Амжилт Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ ЯРИЛЦЛАГА

Азийн Топ модель Д.Болормаа: Би одоо ч загварын ертөнцөд оршин байна

 

Монголын загварын ертөнцөд одоо ч өөрийн гэсэн байр сууриа эзэлж, оршин тогтносоор байгаа хүн бол Азийн топ модель Д.Болормаа.

Загварын ертөнцийн “хар ирвэс” гэгддэг тэрбээр 46-хан насандаа эмээ болсон. Залуухан, үзэсгэлэнтэй, эрч хүчээр дүүрэн загварын “акул” маань ярилцлага өгөхгүй гэж нэлээд “унжсан”-ы эцэст сая нэг юм зөвшөөрлөө. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ёстой олддоггүй ховор хүнтэй ярилцлага хийх завшаан тохиосонд баяртай байна. Өнгөрсөн хугацаанд та хэтэрхий нам жим байлаа. Хэвлэлээр зөндөө ч “дайрууллаа”. Олны танил явах хэцүү байх аа?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нэг хэсэг олонтойгоо бужигналаа. Жаахан нам жим л байя гэж бодсон юм.

Би Монголын загварын ертөнцөд маш их үүрэг гүйцэтгэх юмсан гээд зүтгэчихсэн. Энэ утгаараа багш гэдэг нэр зүүгээд явж байгаадаа баяртай байна. Заавал ярилцлага, зураг, рекламанд орох шаардлагатай биш. Нэг хэсэг бүгдэд нь ороод ханачихсан юм шиг байгаа юм. Одоо бол ярилцлага, рекламанд орох сонирхолгүй болжээ.

Харин багш гэдэг утгаараа хүүхдүүдээрээ л бахархаж, огшиж амьдарч байна даа. Би өөрөө моринд их хайртай болохоор уяачидтай адилхан өөрийгөө төсөөлдөг болчихож. Хүүхдүүдээ уралдаан тэмцээнд ороод ирэхээр ололт амжилттай талыг нь харж, цаашид юун дээр анхаарах вэ гээд ажил ихтэй. Миний өөрийн заасан хичээл, зүтгэл маань шавь дээр харагдаж, шавь маань амжилт гаргаад ирэх тэр торгон агшин л хамгийн сайхан.

Эмээ болох шиг сайхан зүйл байдаггүй юм байна

-Шавь нар тань амжилтад хүрээд зогсохгүй гэр бүлд тань нэг шинэ хүн мэндэлсэн гэх сайхан мэдээ сонссон. Та 46-хан насандаа эмээ болчихсон юм билээ?

-Миний ганц хүү намайг эмээ болгосон. Хүмүүс эмээ боллоо л гээд байдаг, эмээ болох шиг сайхан зүйл байдаггүй юм байна.

-Үнэн гэж үү. Загварын ертөнцийн үзэсгэлэнтэй “акул”-ыг ингэж ярьж байгаад нэг л итгэхгүй байна шүү. Эмээ болчихлоо гэж хэлэхээсээ ичихгүй байна уу?

-Хүмүүс эрт эмээ болмооргүй байна, битгий эмээ гэж дуудаад бай гээд л дургүй байдаг. Надад бол үнэхээр сайхан байна. Амьдралын гол утга учир эрүүл мэнд, эгэл амьдрал байдаг юм байна.

Маш их ажилтай явж байгаад орой гэртээ дөнгөж хөл тавихад л миний хөөрхөн ач өөдөөс инээд алдан угтаж, ядаргаа шууд л тайлагдана. Стресс, ядаргаа, бухимдал тайлах эм чинь миний ач. Би гэртээ ороод л ачтайгаа хэл нь ойлгогдохгүй гадаадаар ярьж эхэлнэ шүү дээ.

-Ач, зээгээ үзэхээр төрсөн үрээсээ ч илүү хөл алдан хайрладаг гэдэг, үнэн юм байна уу?

-Гарцаагүй үнэн юм билээ. Тэр хөөрхөн зулзагыг хараад л би хайраараа сөгддөг юм.

-Та ч сайн эмээ бололтой. Азийн топ модель маань эгэл сайхан амьдралд умбаж л яваа юм байна. Бас таны амнаас зайлшгүй сонсох нэг асуулт байна. Хамгийн сүүлд танай агентлагийн модель гэгдэж явсан Сэлэнгэ таны талаар их эвгүй ярилцлага өгсөн. Та Сэлэнгээгийн талаар юу хэлэх вэ?

-Сэлэнгээгийн хувьд анх 15-тай манай агентлагт ирсэн. Би их мундаг охин болгосон. Хүн савнаасаа халиад ирэхээр тэнэглэж эхэлдэг. Яг тэр нь л Сэлэнгээ дээр харагдсан. Дэлхийн мисст оролцож, гадаад дотоод яваад ирэхээр өөрийгөө дэндүү мундаг болчихлоо гэж бодсон байх.

Намайг их муухайгаар ярьсан байна лээ. Хуруу гараараа чичилж дайрсан гээд л. Зөндөө гэрч бий. 15, 16 хүн хажууд байсан. Гол нь уучихсан над дээр ирээд Сайн уу ч гэж мэндлээгүй. Тэгэхээр нь миний шавь ийм болчих гэж дээ гээд “Чи барагтайхан байгаарай” гэсэн юм.

-Сэлэнгээ өөр л юм ярьсан байсан даа. Та Сүбээдэйтэй хардсан юм биш үү?

-Манайхаас тав, зургаан хүүхэд Сингапурын агентлагт ажиллахаар явсан. Тэнд нь моделийн party болсон гэнэ лээ. Тэгтэл Сүбээдэй хэтрүүлээд уучихсан байхад Сэлэнгээ тэнд өмнө нь ажиллаж байсан туршлагатай хэрнээ party-гийн гудманд хаяад явчихсан гэж моделиудаасаа сонссон. Тэр асуудлыг нь би хэлсэн.

“Чи тэнд ажиллаж байсан туршлагатай, тэгээд ч Монгол хүн байж нэгнээ согтуу байхад хаяж явахдаа яадаг юм. Адаглаад моделийнх нь гэрт нь хүргээд өгөхгүй яасан юм, ямар өөдгүй хүн бэ” гэж загнасан. Гэтэл намайг Сүбээдэйг харамласан гэж ярьсанд нь үнэхээр гайхсан.

-Хүүхдүүдээ зардаг шахуу юм ярьсан байсан?

-Миний инээд хүрсэн. Би 14 жил ажиллахдаа нэг хүүхэд зарсан бол ээж нь хүрч ирээд намайг үстдэг юм байгаа биз дээ. Би ч гэсэн эх хүн. Охиноо ч юм уу, хүүгээ зараад явж байх уу. Хүний наймаа гэдэг бол маш том хуулийн хариуцлага хүлээх, зүйд нийцэхгүй зүйл. Миний ёс суртахуунд ч нийцэхгүй. Хэрвээ би хүүхдүүдээ зарж суусан бол энэ агентлаг өдийд тогтож байх уу.

-Таныг бараг л цэвэрхэн эмсийн хүрээлэн ажиллуулж, түүнээсээ мөнгө олдог юм шиг ярьдаг?

