Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ өчигдөр дууслаа. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын гурван боксын алтан медалийн төлөө өрсөлдөн, бүгд ялж, Азийн аварга болов.
56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга, 2019 оны Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энх-Амар шигшээд “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.
Узбекистан боксчин Жакартагийн Азийн наадамд Х.Энх-Амарыг, 2019 онд дэлхийн аварга болохдоо Э.Цэндбаатарыг ялж байсан юм. Энэ удаа Х.Энх-Амар түүнээс даагаа нэхэн, анх удаа Азийн аварга болов.
60 кг-ын жинд “Ажнай” корпорацийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар аваргын төлөө “Токио-2020” олимпийн эрх аваад буй, Ираны Данияал Шахбахшийг 5:0-ээр ялав. Ингэснээр Азийн хошой аварга боллоо.
64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг алтан медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай, Энэтхэгийн Шива Тапаг 3:2-оор ялав. Ингэснээр Б.Чинзориг тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо.