Амжилт Онцлох мэдээ

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХИН IVANKA TRUMP гэж хэн бэ?

“People” сэтгүүл “People Bio” булангийнхаа энэ удаагийн дугаарт АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын анхны охин Иванка Трампын талаар танилцуулахаар шийдлээ.
Монгол охид бүсгүйчүүд төдийгүй нийт залуучууд маань амжилттай яваа, дэлхийд танигдсан олны танил эрхмүүдээс үлгэр дууриал аваасай гэсэндээ бид “People Bio” буланг эрхэм танд зориулан бэлддэг гэдгийг дуулгахад таатай байна.
Иванка Трамп бол шуудхан хэлэхэд аавынхаа нэр нөлөөг төдийлөн ашиглаад байдаггүй, өөрийн хүчээр гэж хэлж болохоор амжилттай, нэр төртэй, карьертай яваа дэлхийн хэмжээний бүсгүй. Тэрээр олон ажил мэргэжлийг зэрэг амжуулж яваа бөгөөд загвар зохион бүтээгч, зохиолч, реалити шоуны од, бизнес хатагтай.

Залуу насандаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан Иванка өнөөдөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч аавынхаа ахлах зөвлөхөөр ажилладаг. Түүнчлэн тэрээр Трампын гэр бүлийн дөрөв дэх үеийн бизнес эрхлэгч юм. Учир нь түүний элэнц эмээ Элизабет Крист Трамп хамгийн анх “Элизабет Трамп & Хүү” нэртэй үл хөдлөх хөрөнгийн компанийг 1900 оны эхээр байгуулж байсан тухайн үеийн нэрт бизнес хатагтай юм. Түүний дараа өвөө Фред Трамп нь мөн л 1950-иад оны үед барилга, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр амжилттай бизнес эрхлэгч байлаа. Мэдээж өвөөгийнх нь дараа түүний аав, тэрбумтан Доналд Трамп дээрх салбаруудын оргилд хүрсэн гэж хэлж болно. Харин өнөөдөр Иванка Трамп гэр бүлийнхнийхээ “Трамп байгууллага”-ынхаа Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн аавынхаа дэлхий даяарх алдарт ТВ шоу “Дадлагажигч-ийн шүүгчээр давхар ажилладаг. 2017 онд түүний нөхөр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилогдсоноор тэд Вашингтон хотноо амьдрах болжээ.
Өнгөрөгч 2017 оны 3 дугаар сараас эхлэн Иванка Трамп аавынхаа Ерөнхийлөгчийн удирдлагын багт ажиллах болсон юм. Ингэхдээ тэрээр ёс зүйг эрхэмлэн ямар нэгэн цалин хөлс авахгүйгээр ажиллах үүрэг хүлээсэн. Энд албан ёсны ажилтан болохоосоо өмнө Иванка Ерөнхийлөгчийн дотоод тойрогт хэдийнэ ажлаад эхэлсэн байжээ.