-Миний 253 моделийн бараг 30-ынх нь ар гэрийн хүмүүс цагдаа, прокурорт ажилладаг. Сайд, том бизнесмэний ч хүүхдүүд бий.  Наад зах нь ингээд бодсон ч би хүүхдүүдээ зараад сууж байхгүй.

Сэлэнгээ сахилгагүй, ааш муутай, агентлагийн хүүхдүүдэд муу үлгэр дууриал үзүүлчих гээд байхаар нь гаргасан

-Хүнийг бас ингэж айхтар гүтгэж болохгүй л дээ. Тэглээ гээд та шавьтайгаа хэрүүл хийгээд явах нь ч хаашаа юм?

-Нэгэн цагт миний шавь гэж явсан, миний хүүхэд шиг шахуу хүнтэй би хэрүүл хийж, доошоо ороод яах билээ. Өөрийнхөө нас намба, албан тушаалаа бодсон ч тэр. Сэлэнгээгийн амьдрал бол Сэлэнгээгийн л амьдрал. Тэр хүн ямар замаар явахаа өөрөө сонгосон. Ер нь би Сэлэнгээг мэдэхээ байгаад дөрвөн жил болж байна. Сахилгагүй, ааш муутай, агентлагийн хүүхдүүдэд муу үлгэр дууриал үзүүлчих гээд байхаар нь аль эрт агентлагаасаа гаргасан.

-Сэлэнгээг та моделийнх нь хувьд хэр үнэлдэг вэ?

-Нэг их сайн модель биш.

-Мэдээж таныг муулаад байхад та яаж магтах вэ дээ, тийм ээ?

-Мундаг модель биш. Зүгээр байдаг, боломжийн модель.

-Ер нь танай загвар өмсөгчид гадагшаа их явах юм. “Монгол Модель” агентлаг Монголоосоо халиад олон улсын тавцанд гарсан гэж болно. Бусад агентлагуудаас гадаад харилцаа сайтай гэдгээрээ ялгардаг шүү?

-Анх л “Монгол Модель” агентлагийг байгуулахдаа Монгол гэдэг нэрийг дуурсгах моделийг төрүүлэх юмсан, Монголынхоо төлөө цохилох зүрхтэй хүнийг бий болгох юмсан гэсэн зорилготойгоор байгуулж байлаа.

Моделийн агентлагаар мөнгө олдоггүй юм

-Танайхаар орж ирэхэд нэг л дулаахан сэтгэгдэл төрөх юм. Хүүхдүүдийн тань ярианаас анзаарахад та багш төдийгүй хоёр дахь ээж нь юм биш үү?

-Манай хүүхдүүд намайг хоёр дахь ээж минь гэж дууддаг. Ний нуугүй хэлэхэд моделийн агентлагаар мөнгө олдоггүй юм.

-Тэгээд юу олдог юм бэ?

-Үүгээр хүний мөн чанар, сайхан сэтгэл, аливаа зүйлийн үнэ цэн, хөдөлмөрлөхийн сайхныг олж өгдөг. Эцэг эхээс заяасан энэ сайхан эрдэнэ шиг бие болон оюуныг яаж авч явах вэ, хэрхэн эх орондоо хэрэгтэй, зөв хүн болох вэ гэдгийг манай агентлаг зааж, чиглүүлж өгдөг.

-Танайд ихэвчилэн өсвөр насны хүүхдүүд ирдэг болохоор нэг талаар найз шиг, эгч шиг, ээж шиг нь сайн зөвлөгч, багш байх шаардлагатай байх?

-Тийм ээ. Өсвөр насны хүүхдүүд анхлан манай агентлагт хөл тавьдаг. Тиймээс амьдралд хөл тавих гэж буй тэр хүүхдүүдийг хүмүүжүүлж чаддагтаа баяртай явдаг. Тэр нь юу вэ гэхээр улс эх орондоо ёс суртахуунтай, гоо зүйтэй иргэн боловсруулж өгч байгаа явдал юм. Энэ бүхэн миний эх орондоо хийж буй хувь нэмэр.

Өдий 14 жил болоход би 7200 гаруй шавь төгсгөсөн байна

-Та хичнээн хүүхдийн ээж, багш нь болоод байна вэ?

-Өдий 14 жил болоход би 7200 гаруй шавь төгсгөсөн байна. Тэндээс А, B, C зэрэглэл тогтоогоод яг одоогоор “Монгол Модель” агентлагт 250 гаруй модель хамаардаг. Энэ 250 хүүхдийн зүрх сэтгэл яаж буцалдагийг хүмүүс огт сонирхдоггүй. Зөвхөн өнгөн талаас нь л хараад байдаг. Гэтэл тэр сайхан залуу, сайхан охины ард бүтэн өнчин, хагас өнчин, гэдэс цувдай өдий хүртэл идэж яваа амьдрал бий. Гэсэн ч миний хүүхдүүд гэр хорооллынх, ядруу зүдрүү гэхээргүй тансаг харагддаг. Моделийн цалингаараа гэртээ түлээ нүүрс аваад харьдаг өч төчнөөн хүүхэд бий.

-Нээрээ л тийм байх даа. Бид нэгнээ өнгөн талаас нь дүгнээд л тэр сайхан залуу, охины ард ямар амьдрал өрнөдгийг огт мэддэггүй?

-Тийм. Би хүүхдүүдтэйгээ захирал, эсвэл модель гэж хол хөндий харьцдаггүй. Аав, ээж, ар гэрийг нь мэддэггүй нэг ч хүүхэд надад байхгүй. Багш хүн шавьтайгаа яаж тулж харьцаж, сэтгэл санаа, амь амьдралыг нь мэддэг билээ, яг л түүн шиг би хүүхдүүдээ арван хуруу шигээ сайн мэднэ.

Манай хүүхдүүдийн эцэг, эх надад амиа тавьдаг

-Эцэг, эхчүүд бол ийм сайн багшид нугасгүй биз?

-Манай хүүхдүүдийн эцэг, эх надад амиа тавьдаг. Дуу хоолойгоо ч бидний зорилгын төлөө нэгтгэдэг. Ер нь л би хүүхдүүдийнхээ эцэг, эхтэй бас тулж харьцдаг. Хүүхдийг нь сургачихаад тэр хэний хүүхэд вэ гэдгийг мэдэхгүй бол утгагүй . Миний хүүхдүүд үгэнд маань ороод хичээлээ ч тасалдаггүй. Заримдаа ээж,  аавдаа хэлээгүй зовлонгоо надад яриад уйлдаг. Тэр байтугай намайг “Амьдралын бурхан” гэж нэрлэдэг. Би тэр бурхан нь үргэлж байх юмсан гэж хичээдэг.

-Та төрүүлсэн ганц хүүтэй боловч төрүүлээгүй 7200 хүүхэдтэй гэсэн үг юм байна. Ямар мундаг юм бэ л гэж яг одоо бодогдож байна?

-7200-г сургачихаад одоо яг надтай тулж ажиллаж байгаа нь 250 хүүхэд. Энэ 250 нь бас дотроо задарна аа.

-За яаж тэр бэ?

-Ээж, аав болоод задарчихсан. Би одоо нийтдээ 32 аав, 48 ээж, 52 ачтай болсон.

