Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар болон 12 дугаар ангийнханд танхимд давтлага өгөх болсон талаар мэдээлж байна.
Мэдээллийн эхэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбарт хичээлийн хоцрогдол үүссэн нь томоохон сорилт, хүндрэл болж байна. 2020 онд хичээлийн жилийн 60 орчим хувьд танхимд хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 40 орчим хувьд л танхимд хичээллэсэн. Улаанбаатар хотын сурагчид хичээлийнхээ 70 орчим хувийг зайнаас судлаад байгаа. Үүнээс шалтгаалж хичээлийн хоцрогдол үүссэн тул анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн.
Мөн 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон ба Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
“Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, ЭЕШ зохион байгуулна”
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлсэн байна. Энэ онд ЕБС төгсөж буй нийт төгсөгчийн 79 хувь буюу 31,782 ЭЕШ өгнө. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8,638 хүн бий.
Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна. Энэ нь 12 дугаар ангийг төгсөж буй хүүхдүүдэд томоохон боломж юм. Энэ жилийн хувьд гарсан томоохон сорилт нь вакцинжуулалт. Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, ЭЕШ зохион байгуулна.
Шалгуулагчдын
13,636 нь 19 нас хүрсэн
20,082 нь 18 нас хүрсэн буюу эдгээр шалгуулагч вакциндаа хамрагдах насныхан байгаа юм. 15, 16, 17 настай төгсөгчийг вакцинжуулах эсэх асуудал бий. Энэ насныхан 1,675 төгсөгч бий. Эдгээр насныхныг вакцинд хамруулах эсэхийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх юм” гэлээ