Тэрээр 1981 оны 10 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттанд төржээ. Чех Америкийн эрлийз, загвар өмсөгч Ивана Зелникова болон Доналд Трамп нарын хоёр дахь охин болон мэндэлсэн юм. Аав нь Герман, Шотланд гаралтай бол ээж нь Чех болон Австри өвөг дээдсийн удам аж. Түүний албан ёсны нэрийг Ивана гэдэг ч хүүхэд байхад аав ээж нь өхөөрдөн “Иванка” хэмээн дуудах болсон цагаас энэ нэрээ огт гээгээгүй гэдэг. Эцэг эх нь түүнийг 11 настай байхад нь 1992 онд гэр бүлээ цуцлуусан бөгөөд өнөөдөр тэрээр Доналд Жр болон Эрик гэсэн хоёр эрэгтэй дүүтэй бөгөөд Тиффани болон Баррон гэсэн эцэг нэг, эх ондоо мөн эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй юм.
Иванка 15 нас хүртлээ Манхаттан дахь Чапины сургуульд суралцаж байгаад Коннектикут дахь “Көүте Роүзмэри Холл”-ын сургууль руу шилжжээ. Тухайн үедээ ёстой л хагас цэрэгжилтийн байдалтай буюу “шорон” шиг сургууль гэдгээрээ алдартай байж. Хожим нь Иванка энэ талаар ярихдаа “Найзууд маань Нью-Йоркт зугаалж, хөгжилдөж байхад би гэдэг хүн сургуульдаа бараг л амьдрах шахам хатуу дэглэмтэй байсан” гэжээ. Көүтегийн сургуулиа дүүргэсний дараа Иванка алдарт Жорж Тауны Их сургуульд хоёр жил суралцаж, Пеннсилвань дахь Вартоны Их сургуульд шилжин суралцаж тус сургуулиа эдийн засгийн чиглэлээр 2004 онд дүүргэсэн байна. Хэдийгээр бакалаврын зэрэгтэй ч тэрээр сургуулийнхаа академик түвшний хүндэт өргөмжлөлтэйгээр төгссөн гэдэг.

Иванка Трампын олон талт карьер
Бизнесийн карьер:

Элэнц өвөг дээдсээсээ эхлэн бизнес эрхэлсэн Трампынхны гэр бүлийн гишүүн тэрээр хэрхэн амжилттай бизнесийн эзэн биш байж таарах билээ. Сургуулиа төгсмөгцөө тэрээр “Форест Сити Энтерпрайсис” компанид богино хугацаанд ажиллаж байгаад 2005 онд “Трамп байгууллага”-ынхаа Хөгжлийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2007 оноос алдарт “Динамик Даймонд” очир алмаз нийлүүлэгч компанитай хамтран “Иванка Трамп үнэт эдлэл” нэртэй очир алмаз болон алтаар хийсэн гоёл чимэглэл, үнэт эдлэлийн анхны томоохон дэлгүүрээ Манхаттанд нээсэн юм. Бизнес нь амжилттай яваа түүнийг 2012 оны 12 дугаар сард үл хөдлөх болон үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгч дэлхийн эмэгтэйчүүдээс бүрдсэн “100 эмэгтэйн холбох сан”-гийн удирдах зөвлөлийн даргаар томилжээ.
2015 оны 10 дугаар сарын 2-нд “Иванка Трампын үнэт эдлэлийн дэлгүүр ямар ч бараагүй болтлоо бүгд зарагдан хаагдлаа” гэх мэдээлэл тархсан юм. Ингээд 2016 оны 10 дугаар сард зөвхөн зорилтот хэрэглэгчдэд зориулсан дэлгүүр Нью-Йоркийн Манхаттан дахь Трамп Тауэрт шинээр байгуулагдсан гэдэг. Ийнхүү нэрд гарч, үнэ цэнд хүрсэн түүний гоёл чимэглэл, үнэт эдлэлийн дэлгүүр АНУ, Канад, Бахрайн, Кувейт, Катар, Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад салбаруудаа нээн ёстой л сүр хүчийг үзүүлжээ. Үүнтэй зэрэгцэн тэрээр бэлэн хувцас, бүсгүйчүүдэд зориулсан гар цүнх, гутал, гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээ АНУ болон Канадын томоохон их дэлгүүрүүдээр худалдаалах болсон байна.
Гэвч түүний хувцасны брэнд нь бусдын загвараас хуулбарласан, гадуур хувцаснууд нь туулайн арьсыг хэтэрхий ихээр ашигласан, ороолтнууд нь гэхэд л галын аюулгүй байдлын стандартад нийцээгүй гэсэн шалтгаануудаар тэрээр АНУ-ын “Хэрэглэгчийн Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлын Хороо”-нд дуудагдсан байна. Ингээд 2016 онд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр түүний брэндүүд АНУ-д бус Хятадын Сичуан, Зейжан мужууд дахь “Ханзоу Фэйшн” дэлгүүрүүдээс нийлүүлэгддэг байсан нь тогтоогджээ. Ийнхүү 2017 оны 2 дугаар сард Иванка Трампын сүлжээний Нейман Маркус, Нордсторм их дэлгүүрүүд дэх борлуулалт нь эрс буурчээ. Эцэст нь 2018 оны 7 дугаар сарын 24-нд Иванка Трамп загварын бизнесүүдээ нэгмөсөн хааж, олон нийтийн сайн сайхны төлөө улс төрд хүчин зүтгэхээр шийдсэнээ албан ёсоор зарласан юм.

