мэндийн бизнесийг авч ирсэн. Бас л сонин санагддаг байх аа.

-Ер нь шударга хэлэхэд архи ууж л байгаа бол элгээ хамгаалах хэрэгтэй шүү дээ. Энэ тэгээд Солонгостоо танигдсан бүтээгдэхүүн үү?

-1992 оноос өнөөдрийг хүртэл Солонгосын зах зээл дээр дангаараа 60 хувийг эзэлдэг. “CJ HealtCare” компанийн бүтээгдэхүүн. Тэнд ажиллаж, амьдарч байсан хүмүүс энэ кондишныг бүгд мэднэ. Солонгосын бүх одууд сурталчилдаг бүтээгдэхүүн шүү дээ. Одоогоор албан ёсоор Монгол, Хятад, Япон, Ветнам улсад зарагддаг юм.

-Элгийг яс хамгаална биз?

-Дан ганц архи дарс биш, элгэн дээр ирж байгаа бүхий л төрлийн хорыг гадагшлуулдаг. Элэг нь ацетлин гэдэг бодис ялгаруулдаг. Тэр ацетлин гэдэг бодис маань архи болон хортой зүйл хэт хэрэглэсэн үед хороо шүүж чадахгүй биеэ хордуулдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний орцон дахь далшис жимс нь ацетлиныг нэмж өгдөг. Ацетлиныг нэмээд өгөхөөр хорыг элгэнд, биед нөлөөлүүлэхгүйгээр маш хурдтай гадагшлуулдаг. Өглөө шартахгүй, мөн муудсан хүн хурдан эрүүл болдог. Архи уухаас өмнө нэгийг, дараа нь нэгийг уудаг юм. Хэрэв амжаагүй бол өглөө нь уучихад болно. Таван минутын зайтай хоёрыг уучихад тэгээд болно доо. Солонгост бол эмийн санд очиход кондишнийг эмтэй өгдөг юм. Эм нь бол яг юу нь өвдөж байгаагаас хамаарч өгдөг л дөө.

-Бас эмэгтэйчүүдийн арьс, гоо сайханд ч нөлөөтэй гэж сонссон. Их гоё амттай юм билээ?

-Шинжлэх ухааны явцад нэмэлтээр хөгжлүүд хийгдээд антиоксистанттай болгож, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ жимснийх нь үндсэн орц хоол боловсруулах эрхтэнийг дэмжиж, үе  мөчний үрэвсэл намдаадаг болсон давуу талтай.

-Зөвхөн архи уухад зориулагдаагүй юм уу?

-Үгүй. Солонгосчууд байнга шарсан хуурсан хоол иддэг учраас араас нь уудаг их уудаг.

-Өдөрт уух норм бий юу?

-Эм биш ундаа учраас хүмүүс өөрсдөө тааруулаад л ууна даа.

-Харин Жадамбаа архи уудаг болов уу?

-Бизнес, улстөрийн бөгөөд нийгэмд идэвхитэй хүн алкохоль хэрэглэхгүй байна гэж байхгүй. Жаахан халж байж энгэр дотроо нээдэг эрчүүдийн хувьд алкохольгүйгээр нэг ширхэг өгүүлбэр явахгүй. Тодорхой хэмжээний зөв зохистой хэрэглээ надад бий. Сархад савнаасаа бусдыг дийлдэг учир бид ер нь аль болох гашуун ундаанаас хол явах ёстой. Хэрэв үнэхээр хэрэглэх шаардлага гарвал соёлтой, эрүүл мэндээ бодож хэрэглэх нь чухал гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!