-Хөөх, ямар хөөрхөн юм бэ. Та тоолоод л сууж байх уу. Ээж, аав болсон ч агентлагтаа харьяалагдаж л байдаг юм уу?

-Тэгэлгүй яах вэ. Тоолоод л явдаг юм. Ээж, аав болсон ч агентлагтаа харьяалагдана. Бид хүүхдийн баяр, шинэ жилээр баяраа хамтдаа тэмдэглэнэ. Яг л нэг гэр бүл гэсэн үг. Тэрүүхэндээ коллектив сайтай шүү дээ/инээв/.

Моделиуд цалингийнхаа 70 хувийг өөрсдөө авч, 30 хувийг агентлагтаа өгдөг

-Ганц гоо зүй биш бүхий л амьдралын хичээлийг нь заачихдаг юм байна. Ийм гайхалтай агентлаг бусад загварын агентлагуудаас хамгийн шилдэг нь  байж чаддаг гэдэгт эргэлзэх зүйл алга?

-Өнгөрсөн хугацаанд, ирээдүйд ч манайх номер нэг нь байж чадсан, чадах ч болно. Монголын номер нэг агентлаг болоход мэдээж миний хүүхдүүдийн хувь нэмэр маш их байсан.
Манайх Сингапур, Хонг Конг руу моделиудаа яг албан ёсны хуулийн дагуу гэрээгээр явуулж ажиллуулдаг.

Сар бүр Fashion өдрүүд эхэлдэг юм л даа. Энэ өдрүүд эхлэхээр бид зураг, анкетаа эндээс өгч явуулахад тэндээс сонголтоо хийдэг. Тэнцсэн хүүхдүүд 1-3 сараар гэрээт газар руугаа явж, цалингийнхаа 70 хувийг өөрсдөө авч, 30 хувийг агентлагтаа өгдөг. Энэ бол загварын ертөнцийн баримталдаг олон улсын зарчим, хууль. Бид яг энэ зарчимыг л барьж ажилладаг.

-Нууц биш бол моделиуд хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол оо?

-Моделиудын цалингийн 30 хувиа би эргүүлээд агентлагтаа зарцуулдаг. Ядарсан зарим хүүхдүүдийн ар гэрт нь түлээ нүүрс авч өгч, өвдсөн зовсон хүмүүст маш их хандив өгч ирсэн. Наад зах нь Эх үрсийн баяраар хүүхдүүдээ баярлуулахаас эхлээд бидэнд хийх ажил юу эс мундах вэ дээ.

Сүүлийн үед залуус мөнгөнд, бэлэн амьдралд их дуртай болжээ. Би хүүхдүүддээ мөнгөний боол биш хаан нь болж яв гэж хэлдэг юм. Мөнгө хүний амьдралд хэрэгтэй л дээ. Гэхдээ мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл гэж байдаг. Мөнгийг хүн олохдоо тулвал олчихдог. Харин амьдралаас хоёр л зүйлийг худалдаж авч болдоггүй. Нэг нь эрүүл мэнд, нөгөө нь хүний сайхан сэтгэл. Нэг хүн надад хичнээн сайхан сэтгэл гаргаж байсныг би хожим нь ухаарсан ч гэсэн өнөөх хүн аль хэдийнэ холдоод явчихсан бол түүнийг яаж ч дуудаад, хичнээн их хөрөнгө мөнгө өгөөд ч худалдаж авч болдоггүй. Тэгэхээр эрүүл мэнд, сэтгэл хоёрыг л мөнгөөр худалдаж авч болдоггүй юм уу даа гэж би боддог.

-Хүн амьдралаас үргэлж суралцаж байдаг. Та бидний амьдралд л тохиолдсон зүйлээс суралцаад явдаг шүү дээ. Танд хэн нэгний эргэсэн сэтгэлийг эсвэл эрүүл мэндийг худалдаад ч авч болохгүй юм даа гэж ухаарсан үе бий бололтой?

-Би өнгөрсөн жил аавыгаа алдсан/уйлав/. Гурвын гурван хэвтэрийн хүнийг асарна гэдэг маш хэцүү. Миний амьдралаас алга болсон нэг юм нь энэ л дээ.

-Уучлаарай, таны сэтгэлийн эмзэг сэдвийг хөндчихлөө. Гурвын гурван хэвтэрийн хүнийг та зэрэг асарч байсан юм уу?

-Тийм ээ. Өнгөрсөн хоёр жил надад маш хүнд байлаа. Нэг нь миний аав, нөгөө нь 98-тай эмээ маань, бас дунд охин дүү минь хэвтэрт ороод би нэг хэсэг ухаангүй л байлаа.

Тэднийгээ бараг хоёр жил асарч, ээждээ дэм болсон. Амьдралын ноён нуруу эр хүн гэдэг ч миний хувьд эмэгтэй хүн гэж хэлмээр байдаг. Эмэгтэй хүн үнэхээр хүчтэй, үнэхээр босоо байдаг юм байна. Их уйлдаг мөртлөө дэндүү тэвчээртэй. Хадыг нулимсаараа хагална гэдэг шиг л маш их уйлж, маш их тэвчээр гаргасан он жилүүд ард хоцорсон.

Энэ хугацаанд би бүх л юмыг орхисон доо. Урилга, заллагуудаас хамгийн түрүүнд татгалзаж байлаа. Гэвч аавыгаа алдахгүй юмсан гэж байгаад л өнгөрсөн жил алдчихлаа. Харин эмээ, дүү хоёрыгоо босгож авсан. Одооноос эргээд хэвийн амьдралдаа орж байна. Хамт олон, хүүхдүүд, гэр бүл, тэр олон нөхдөөс тунаж  үлдсэн гурван найз маань намайг эргээд босгоод ирсэн.

-Хоёр жил гэдэг асар урт шүү. Ялангуяа өвчтэй, зовлонтой үед хорин жил шиг л санагдана. Юу болоод гурвын гурвуулаа хэвтэрт оров доо?

-Аав маань тал цус харвасан. Эмээгийн маань нуруу өвдөж, харин охин дүү маань чаргаар гулгаж байгаад хөлөө гэмтээсэн юм. Энэ үед л эрүүл мэндийг мөнгөөр худалдаж авч болохгүй юм даа гэдгийг ухаарсан. Одоо л сайхан уужирч байна.

Өвчин зовлон тохиолдоод өнөөх Болороо рекламанд тоглохгүй, зурагтаар ч гарахгүй болоход найзууд таг шүү

-Та түрүүн маш олон нөхдөөс гуравхан найз тунаж үлдлээ гэсэн. Хүнд үед найз нарынхаа тарыг таниа юу?

-Надад маш олон найз байсан. Одоо ёстой л гуравхан найз тунаж үлдлээ. Гол нь миний шударга зан, гоё сэтгэлийг хэн ч ойлгодоггүй ертөнцтэй би тулалдаад л байна. Би дэндүү их сэтгэл гаргадаг ч эргээд хариу хүсдэггүй. Хэн нэгэнтэй найзалвал өөрийгөө тэр чигт нь зориулдаг. Гэвч тэр их сэтгэл рүү минь нэг л удаа ус цацвал эргэж харахгүй яваад өгдөг. Харин надтай үхэн үхтэлээ найзлаад байвал найзлаад л байна.