Загвар өмсөгчийн карьер:

Тэр бол өсвөр наснаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан бүсгүй. Иванка Трамп өнөөх хагас цэрэгжилтийн дэглэмтэй “хатуу” сургуульд сурч байхаасаа л загвар өмсөж эхэлсэн. Энэ талаар түүний ээж Ивана Трамп ярихдаа “Хэзээ ч сургуулийнхаа, хичээлийн дундуур загвар гэж яваагүй шүү. Амралтын өдрөөр юм уу, баярын өдрүүдээр л загварт цагаа зарцуулж байсан шүү” хэмээн тун итгэлтэйгээр хэлсэн байдаг. Тэрээр 16 настай байхаасаа алдарт Tommy Hilfiger, Sasson Jeans-ний хэвлэмэл сурталчилгаануудад тоглож, дэлхийн нэрт брэндүүд болох Versace, Marc Bouwer болон Thierry Mugler-ын загварын шоуны тайзнаа алхсан юм. Түүгээр ч үл барам өсвөр насныхны алдарт сэтгүүл болох “Seventeen”-ы “Олны танил ээж & охин” буланд нийтлэгдэж байжээ.
Мөн тэрээр “Трамп байгууллага”-ынхаа дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснийхээ дараа хувцас, гоёл чимэглэл, гутлын сүлжээ дэлгүүр ажиллуулж байсан талаар дээр дурдсан. Ингэхдээ тэрээр байгууллага болон өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ сурталчилгааны нүүр царай болж байв. Түүнчлэн дэлхийн алдарт “Harper’s Bazaar”, “Forbes Life”, “Golf Magazine”, “Town&Country”, “Vogue” сэтгүүлүүдийн ковер болж байлаа. Түүнээс гадна Их Британий алдарт “Stuff” сэтгүүлийн ковероор 2006 болон 2007 онуудад тодорч байжээ.

Телевизийн бусад карьер:
1997 онд Иванка Трамп “АНУ-ын Өсвөрийн Мисс” тэмцээнийг хамтран хөтөлжээ. Энэхүү тэмцээнийг түүний аав Доналд Трамп 1996-2005 оныг хүртэл хагаслан эзэмшдэг байв.
2006 онд загвар зохион бүтээгчдийн дунд зохион байгуулдаг телевизийн реалити шоуны 3 болон 4 дүгээр улирлын зочин шүүгчээр ажиллав.
2010 онд өсвөр насныханд зориулсан дэлхийн алдарт “Gossip girl” телевизийн цувралын 4 дүгээр улирлын 6 дугаар ангид нөхрийнхөө хамт нэгэн хэсэгт нь тогложээ.
Түүний бичсэн номнууд:

2009 оны 10 дугаар сард Иванка Трампын “өөртөө туслах” хэлбэрийн “Трампын хөзөр: Ажил, амьдралд ялахын төлөө тоглох нь” нэртэй номыг бичиж олны хүртээл болгожээ. Ингэхдээ тэрээр алдарт “Ghostwriter”-ийн зохиогч, сэтгүүлч Даниел Пэйснертэй хамтран бүтээжээ.
2017 оны 5 дугаар сард мөн л “өөртөө туслах” хэлбэрийн “Ажил хийдэг эмэгтэйчүүд: Амжилтын дүрмийг дахин бичихүй” нэртэй удаах номоо бичүүлжээ. Энэхүү номоо туурвихдаа тэрээр зохиолч, баримт нягтлагч болон судлаачийн мэдээ мэдээлэлд суурилсан гэдэг.

