Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган мэдээллээ.

Тэрээр “Үер усны гамшиг тохиолдсон хороодод маш олон алба хаагч ажилласан. Өдөрт 1000 орчим алба хаагч ажиллаа. Тэдгээр алба хаагчид дөрөв хоног тасралтгүй ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэм баримталж, ажиллагаанд оролцож буй алба хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр хангасан. Мөн ажиллагаанд оролцсон алба хаагчдад халдваргүйжүүлэлт хийсэн. Түүнчлэн эрүүл мэндийн зөвлөмж мэдээлэл өгч ажиллалаа.

Үерийн дараа гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Гэхдээ энэ жил огцом нэмэгдсэн зүйл ажиглагдахгүй байна. Гэхдээ иргэд ариун цэвэр сахиж, эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Үерийн голомтод байгаа өрхүүдэд энэ төрлийн зөвлөмжийг өгч ажилласан.

Одоогийн байдлаар халдварын голомтод ажиллаж байгаа алба хаагчдад дэгдэлтийн шинж тэмдэг илрээгүй. Харин ажиллагаанд оролцсон нийт алба хаагчдын 16-гаас нь гэдэсний халдварт өвчин илэрсэн. Хөнгөн болон хүндэвтэр гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Гэдэсний суулгалт өвчнөөр өвчилсөн алба хаагчид нь хог, лаг цэвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Наймынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.