Онцлох мэдээ ЯРИЛЦЛАГА

“Алтай констракшн”-ын захирал Х.Бат-Эрдэнийн ээж, МУГТ, Тод манлай их Хүлэгч Т.Цэрмаа: Мөнгө зээлнэ гэдэг чинь хүн алаагүй, хүрээ таалаагүй биз дээ, би хүүдээ 100 хувь итгэнэ ээ

 

Энэ хүүхэд өнөөдөр сайн явлаа гээд надад алтан гутал өмсгөөгүй, алтан дээл нөмрүүлээгүй

Нүдэнд дулаахан, хэнтэй ч инээд дүүрэн уулздаг хүн бол “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнийн ээж, МУГТ, Тод манлай их Хүлэгч Т.Цэрмаа гуай юм. Хэдийнэ 70 гарсан ч 60 шүргэж яваа болов уу гэмээр харагддаг “жаатай” энэ эмэгтэй бол Монголын сонгомол Морин спортын анхны эмэгтэй тамирчин. Дөрвөн үеийн уяач, морьны жинхэнэ их мастер тэрбээр сайхан ааль, хүнлэг зан чанараараа олны хайр хүндлэлийг хүлээж ирсэн юм. 47 тэрбумын асуудлаар Х.Бат-Эрдэнэ интерполоор эрэн сурвалжлагдсан, Монголын тэргүүн баян эх орноосоо зугтлаа, эргэн ирлээ, баривчлагдлаа гэх олон асуудалд эх хүний хувьд сэтгэл зовниж л явсан биз. Ямартай ч энэ бүх асуудлаар Т.Цэрмаа гуай хэрхэн хариулсныг таалан уншина уу.

-Цэрмаа эгчдээ бидний урилгыг хүлээн авч зочноор орж байгаад талархал илэрхийлье. Намаржаа сайхан байна уу, адуу хурдан уу?
-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан намаржиж байна. Энэ зунжингаа л хөдөө явлаа. Хоёр, гурван сар шахуу явж явж ирээд 10 гаруй л хонож байна даа. Дэндүү сайхан амралт маягаар өнгөрөөлөө.
-Та бол Монголын сонгомол морин спортын шигшээ багийн тамирчин. Энэ утгаараа уяачид, адуу малтайгаа ойрхон. Таныг уяач гэж андуурах нь бий?
-Би унаган багаасаа адуутай ойрхон өссөн хүн л дээ. Аав маань нэр хүндтэй уяач, хурд ихтэй адуу уядаг хүн байлаа. Тэр үед цол хэргэм гэж байсан биш, их нэр хүндтэй сайхан уяач байлаа, аав маань. Олон хүүхэдтэй, хүүхдүүд нь бүгд морь унадаг, хурдан морьноос томдоод явчихаараа хүний адуу унана. Ингээд 63 оноос би морин спортоор хичээллэж эхлээд өдий хүртэл явж байна. Мэдээж эмэгтэй тамирчид бий, миний хувьд анхдагч л даа. Анхны Спортын мастер, анхны гавьяат, анхны рекорд эвдсэн хүн гэгддэг.
-Үнэхээр мундаг, гайхалтай эмэгтэй шүү. Сонгомол морин спортын тамирчин хүн морийг урлагтай, спорттой холбох гэх мэтээр морин дээр хийж, сургаж болох бүхнийг хийнэ гэсэн үг үү?
-Та бүхэнд хамгийн амархан ойлгохоор тайлбарлахад моринд уран явдал гэж байдаг. Хөгжимний аянд морь гоё бүжиглүүлэх, мөн морьны саад харайлт, бартаат замын уралдаан, хол, ойрын зайн уралдаан гэх мэтээр өдий хүртэл ийм л юм хийж ирлээ. 10-н хэдэн настайгаасаа энэ спортод ороод одоо 70 гараад явж байна. Залуудаа тамирчин байсан, одоо бол дасгалжуулагчаар ажилладаг юм.
-Аав нь морьны хүн байсан гэдэг утгаараа та морьтой ойрхон, морийг жинхэнэ утгаараа хайрлаж, шүтэж өссөн хүн байна шүү дээ?
-Тийм ээ, гурав, дөрвөн үеэрээ манайхан морь уяж байна. Миний аав Хурганы Төмөржаа гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны хүн байсан. Их залуудаа Өвөрхангайд очоод тэнд нутаглаж, манай ээжтэй сууснаар Өвөрхангайнх гэж явдаг болсон юм билээ. Одоо бол бид Өвөрхангайн Тарват гэж явдаг.
Амь амьдрал минь мориор л амьсгалж ирлээ. Дэндүүдээ дэндүү. Морь л гэвэл нүд сэргэж явдаг, хөгшинөө мэдэхгүй дэгдэж явдаг хүн шүү дээ. Морин дэл дээр эр хүн шиг л хийсч явсан. Батлан хамгаалахын туслах нийгэмлэг гэж байлаа. Техник спортын таван клубтэй. Мото спорт, шүхрийн спорт, буудлагын спорт, радио спорт, морин спорт гэсэн цэргийн мундаг клубт ажилладаг байсан. Жамъян генералын удирдсан тэр байгууллагад ажиллаж, тэндээс намайг гэрлүүлж, Гэрлэх ёслолын ордныг дөнгөж нээгдэнгүүт ажилчдын хүүхдээс хоёр дахь, улсад 33 дахь хосоор нөхөр бид хоёр бүртгүүлж байлаа. Ер нь их олон сайхан түүх дурсамжууд бүтээж дээ.


