Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн допингтой холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Э.Оюунболд аварга Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй учраас нэг ёсондоо нэрийг нь ил тод зарлах боломж бүрдэж зарласан. Бид асуудлыг нэн даруй хуралдаж шийдвэрлэх ёстой. Өнөөдөр Бөхийн салбар хороо хуралдлаа. Салбар хороо өөрийнхөө түвшинд шийдвэрээ гаргаад төв хороондоо уламжилна. Бид допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүйд тооцох эрхтэй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар цол чимэг авдаг даваанд допинг хэрэглэсэн бөхтэй барилдсан бөхөд цол чимгийг нь олгоно. Өөрөөр хэлбэл баяр наадмаар тав буюу түүнээс дээш давахаар ямар нэг цол чимэг өгч байгаа. Журмаараа явах юм бол таваас дээш даваанд допинг хэрэглэсэн бөхөд өвдөг шороодсон байх юм бол тухайн бөхийг давсанд тооцдог ийм л журамтай. Тодруулбал өнөөдрийн Бөхийн салбар хорооны хурлаар журмын дагуу Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасч, Э.Оюунболдод тавын даваанаас хойш унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ даваа гаригт Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлнэ. Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор барилдах эрхийг нь хасдаг. Цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг. Ийм л журамтай.
Түүнчлэн Ш.Жаргалсайхан гарьд дөрвийн даваанд учраа бөхдөө өвдөг шороодоод тахимаа өгөхдөө ёсзүйгүй үйлдэл гаргасан. Энэ асуудалд салбар хорооны дийлэнх гишүүд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Ш.Жаргалсайхан гарьд тухайн үед яагаад ийм үйлдэл гаргаснаа Бөхийн салбар хорооныхонд өөрөө тайлбарлая гэж ирсэн. Улмаар буруугаа хүлээж уучлал хүссэн. Гэхдээ нэгэнт зүй бус үйлдэл гаргасан учраас огт хариуцлага тооцохгүй өнгөрнө гэж байхгүй. Тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасах байх. Энэ асуудлыг дараагийн хурлаараа хэлэлцэхээр шийдсэн. Б сорьцын шинжилгээ өгсөн бөхийн шинжилгээний хариу Монгол Улсад ирмэгц Бөхийн салбар хороо дахиад хуралдана.” Гэлээ.