Найзуудтайгаа би доод тал нь 12 жил, дээд тал нь 24 жил нөхөрлөж байлаа. Юун дээр алга болчихов оо гэтэл би олны танил болоод, дээшээ гараад ирсэн нь тэдэнд таалагдаагүй юм байна. Бас гоё машин унаад, тансаг амьдраад ирэхээр бүгд л шаваад, гоё сайхан магтаал, бялдуучлалын үгээр булж эхэлдэг. Тэгтэл өнгөрсөн гурван жил өвчин зовлон тохиолдоод өнөөх Болороо рекламанд ч тоглохгүй, зурагтаар ч гарахгүй болоход найзууд таг шүү. Яав ийв гэж нэг нь ч асуухгүй алга болсон.

-Тэр найз нар нь загварын ертөнцийн бүсгүйчүүл үү?

-Зөндөө. Загварынхан, бизнесийнхэн гээд холимог. Надад бүх салбарт ажилладаг найз нар байна. Үхэл, амьдралын тулалдаанд надад гурван сайхан найз, хамт олон, гэр бүл маань л хань болж байлаа.

-Муу найз нар байна аа. Ямар ч хүн зовлон тохиолдоход найз нараа л хардаг юм билээ?

-Гэхдээ би тэр хүмүүст гомдоогүй. Зүгээр л хэн нь хэн бэ гэдгийг танисан. Тэгээд л боллоо.

Одоо болтол гэдэс цувдаа идэж өссөн амьдралаа үгүйлдэг

-Та бол гаднаа их л сайхан хүүхэн яваад байдаг. Гэтэл тэр сайхан царайны ард бидний амьдрал яг адилхан, жаргал, зовлон ээлжилж л байдаг байхгүй юу?

-Тийм ээ. Би жирийн л хүн. Миний амьдралд жаргал, зовлон бусдын л адил ээлжилдэг. Одоо болтол би гэдэс цувдаа идэж өссөн амьдралаа үгүйлдэг. Хааяа ээж минь хонины толгой авч ирэхэд ширээнийхээ голд тавьчихаад гэдэс цувдаагаа идэж, 40-ийн бетонтой ус зөөж явсан үеэ эргэн санадаг юм. Энэ амьдрал хамгийн сайхан үе байсан гэж боддог. Тансаг машин унаснаас ч илүү сайхан. Таван настай жаахан охин 10-ын бетонтой үс чирээд явж байснаа би үргэлж санан дурсдаг юм.

Одоо бол би хааяа гэр хороололд шавь нарындаа очиж, лавшаагаа иддэг. Тэгэхээр манай шавь нарын ээж, аав их сандарна аа. Одоо яанаа гээд л. Би юу ярьж байгаа юм, ийм сайхан эгэл амьдралд би дуртай, бага нас минь санагдаж байна гэдэг.

Заримдаа гэрт нь очоод алив би гал түлье гэдэг. Дүрэлзэж байгаа галыг харах үнэхээр сайхан. Заримдаа гал зуухнаасаа халиад асдаг. Тэр галыг хараад “За миний ажил яг энэ гал шиг асаж, ундрах нь, удахгүй том мэдээ сонсох нь дээ” гэж бодож байтал шавь маань түрүүлчихсэн байдаг.

Тансаг байр, машин, сайхан ханьтай болно гээд бүх мөрөөдлөө биелүүлсэн

-Хүмүүс уг нь тансаг амьдралд шунаж, дурладаг бол та улам л энгийн болоод байх юм?

-Мэдээж гэр хорооллын охин зөндөө л юм мөрөөддөг байлаа. Тансаг байр, машин, сайхан ханьтай болно гээд л мөрөөднө. Тэр мөрөөдлүүдээ би бүгдийг нь биелүүлсэн.

-Мөрөөдөл биелдэг л дээ. Та ээжийнхээ тухай яриач. Таны ээж волейболчин хүн байсан гэл үү. Бас их өндөр хүн байдаг биз?

-Миний ээж бол миний бурхан. Ээж маань их энгийн хүн байдаг. Залуудаа үнэхээр сайхан бүсгүй байсан. Волейбол тоглодог болохоор өндөр. Ресторанд орох дургүй, энгийн хүн дээ. Алдарт ээж энэ тэр гээд л янз бүрийн өргөмжлөл авч өгье гэхээр “Надад тийм юм хэрэггүй. Би хүүхдүүдээ эрүүл сайхан, зөв хүн болгож өсгөсөн. Энэ л миний өргөмжлөл” гэдэг юм. Хааяа ээж дээрээ очиж идсэн хоол бол дээд зэргийн ресторан л гэсэн үг.

-Та айлын том охин. Доороо хоёр охин дүүтэй. Бага нь их этгээд төрхтэй загвар өмсөгч гэдгийг мэдэх юм байна. Одоо ч загвараа өмссөөр байгаа шүү дээ?

-Бага дүү маань одоо ч загвараа өмсдөг. Гадагшаа л ихэвчилэн явдаг юм. Одоо бас удахгүй явна. Байгалиасаа гоё хамартай, их гоё бүсгүй байдаг. Миний бага дүү яг л манай аав. Харин би яг л ээжийнхээ канондсон хувилбар.

-Дунд дүү тань загвар өмсөгч биш ч гэсэн “материал” бас байгаа биз?

-Үгүй, манай дунд дүү бид хоёроос шал өөр. Намхан л даа. Дүү маань ээж, аав хоёрт дандаа “Энэ хоёрт хамгийн гоё юмыг нь заяачихаад надад муу муухайг нь өглөө” гэдэг юм. Гэтэл дүүгээ харахад тэр нь диффект биш. Аав, ээж хоёрын аль гоё болгоныг аваад төрчихсөн. Бид хоёр бор байхад манай дунд дүү цагаан байх жишээний. Бага дүү маань сонсвол гомдчих вий, би дунд дүүдээ илүү хайртай л даа/инээв/.

Яагаад гэвэл миний дүү маш их ажилсаг, дэндүү сайхан сэтгэлтэй. Найз нөхдөөр хүрээлүүлчихсэн хүн бий. Наймдугаар ангиасаа үерхсэн залуутайгаа суусан. Гурвын гурван хүүтэй, дархан бэр. Хань ижил гэж тэр хоёрыг л хэлдэг байх.

-Ямар гоё юм бэ?

-Хааяа би ээжийндээ очихоор тэр хоёрыг хараад л хайр хүрээд байдаг. Тэр хоёрыг харах тусам хайр хүрч, гэр бүл бүр ийм л байгаасай гэж боддог. Заримдаа тэр хоёроос энерги авах гэж бүр зорьж очдог юм.

-Бурхан танд гоо үзэсгэлэн харамгүй заяасан мөртлөө дунд дүү шиг нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дутаачихсан юм шиг. Ийм сайхан бүсгүй нэг насаараа шахуу ганцаараа явна гэдэг харамсалтай?

-Харамсалтай л даа. Гэхдээ би ханьтай байсан. Хань маань бурхан болчихсон. Бурхан болсноос нь хойш хүнтэй нэг их ойр байя гэж бодоогүй юм.

Эргээд хартал хөөрхий, нөгөө Болороо чинь хөгширчихсөн байсан

-Тэр тухай мэднэ. Гэхдээ өөртөө хэтэрхий хатуурхаад байгаа юм биш үү?