-Сайхан юм аа. Сүхбаатар аймаг бол хурдан морь, дарьганга хийц, сайхан бүсгүйчүүдээрээ алдартай. Танаас яалт ч үгүй Сүхбаатар нутаг ханхалж байна?
-/Инээв/. Тийм шүү. Сайхан хурдан хүлэгтэй нутаг. Миний шавь нар гадаад, дотоод хаа сайгүй л байна. Солонгосын Чежү, Өвөрмонгол, Бээжин гээд л улс орнуудаар дандаа тоглолтоор яваа. Би ч бас энийгээ хаяж чадахгүй, хөгшин гэлтгүй явж байна. Зуны цагт бол төрийнхөө наадмын нээлтийг хийчихнэ, хүүхдүүдтэйгээ тоглолтоо үзүүлчихнэ, гал дээрээ ч тоглолтоо хийнэ. Завгүй шүү дээ.
-Та бол ерөөсөө моодноос гарахгүй хүн байна шүү. Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг?
-Моодноос гарахгүй л яваад байгаа юм /инээв/. 100 жилийнхээ наадмын нээлтийг ямар ч байсан үзчих л юм байна. 100 жилдээ бас сайхан тоглолт үзүүлчих санаатай бодож л явна.
-Та морьтой хүн шиг шахуу ойлголцож, хайрлаж ирсэн биз. Морийг уяачдаас дутахгүй таниж, мэдэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Морийг гаднаас нь хараад энэ нэг иймэрхүү араншинтай юм байна, энийг ингээд уячихвал гайгүй явчих юм байна, спортоор хичээллүүлчихвэл, метр 70-тай саадан дээр харайчих юм байна гэх мэтээр мэднэ. Та бүхэн энэ хүнээс ярилцлага авчихвал ингэчих юм байна даа гэж мэдэрдэг шиг морийг би хараад ингэвэл уралдана, харайчихна гээд сэтгэл, нүд хоёрт багтчихсан байдаг.
-Таны өөрийн бүр гаршуулсан, үр хүүхэд шигээ шахуу хайрладаг, нэр зүстэй адуу гэж байна биз?
-Байлгүй яах вэ. Унага, даага, шүдлэнгээс нь сургасан, олон хүүхдийг спортын мастер болгосон адуу гэж байлгүй яах вэ. 40, 50-иад жил ажиллахад үр хүүхэд шигээ хайрладаг, хүн шиг ойлголцдог болсон Чандага, Хараацай, Баавгай гээд л олон морь байна. Адуу адгуус л гэж байгаа болохоос хүн шиг, хүнээс ч илүү ухаантай, дэндүү сайхан амьтан. Хэлж, ярьж хариу өгөхгүй л болохоос биш хэлсэн, ярьсныг мэддэг. Ээ дээ, тэр өндөр саадыг харайж чадсан, чи минь мундаг шүү, чамтайгаа байж л би нэр хүндтэй боллоо гэхэд л яриаг ойлгосон мэт даваад харайчихна. Эс бөгөөс очоод зогчихдог, харайж чадахгүй байх ч юм уу, хэцүү шүү дээ, адгуус малтай харьцана гэдэг. Адгуустай харьцана, адгуусыг өөрийнхөө эрхэнд хийж авна гэдэг тийм амар зүйл биш.
-Морь үнэхээр уяачдын ярьдаг шиг эзэндээ буян хишгээ хайрладаг, тэр жилдээ түрүүлвэл ажил үйлс нь өөдөө явдаг, аз хийморь авчирдаг гэдэг үнэн үү?
-Үнэн. Хүн морь хоёр ивээлтэй. Морь жилтэй бол бүр сайн. Морь жилтэй хүний ивээл бар, нохой, болдоггүй жил нь бич, хулгана гэх мэтээр их учиртай. Хийморь лундаа нь хүртэл дагана.


