Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өнөөдөр батлагдах “Хөдөлмөрийн тухай хууль” 2022.01.01-нээс хэрэгжинэ

Гурван парламент, таван Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдөр батлагдана.

Чуулганаар эцсийн найруулга сонссонд тооцож алх цохисноор хууль батлагдаж 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх юм.

Сануулахад, өчигдөр чуулганы  нэгдсэн хуралдаанаар  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан.

Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо боловсруулан хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хороо эдгээр хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

М.Оюунчимэг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 71 гишүүний 43 нь 60.6 хувийн саналаар дэмжсэн. Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!