-Ханиа өнгөрөхөд би хөөрхөн хүүтэй болж хоцорсон. Хүүгээ өөр эрэгтэй хүнтэй хамт өсгөнө гэж бодохоор миний санаанд багтаагүй юм. Надад үнэхээр хайртай хүн тохиолдсон ч гэсэн хүүг минь ад үзчих вий, миний хүүд буруу хүмүүжил олгож, муухай хүн болгочих вий гэсэндээ би хүүгээ 18 нас хүртэл нь хүнтэй суухгүй гэж тангараг өргөчихсөн. Үнэхээр 18 нас хүртэл нь хүнтэй суугаагүй, үерхээ ч үгүй. Харин дараа нь эргээд хартал хөөрхий, нөгөө Болороо чинь хөгширчихсөн байсан.

-Яалаа гэж дээ, та хөгширөх нь битгий хэл 30 настайгаараа үлдчихсэн юм шиг харагдаж байна. Нас бол ердөө тоо шүү дээ?

-Уг нь тийм. Хөгширлөө гэж зүгээр хэлж л байгаа болохоос дотоод сэтгэл маань хүүхдээрээ шахуу. Би их өөдрөг болохоор хөгширлөө гэж ярих, бодох дургүй.

Хамгийн гол нь олны танил байна гэдэг хоёр талтай. Нэг бодлын хүн бүхэн хэзээний танидаг мэт Сайн уу Болороо гээд л сайхан, нөгөө талаар намайг энд тэндэхийн хүмүүстэй холбож бичсээр байгаад нөхөргүй болгочихсон.

Манай үеийн моделиуд бүгдээрээ л нөхөргүй байна

-Та ч шударга хүн шүү. Нэр нэгтийн чих нэг гэгчээр нөгөө бичдэгүүдийн чинь нэг нь би болохоор ийм үг өөдөөс тань харж суугаад сонсох халуухан л байна?

-Үнэн шүү. Одоо намайг тоодог эр хүн байна уу, бараг байхгүй дээ. Надтай уулзахаас халширна. Аргагүй шүү дээ, олон хүнтэй явдаг энэ тэр гэхээр чинь хэн надтай сууя гэж бодох билээ. Нөгөөтэйгүүр эр хүн байгалиасаа омог, бардам, хүчтэй болохоор өөрөөсөө боловсрол, зиндаа дээгүүр эмэгтэй хүнтэй суухыг хүсдэггүй юм байна. Яагаад гэвэл алдартай хүнтэй суучихвал нөгөө эмэгтэйгээрээ овоглуулчих гээд байдаг. Тэгээд  ч олны танилын нөхөр байна гэдэг хэцүү. Нэг өдөр эхнэр нь бас бичүүлчихээр үнэн үү, худлаа юу гэж  эргэлзэнэ. Гэхдээ манай үеийн моделиуд бүгдээрээ л нөхөргүй байна доо.

-Сайхан хүүхэн хуримгүй гэдэг энэ байх даа?

-Үнэн, үнэн. Дуутай тэнгэр хургүй, сайхан хүүхэн хуримгүй гэж үнэн. Гэхдээ нэг бодлын бүх юм аа хийчихсэн, хүчирхэг, ганц бие эмэгтэй гоё санагддаг аа.

-Ганц хүүгийнхээ төлөө энэ амьдралаа зориулаад Монгол бүсгүйчүүд ийм л хүчтэй шүү?

-Миний хүү миний амьдралын түшиг тулгуур, багана. Хүмүүжил сайтай, ухаантай хүү. Би хүүгээрээ их бахархдаг. Яг над шиг сайхан сэтгэлтэй, найз нөхдөөр хүрээлүүлсэн хүн бий. Одоо бас элдэв янзын бизнес хийгээд л гүйгээд байдаг.

Өндөр, бор хүү бий. Аав нь бор байсан, би бор болохоор бор л хүүхэд төрнө биз дээ /инээв/. Миний хүү амны билэг сайтай. Тийм юм хийж бүтээнэ, болгоно л гэсэн бол болгодог.

-Та хүүгээ олон хүүхэдтэй болоорой гэдэг үү. Хүн эсрэгээрээ юм хүсдэг шүү дээ. Хүүгээ айлын ганц болохоор ач хүүгээ олуулаа болоосой гэж хүсдэг байх?

-Нэг их олон хүүхэдтэй болгохгүй ээ. Ямар ч байсан гурван хүүхэдтэй болоосой гэж хүсдэг. Эхнийх нь хүү төрсөн. Дараагийн хоёр нь охин байгаасай гэж боддог. Хүү бол ээж, аавдаа түшигтэй, охин хүүхэд ачлалтай шүү дээ.

-Ингэхэд нөгөө Баярсайхан юу болсон бэ?

-Тэр чинь аль арав гаруй жилийн өмнөх зүйл шүү дээ. Түүнийг л одоо болтол хэвлэлийнхэн холбож бичих юм. Баясаа ханьтай, үр хүүхэдтэй, тогтсон амьдралтай болсон байлгүй дээ. Одоо бидэнд ямарч холбоо байдаггүй.

 

Баярсайхан бид хоёр бие биендээ үнэхээр сайн байсан

-Магадгүй та хоёр тухайн үед болж бүтсэн бол одоо хамт амьдарч л байх байсан даа?

-Би бүр сууна гэж боддог байсан юм чинь. Суугаагүй шалтгаан нь бас л шар хэвлэл. Бид хоёр нэг нэгэндээ үнэхээр сайн байсан. Гэтэл шар хэвлэл намайг элдэв зүйлээр булсан, тэгээд л хоёр тийшээ болсон. Гэхдээ бид хоёр суусан бол ингэж амьдрах байсан гэж боддоггүй. Угаасаа л суух ёсгүй байсан болоод л хэрчүүлсэн байхгүй юу.

-Сүүлд Николь гээд гадаад хүнтэй нэр холбогдоод байсан?

-Тэр бол ёстой худлаа шүү. Би тийм хүнийг огт танихгүй. Ёстой гайхаж, шоконд орсон.

-Таныг хэвлэлээр янз бүрийн залуучуудтай холбож л байдаг. Гэхдээ айлын гэр бүл үймүүллээ л гэж би лав сонсож байгаагүй юм байна?

-Би амьдралдаа хоёр юмыг мөрддөг. Нэгт найзынхаа найзалсан залуутай хэзээ ч айлгүйтэж чадахгүй. Хоёрт хүний босгосон амьдрал руу өнгийхгүй.

Би мэдээж ганц бие. Хааяа бизнесийн хоёр, гурван хүнтэй хамт хоолонд ороход л намайг холбочихдог. Тэр нь маш хэцүү. Түүнээс хойш би ресторанд орохоо байсан. Бас хүлээн авалтанд ч явахаа больсон. Хүлээн авалтанд гоёод очихоор намайг шиншиланы алуурчин гэж бичдэг. Гоё үнэтэй зүйлээ бариад явсан ч яалаа, байсан ч яалаа гэж боддог болсон. Ажил дээрээ, эсвэл гэртээ юм уу ээж дээрээ очих нь миний хувьд вант улс шүү дээ. Ээжийнхээ хоолыг идэх нь дээд зэргийн ресторан, гэртээ очих нь таван одтой буудал л гэсэн үг. Тэр таван одтой буудалд миний хайртай ач хүлээж байдаг юм.

