Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өлсгөлөн зарласан гишүүдийн ДӨРӨВ дэх өдрийг сурвалжлав

ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

13:20 МИНУТ Тэдний нөхцөл байдлыг сурвалжилахаар манай сурвалжлах баг Сүхбаатарын талбайг зорьлоо. Гадаа сэвэлзүүр салхитай ч дулаахан хаврын өдөр нэгэнт иржээ. Талбайн гол хэсэгт нилээд олон хүн лоозон барьсан харагдана. Тэд “Эрх чөлөө, ардчиллаа аваръя”, “Үндсэн хуулийн цэц хууль завхруулалтыг гааруулж байна”, “МАН-ыг тараая” гэх утга бүхий бичгүүд барьжээ.

Тэдний голд өлсгөлөн зарлаж буй гишүүд зарим нь хэвтэж, зарим нь цугласан олонд үг хэлнэ. Аль хэдийн дөрвөн өдрийн хугацаа өнгөрсөн тул тэдний ядарсан байгаа нь илт байв. Гэсэн ч тэмцэх итгэл найдвар байгаа нь ч илт харагдана. Монголын хэвлэл мэдээллийнхэн бараг бүгд цугласан болов уу гэлтэй олон арван камер, сэтгүүлчид тэдний үг, үйлдлийг дамжуулсаар явна. Өнөөдөр Э.Бат-Үүл хүрэлцэн ирж, гишүүдтэй уулзана гэсэн мэдээлэл байсан тул түүнийг сурвалжилахаар ирсэн нь тодорхой.

Талбайн баруун зүүн 2 талд жижиг ширээн дээр А4 цаас, бал, гар ариутгагч харагдана. Өлсгөлөн зарлаж буй гишүүдийг дэмжсэн олон энд гарын үсгээ зурж буй аж.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, О.Цогтгэрэл зэрэг хүмүүс ээлжлэн цугласан олонд үгээ хэлж байв. А.Адъяасүрэн “Эрх баригчид төрийн байгууллагуудаараа дамжуулан Ардчилсан намын сонгогдох эрхэд халдаж байна. УИХ-ын гишүүд болон иргэд ялгаварлан гадуурхагдаж байна. Тэгш эрх, хууль гэж алга. 21 аймгийн 180,000 гаруй АН-ын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгосныг хүндэтгэхгүй байгаа тул бид энд жагсаж байна” хэмээв.

Олон ч хүн тэднийг уухайлан дэмжиж, эцсээ хүртэл хамтдаа тэмцэнэ хэмээн хашгирна.

Иргэн А “Бид шудрага үнэний төлөө энд ирсэн. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс ч өөрийн албан тушаалын төлөө бус, үнэний төлөө зогсож байгаа учраас би дэмжихээр ирлээ. Нэг намын дарангуйлал хэрээс хэтэрч байна” хэмээж байв.

Харин Иргэн Б “Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө олон хүн улайран зүтгэж, хууль зөрчиж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлэх эрхгүй болгоод, Н.Алтанхуягийг хүртэл хориглолоо. Бид үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. Ийм шудрага бус зүйл болоод байгаа тул би тэмцэхээр ирсэн” гэв.

14:20 МИНУТ Талбайн зүүн талаас Ардчилсан намын нилээн олон туг наашилж харагдав. Тэдний дунд Э.Бат-Үүл, М.Тулгат, Ч.Өнөрбаяр болон бусад хүмүүс ирж явлаа.

Тэднийг харсан цугласан олон “битгий ир”, “зайл” хэмээн чанга орилон хашгирна. Саяхан нам гүмхэн байсан талбайд архи уусан бүлэг хүмүүс, чанга эсэргүүцэж орилсон хүмүүсийн дуугаар солигдлоо. Э.Бат-Үүлийн малгайг унагаж, үснээс нь зулгаан биед нь халдаж эхлэв. Олон арван сэтгүүлчид түүнийг бүчин авсаны хүчинд халдсан иргэд дөхөж үл чадна. Ийм нөхцөл байдалд 20-иод минут хоорондоо хэрэлдэж, цугласан олон ч гишүүдтэй уулзуулахгүй хэмээн хоргилсоор байв. Мөн барьж ирсэн тугийг “Та нар авах эрхгүй, Биднийх” хэмээн булаалдаж, урж тасдав.

М.Тулгат “Хэдхэн хүний эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийн атгаг санаа 200 мянган хүнтэй АН-ыг сүйтгэх гэж оролдож байна. Энэ нь Ардчилсан намыг устгах үйл ажиллагаа. Өнөөдөр баруун төвийн үзэл баримтлалтай АН дотор хэт зүүний, нацист үзэл баримтлалтай баахан хүмүүсийн хэдхэн өдрийн дотор нэр дэвшүүллээ. Ардчилсан үзэлтэй хүмүүс бол хүний үзэл бодлыг хүндэтгэдэг. Ардчиллыг хамгаалах цаг ирсэн байна” гэсэн бол

Э.Бат- Үүл “Адилхан Ардчилсан нам учир хамтдаа тэмцэх гэж өнөөдөр өөрийн биеэр Төв талбайд ирсэн. Гэтэл өөдөөс Ардчилсан намын тугийг маань урж угтаж байна. Тэгээд  би аргаа бараад “та нар чинь коммунист юм уу” гэж хэллээ. Ардчилсан нам ардчилал хэзээ ч ийм байгаагүй. Гишүүд ч бас нэгийг бодох ёстой. Биднийг яаж угтаж авч байгаа нь энэ вэ. Энд ардчилал алга” хэмээн толгой сэгсрэн талбайг орхин одлоо. Тэднийг талбайг орхин орхитол цугласан олон хашгирсаар байв.

Ийнхүү хүрэлцэн ирсэн гишүүд талбайг орхин, эргээд нам гүм боллоо.

Энэ үеэр С.Ганбаатар “Үнэний төлөө ганцаардаж яваа АН-д ороод бие минь зүдэрч байгаа ч сэтгэл санаа минь жаргалтай байна. Үнэн ялна гэдэгт итгэж байна. Тэд У.Хүрэлсүхийн захиалгаар ирсэн. Х.Баттулга тэдний “бууны нохой” болсон байгаад маш их харамсаж байна. У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч болох хүсэл хэрээс хэтэрлээ” гэсэн юм.

15:10 МИНУТ Өлсгөлөн зарласан гишүүдийн зүгээс цугласан олныг тарахыг уриалснаар хүмүүс бага багаар буцаж байлаа. Цугласан байсан хэвлэл мэдээллийнхэн ч таран оджээ.

Ийнхүү жагсаал өндөрлөсөн ч Ковид-19-ын үед баримтлах зай авах, олуулаа бөөгнөрөхгүй байх зэрэг дүрэм энд мартагдсан байлаа.

М.Лхагвасүрэн

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!