-Аан их учиртай. Магадгүй та моринд их хайр, ивээлээ өгсөн болохоор таны болон үр хүүхдийнх нь амь амьдрал тэгш дүүрэн явж ирсэн байж болох юм, тийм үү?
-Ер нь хийморьлог сайхан амьтан. Тэр дундаа эмэгтэй хүн морь малтай ноцолдоод явахад хажуу дахь ханийн тушиг их чухал. Миний хань насаараа тээврийн жолооч хийсэн, онц тээвэрчин хүн бий. Жолооны багшаар ч олон жил ажилласан. Хөгшнийгөө ойлгоод, энэ хүн үүгээр л хоолоо олж идэж, морьтойгоо л байвал хийморьтой, золбоолог, эрүүл саруул явах юм байна гэдгийг мэдэрч, намайг дэмжиж ирсэнд талархдаг. Эмэгтэй хүн морь малтай ноцолдоно гэж юу байдаг юм гээд ойлгоогүй бол тэр хүнээ дагаад явна биз дээ. Тэгтэл тийм сайхан ханийн буянд энэ сайхан адуутай амь амьдралаа холбож, аз хийморьтой явна.
-Таны хань жилийн 365 хоногийн 270-д нь тээвэрт явж байсан тухайгаа хуучилсан удаатай. Тэр үеийн эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүлээ ганцаараа шахуу авч явах нь энүүхэнд байлаа. Та ч тэдний нэг?
-Урдаа, хойноо хоёр чиргүүлтэй л явдаг байлаа. Өглөө болгон нэгийг нь үүрээд нөгөө нь дүүрээд, хойноосоо дагуулахыг нь дагуулаад явна. Одоогийнх шиг унаа машин ч гэж тэр үед бидэнд байсан биш. Гэр хорооллоос өдөр бүр өвлийн хүйтэн гэлтгүй хүүхдүүдээ зөөнө. Ажлаасаа хоцорчихвол таван төгрөгөө хасуулчих гээд сандарна. Сонсголдоо сууна, орой лекцэндээ сууна. Гадаа гарч эр болж, гэрт орж эм болж явлаа. Залуу насыг тэгж л өнгөрөөсөн. 50 нас гараад жаргадаг юм байна, хүн /инээв/.
-Танай хүүхдүүд бага балчираасаа хар бор ажил голохгүй хийж сурсан гэдэг юм билээ. Ажил хүнийг голдог болохоос ажлыг хүн голохгүй гэдэг зарчмаар аав, ээж нь хүүхдүүдээ амьдралд сургажээ дээ?
-Хар бор ажлыг хийж сурсаан, хүүхдүүд маань. Үгүйдээ л гэртээ усаа авна, модоо хагална, нүүрсээ ялгана, бэлдэнэ, хашаа хороогоо цэвэрлэнэ, ээж, аавыг ирэхээс өмнө хоолоо хийнэ гэх мэтээр ажилд сурсан. Ер нь одоо мундаг яваа энэ сайхан хүмүүс хар бор ажлаас л гарч ирсэн хүүхдүүд байдаг шүү дээ. Нэг их мөнгө өвөртлөөд анхнаасаа мундаг хүүхдүүд байгаагүй.

 

Бүрэн эхээр нь People сэтгүүлээс уншина уу.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!