-Таван одтой буудал гэснээс та хэзээ хамгийн сүүлд дээд зэргийн ресторан, бас буудалд оров?

-Ресторанд ороогүй удаж байна. Буудлын хувьд гадаад руу явахдаа л таван одтой зочид буудалд буудаг юм.

Хөх, гуяа гаргасан секси зүйлд аймаар дургүй

-Тэгвэл болзоонд яваагүй удаж байна уу?

-Болзоонд яваагүй удаж байна оо. Угаасаа ч эршүүд хүн. Одоо бүр ч эршүүд болчихож. Эрэгтэй хүн миний биенд хүрэхээр бараг л цохиод авдаг. Айлгүйтэж чаддаггүй. Хөх, гуяа гаргасан секси зүйлд аймаар дургүй. Найз нөхдөө тийм хувцас өмсвөл наадахаа битүүл гээд хэлчихдэг.

-Яагаад. Та уг нь гоё, сайхан биетэй. Байгаа юмаараа яагаад гайхуулж болохгүй гэж?

-Эмэгтэй хүн хоёр янз. Нэг нь секси, эмэгтэйлэг. Нөгөө нь хүчирхэг. Би бол хүчирхэг эмэгтэй нь. Надад эмэгтэй зан байгаа мөртлөө наалинхай, эмэгтэйлэг араншин байхгүй. Эр хүн рүү хандарч чаддаггүй, тийм л хүн дээ.

-Тэгэхэд Э.Одгэрэл эгч танаас тав эгч хэрнээ одоо улам л секси болоод байна?

-Манай Одгэрэл угийн эмэгтэйлэг, сайхан бүсгүй. Би хэзээ ч Одгэрэл шиг наалинхай байж чадахгүй.

-Тэгвэл нэг зүйл асуучихъя. Нэгэн сэтгүүл дээр эмэгтэй хүн жилд 200-аас доошгүй секс хийж байж залуу нас, гоо үзэсгэлэнгээ авч үлддэг гэж бичсэн байхыг харсан юм байна. Та сексийн хэрэгцээгээ яаж болгодог юм бэ?

-Надад секс сонин биш. Би түүнийг чухалчилж боддоггүй. Бүх юмны хойно тавьдаг. Надад эр хүний сайхан тэврэлт, босгож өгдөг үг нь л таалагддаг.

Хамгийн сайхан зүйл бол цэв цэвэрхэн гэртээ ном уншаад юм уу дарс уугаад амрах. Бас хүү, ээж хоёрын маань духан дээр үнсэх үнсэлт хамгийн сайхан.

Секс гэдгийг мартаж

-Тэгвэл та жилийн 200-гаа гүйцээдэггүй байх нь?

-Секс гэдгийг мартаж. Эмэгтэй хүн ээж болох ёстой. Тэр үүргээ л ямар ч байсан гүйцэтгэсэн. Сексийн тэр нь гоё, энэ нь сайхан гэдэг талаар ч би ярих дургүй.

-Залуу нас, гоо үзэсгэлэнгээ тэгвэл та юунаас авч байна аа?

-Хүмүүс тийм ч юм хэрэглэвэл сайн гээд юм юм руу хошуурдаг. Бид чинь залуудаа барааны савангаар ч үсээ угааж л байсан. Тэр үед үс өтгөн, гоё сайхнаараа л байдаг байлаа. Одоо бол хичнээн үнэтэй, сайхан зүйл хэрэглээд ч үс унаж, шингэрэх юм.

Тэгэхээр гол нь элдэв юм хэрэглэхдээ биш бие физиологоо зөв авч явах л чухал. Маш сайн унтаж, амрах хэрэгтэй. Унтахдаа дээшээ харж, зөв унтах ёстой. Хоёр хажуугаараа харж унтаад байвал хамарны хоёр талаар хацар унжаад, нүдний гадна талаар үрчлээс сууж эхэлдэг. Мөн зөв хүндээ стрессээ маш сайн тайлах хэрэгтэй. Хэзээ ч буглаж болохгүй. Стрессээ тайлахгүй буглаад байвал зүрх өвдөөд өөхөлж эхэлнэ. Стресс хэт таргалуулна, эсвэл хэт тураадаг. Хүн стрессдэхгүй л байх хэрэгтэй.

Түүнээс биш хүмүүс залуу хүнтэй унтвал залуужна, хөгшин хүнтэй унтвал хөгширдөг гэж худлаа ярьдаг. Тэр бол шал худлаа.

Энэ олон шавь нарынхаа хэн нэгэнтэй нь явах зүрх надад байхгүй

-Яг энэ талаар яаж асуухаа мэдэхгүй байсан юм. Та 30 гаруй настайгаараа тогтчихоод байна. Ийм сайхан залуу насаа хадгалж чадаж байгааг тань хүмүүс залуу хүнтэй холбож боддог. Яг үнэнийг хэлэхэд Болормаа жаахан хүүхдүүдтэй явалддаг гээд л ярих юм билээ?

-Яалаа гэж дээ. Би багш хүн. Энэ олон шавь нарынхаа хэн нэгэнтэй нь явах зүрх надад байхгүй. Би эднийхээ багш нь, ээж нь, эгч нь шүү дээ. Зарим хүмүүсийн бодлоор би аймаар мундаг явдалтай хүн шиг байгаа юм. Эмэгтэй хүн их өрөвдөлтэй. Бүх ялыг нь үүрдэг. Явсан ч янхан, яваагүй ч янхан гэдэг нэр зүүдэг.

Харин би хүүхдүүд гэдэг гэрэл гэгээтэй, маш хүчтэй энергитэй орчинд ажилладаг. Тэд маань хов жив биш дандаа мөрөөдөл ярина. Тийм болохоор л би залуу харагддаг байх.

Манай хүүхдүүд багш шавь биш, эмэгтэй хүн талаас нь надад хайртай гэж хэлдэг нь үнэн

-Танд дурласан агентлагийн тань нэг залуу гарын шуу дээрээ “Болормаа” гэж шивүүлсэн тохиолдол бий гэж сонссон. Тиймэрхүү тохиолдол гарна биз?

-Тийм тохиолдол байсан. Ер нь хүүхдүүд маань үргэлж хамт байсаар байгаад дасах тохиолдол байна. Ний нуугүй хэлэхэд “Багш аа би танд хайртай” гэж хэлдэг хүүхдүүд маш олон бий. Харин би тэр болгонд эр эмийн хайр гэж хүлээж авдаггүй. Багш, шавийн хайр гэж хүлээж авдаг. Тийм ээ багш нь ч та нарт хайртай л гэж хэлдэг.

Уг чанартаа манай хүүхдүүд багш шавь биш, эмэгтэй хүн талаас нь надад хайртай гэж хэлдэг нь үнэн. Нүднийх нь өнгөнөөс харахад үнэхээр надад хайртай болсон байдаг. Гэхдээ аливаа зүйлд хил хязгаар байх ёстой. Надад хайртай гэсэн ч би багшийн хайраар хүлээж аваад, хил хязгаар тогтоосон байхад тэр ханыг давж чадахгүй шүү дээ.

-Амьдралын утга учир бол хайр. Хүн хайраар хөглөгддөг шүү дээ. Гэтэл та тэр болгонд хил хязгаар тогтоочихоор амьдрал уйтгартай биш үү?

-Би хайр дурлалыг гэр бүлээ л гэж боддог. Миний гэр бүл сайхан байвал боллоо. Ер нь хүн бүр л хайраар дүүрэн байх хэрэгтэй. Заавал эр, эмийн хайр биш. Монгол хүн бүхэн нэгнээ хайрлаж, хүндэлж байвал сайхан. Хүн нэг л амьдарна. Маргааш бидний хэн нь үхэхийг мэдэхгүй шүү дээ. Амьддаа бие биенээ хайрла гэж сайхан үг бий. Маргааш үхэх юмшиг нэгнээ хайрлаж, хайраа түгээж амьдрах сайхан. Хүнийг олон найзтайгаар нь биш, оршуулган дээр нь хичнээн хүн ирж байгаагаар хэн байсныг нь дүгнэж болно. Бурхан болоод хадан гэртээ очиход ганцхан ээж минь байвал хэцүү. Тиймээс маш их буян үйлдэж, маш олон буян түгээх хэрэгтэй. Тэгээд ч олон хүнд тусалж буян түгээснийхээ хэрээр хүн сайхан амьдардаг. Би маш олон хүнд тусалдаг, өнөөдөр би дэндүү сайхан амьдарч байна. Би хэн нэгнээс эдийн засгийн хараат биш, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн явна. Энэ л сайхан.

Үнэндээ миний араас гүйдэг маш олон хүн бий

-Тэр ч туйлын үнэн шүү. Гэхдээ л харахын заяа байхаас хазахын заяа байхгүй гэгчээр таныг гэх олон хүн байдаг ч өөрийн болгож чаддаггүй нь харамсалтай?

– Би бол дур булаам, хөөрхөн хүүхэн биш. Би сайхан хүүхэн. Сайхан сэтгэлтэй, бас эцэг, эхээс дэндүү гоё бие галбир заяалаа. Түүнийгээ хөгжүүлж чадсан болохоор би сайхан хүүхэн.

Ер нь эрэгтэй хүнээр дутагддаггүй ээ. Бардам байдаг. Үнэндээ миний араас гүйдэг маш олон хүн бий. Найман жил гүйж байгаа хүн байна. Доод тал нь хоёр жил гүйж байгаа ч хүн бий.

-Нас бол хязгааргүй юу?

-Үгүй. Би юу гэж өөрөөсөө хамаагүй доор хүнтэй уулзах билээ. Надаас доод тал нь арав дүү, үеийн, бас ах хүмүүс ч байна. Ер нь би эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, сайхан найзууд болж чаддаг. Яг бизнес хийгээд сайхан явж байтал өнөөх эрчүүд нь надад дурлачихдаг. Тэгэхээр нь би тэр хүнээс холддог. Эрэгтэй хүн бизнес нь сайхан бүтээд ирэхээр “Yes” гээд л сайхан огшдог шүү дээ. Би яг л түүн шиг. Ажил маань сайхан бүтэж байтал өнөөх эр хүн дин дон гээд л тогтож хараад л, ханд өгөөд ирэхээр миний дургүй хүрчихдэг. Тэгээд л би нэг бол сайхан ажил хэргийн хамтрагч, найзууд байя, эсвэл хамтын ажлаа больё гээд яваад өгдөг.

Мэдээж би яваандаа хүнтэй суух л байлгүй. Насаараа ганцаараа явахгүй байх. Одоохондоо энэ талаар бодохгүй байна.

Би мэргэжилдээ дэндүү хайртай болохоор одоо ч загварын ертөнцөд оршин байна

-Одоо ч загварын ертөнцөд Болормаа гэдэг нэр дархлагдсан хэвээр байна. Та ийм өрсөлдөөнтэй талбарт яаж удаан оршин тогтнож чадаж байна аа?

-Би энэ мэргэжилдээ дэндүү хайртай. Дэндүү хайртай болохоор одоо ч би загварын ертөнцөд оршин байна. Дээрээс нь би дэндүү шударга, бас их хөдөлмөрч. Өөрийн гараар баялаг бүтээж, үр шимийг нь хүртэх дуртай. Тийм ч болохоор миний хүүхдүүд яг миний школоор хүмүүжсэн. Чи сайн л ажилла, сайн модель болж чадвал сайхан амьдарч чадна. Өөрийн хөдөлмөрийн хөлсөөр олсон мөнгө хамгийн амттай гэж хүүхдүүддээ хэлдэг юм.

Дээр үед манай ахмадууд яг өөрсдийнхөө хөдөлмөрийн хүчээр баатар цол авдаг байж. Одоо бол Соёлын тэргүүний ажилтан гэх мэт цол ямар ч үнэн цэнгүй болсон байна. Би бол нэлээн зовж байж л СТА авч байсан юмдаг. Гэтэл одооны гарч ирсэн дуучин, жүжигчин болгон СТА болчихож. Юмыг туйлшруулж болохгүй. Хэдэн жил зүтгэж байж, ямар шалгуураар цол тэмдэгээр шагнах вэ гэсэн цензуртай болмоор санагддаг. Ер нь бол хамгийн том шагнал бол ард түмний шагнал юм даа.

-Та Алтангадас одонтой ганц модель байх аа. Загварынхнаас та ганцаараа алтан гадас одон хүртсэн санагдах юм?

-Тийм ээ. Би загварынханаас ганцаараа Алтангадас одон хүртсэн. Дизайнерууд, моделиудаас хэн нь ч Алтангадас одон авч байгаагүй л дээ.

Манай аав хоёр Алтангадас одонтой байсан юм. Би багадаа аавынхаа тэр Алтангадасыг энгэртээ зүүж үзээд л “Том болоод би яг энэ одон авна даа” гэж боддог байсан. Тэгтэл хүсэл минь биелсэн. Энэ бүхэн бас л миний хүүхдүүдийн гавьяа.

– Дараагийн удаа гавьяат уу?

-Үгүй, үгүй. Төр засгийн шагнал ингээд л боллоо. Надад Алтангадасаас илүү том шагнал хэрэггүй.

-Сониноос,  та Азийн топ модель гэдэг эрхэм алдрыг 1997 онд хүртэж байсан. Монголынхоо нэрийг Азид дуурсгасан анхны модель бол та. Харин одоо олон Азийн модельтой болсон шиг байна лээ?

-Би лав 56 орноос шигшигдэж байж Азийн топ модель авч байсан. Сүүлийн үед зөндөө л олон Азийн топ модельтой болсон байна лээ. Ямар ч байсан миний авсан Азийн топ модель их үнэ цэнтэй байсан. 15 жил авч чадаагүй шагналыг би эх орондоо авч ирж байлаа.

-Одоо бодоход таны үед л загварын ертөнц оргилж байжээ. Тэр үеэ бодоход сайхан байдаг уу?

-Яг үнэн. Одгэрэл, Туяацэцэг, Цолмон, Байгаль, Ариунаа гээд л. Үнэхээр гоё. Одоо бодоход огшдог юм.

Манай Одгэрэл эмэгтэй хүн яаж гоо сайхныг удирдаж чадах вэ гэдгийг харуулж чадаж байна

-Гэтэл тэдгээрээс одоо ч үнэ цэнтэй байгаа нь Одгэрэл та хоёр юм болов уу гэж бодох юм?

-Түүгээр бахархдаг. Манай Одгэрэл эмэгтэй хүн яаж гоо сайхныг удирдаж чадах вэ гэдгийг харуулж чадаж байна. Одгэрэлээрээ бахархдаг, харахаар л хайр хүрээд байдаг.  Харин миний хувьд эмэгтэй хүн өөрийнхөө мэргэжил, ур чадварыг шавьдаа хэрхэн өвлүүлж чадах бэ гэдгийг харуулж чадсан.

-Одгэрэл эгч 50 гарчихсан ч нүцгэлж чадаж байна. Сүүлийн үед кинонд ч их тоглох боллоо?

-Чадаж байгаа юманд арга байхгүй. Одгэрэл бид хоёрыг хөгширчихлөө, тайзнаасаа буу гээд л сайтуудын сэтгэгдлийн доор хүмүүс муухайгаар бичсэн байдаг. Би бол Оогийгоо муулуулах дургүй. Эмэгтэй хүний бахархал, гоо сайхны дээд болсон тийм гоё бүсгүйг бахархаж, хүндлэхийн оронд элдвээр хэлэх гээд байдаг. Харин ч Оогийг маань муулвал гэдэн хөдөлнө шүү.

Би яг тэр морьд шиг чинь өөрийгөө сойдог болчихсон

-Үнэн шүү. Таны хувьд мундаг шавь нар төрүүлсээр байна. Насаараа уралдсан морь уралдаан болох дөхөхөөр өөрийгөө сойдог гэдэг шиг та загварын тайзнаа алхах шавь нараа хараад огшино биз?

-Ээ бурхан минь, тэр огшилт хамгийн гоё. Би яг тэр морьд шиг чинь өөрийгөө сойдог болчихсон. Олон улсын тэмцээнүүдэд манай хүүхдүүд явахад анх эхний тавд орчихоосой гэж боддог байсан. Одоо бол эхний 1, 2, 3-ыг л авдаг болсон.

-Танай агентлагийнхан яагаад “Гоёл”-д оролцдоггүй юм бэ. Монгол жижигдээд байна уу?

-Хүүхдүүдээ ор гэдэг ч зохион байгуулалт маш муу. Дээр нь долоо хоног үргэлжилдэг болохоор хичээлээ таслах, тэр тоолонгоор кредит оноогоо нөхөх болдог. Цалин мөнгө ч байдаггүй. Тийм л шалтгаанаар ордоггүй.

-“Гоёл” наадмыг хэр шударга явагддаг гэж боддог вэ?

-Би 2007 оноос хойш “Гоёл” наадмыг үзээгүй, оролцоо ч үгүй болохоор мэдэхгүй байна.

-Мянганбаярын бүсгүйчүүд дандаа топ болдог юм биш үү?

-Энэ жилийн хувьд Бадамгэрэлийг топ авсанд би баяртай байгаа. Морьны шинжээч шиг шинжихэд Бадамгэрэл яах аргагүй авахаар байсан. Бадамгэрэл маш их хөдөлмөрч, шазруун охин. Хөндлөнгийн нүдээр дүгнэхэд шалгуур өндөртэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Дандаа зэрэглэл өндөртэй загвар өмсөгчдийг оролцуулдаг байвал зүгээр. Топ модель шагналыг тухайн жил хэр их амжилт гаргасан, хөдөлмөрлөсөн гэдгээр нь цэнзур тогтоож өгч байгааасай гэж боддог.

 -Та ер нь хэр шуналтай хүн бэ. Загварынханыг их л шуналтай байх гэж боддог шүү?

-Надад бол эдийн шунал байхгүй. Хүн гоё юм өмсөж, зүүсэн байвал “Сайхан зохиж байна” л гэж хэлнэ үү гэхээс “Хөөх би яг ийм даймонд авна даа” гэж шунадаггүй. Харин эрч хүч, хөдөлмөрийн шунал бий.

Дэлхийд ганцхан Болормаа барьдаг таван цүнх надад бий

-Таныг цүнхний хоббитой гэж мэднэ?

-Цүнхний хоббитой. Би загварын хүн учраас чамин, тансаг юманд дуртай. Том аксисуариудаас эхлээд янз бүрийн л юм цуглуулдаг.

-Хамгийн үнэтэй цүнхээ нэрлээч?

-Зөндөө. Дэлхийд ганцхан Болормаа барьдаг таван цүнх надад бий. LV энэ тэр биш шүү. LV-гээс давсан, тусгай хүнд зориулж хийдэг гар хийцийн цүнх. Англи, Японы хатан хаан захиалгаар хийлгэдэг компаниар урлуулсан юм.

-За, тэгвэл үнийн тухайд сонсоод ч хэрэггүй биз дээ?

-Үнэ сонсоод хэрэггүй ээ/инээв/.

-Даймонд, янз бүрийн аксисуариуд зөндөө юу?

-Цагаан алт, шар алтан, даймондтой цаг ч байна. Даймондтой бөгж, сувдан ээмэг, зүүлт, сваровски гээд бүгд л бий.

-Шиншила өмссөнөөс болж та байгальд ээлгүй хүнээр тодрох шахаа биз дээ?

-Намайг алуурчин энэ тэр гээд бөөн юм болсон. Одоогоос зургаан жилийн өмнө манайхан Шиншила гэдэг амьтан мэддэггүй байхад надад уртаасаа богино хүртэл 10 шуба байлаа. Одоо ч байна. Өмсөхөөр хүмүүс туулайных юм уу гэж асуудаг байсан. Үнэ өртөгтөө биш тэр сайхан нандин зүйлийг яаж өөрөө бүтээж, авч өмссөндөө гол нь шүү дээ.

-Та уралдааны улаан машинаа одоо сольсон уу?

-Монголд байхгүй ганц уралдааны улаан машин унадаг байлаа /инээв/. Одоо зөндөө машин байна оо.

-Голцуу аль машинаа унаж байна?

-Ээлжлээд унана. Нэрлээд яах юм бэ.

-Хоёрыг нь л нэрлэчихээч дээ?

-Мерседес бенз, Рэнж Ровер гээд байна аа байна. Би машины улаан хоббитой л доо. Яг өөрийнхөө унъя гэсэн машинаа аваад уначихдаг.

Ёс жудагаа бодоод эрчүүдтэй зэрэгцэж өөрийнхөө нэр дээр уралдуулна гэж юу байх вэ

-Та түрүүн морь сонирхдог гээд байсан. Арай Болормаагийн морь гээд нэг өдөр дуулдах юм биш биз?

-Морь бий. Тэр талаар яваандаа сонсох биз дээ. Моринд дуртай болохоор ямар ч байсан нэг морь бий. Одоохондоо уралдаагүй. Мэдээж ёс жудгаа бодоод эрчүүдтэй зэрэгцэж өөрийнхөө нэр дээр уралдуулна гэж юу байх вэ.

-Тэгээд хауст амьдараад л байна уу?

-Хауст амьдардаггүй ээ. Townhouse-д амьдардаг. Мөрөөдлийнхөө байшиндаа амьдардаг даа.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!