Хэвлэл мэдээллийн салбар дахь карьер:

“Дадлагажигч” ТВ Шоу 2006 онд Иванка дэлхий даяар нэрд гарсан, аавынхаа санаачилсан ТВ-ийн алдарт шоу болох “Дадлагажигч” цуврал нэвтрүүлгийн тав дугаар цувралд нэрт бизнес хатагтай Каролин Кепчерийн оронд шүүгчээр ажиллах болсон юм. Тэрээр яг л урдны шүүгчийн адил оролцогчдын даалгавар гүйцэтгэдэг талбарт зочилж багийнхантай ярилцдаг. Иванка тус нэвтрүүлгийн шүүгч асны оронд тав дугаар цувралд хамтран ажиллахдаа тус цувралын ялагчаар Английн бизнесмен Шон Язбек тодорсон юм. Тэрээр ажиллах төслөөрөө Трампын Манхаттан дахь “Трамп СоХо” зочид буудлын сүлжээг сонгон ажиллах болсон юм.
Үүний дараа Иванка Трамп “Дадлагажигч” шоуны 6 дугаар улиралд удирдах зөвлөлийн шүүгчээр томилогдон ажиллаж улмаар дагалдах “Олны танил дадлагажигч” шоуны шүүгчээр ч тус тус ажилласан билээ.

2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль
Иванка Трамп АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдсөн аавынхаа сонгуулийн компанит ажилд ханцуй шамлан орж, олны өмнө ил гарч аавыгаа дэмжин, кампанит ажлынх нь нүүр царай болж, түүнийг хамгаална гэдгээ олон нийтэд ил тод зарлаж байсан. Охин нь юм чинь тэгэхээс ч яахав. Доналд Трампын сонгуулийн сурталчилгааны ажил 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлсэн билээ.
Тэрээр хэвлэлийнхэнд “Иргэний хувьд би түүний хийж байгаа ажлыг хүндэтгэдэг. Харин охины хувьд бол гарцаагүй дэмжинэ” гэж хэлж байсан.
2015 оны 8 дугаар сард Доналд Трамп “Тэр эмэгтэйчүүд болон тэдний эрүүл мэндийн асуудалд үргэлж тэргүүн зөвлөх маань байсаар ирсэн. Түүнчлэн тэр миний эмэгтэйчүүдийн талаарх харах өнцгийг улам боловсронгуй болгож, урагш ахиулсан гэж хэлж болно” хэмээн мэдэгдсэн юм.
Иванка Трамп радиогийн нэвтрүүлэг, сонины ярилцлага, арга хэмжээ бүрт аавыгаа магтаж байлаа. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түүнийг аавынхаа талаар санаа бодлоо хуваалцахыг хүсэн олон ч нэвтрүүлэг, шоу, ярилцлагын урилгыг илгээсээр байсан юм. Тэрээр аливаад өндөр мэдрэмжтэй нэгэн бөгөөд 2016 оны Бүгд Найрамдах Намын Үндэсний Конвенци дээр аавынхаа талаар үг хэлэхдээ алдарт Жорж Харрисоны “Here Comes the Sun” буюу “Одоо нар мандах нь” дууг индэрт гарахад эгшиглэх аяар хүртэл сонгосон байсан юм. Иванкагийн энэхүү индэр дээрээс онцолсон үг бол “Миний аавын хамгийн агуу чанар бол ямар ч хүний нөөц буюу потенциалыг олж хардаг. Тиймээ, АНУ дахин хүчирхэгжинэ” хэмээжээ.
Энэ мэт олон утга бүхий мессеж, уриалгыг гарган, кампанит ажилд нь идэвхтэй оролцож, аавынхаа ПР-т өндөр хувь нэмэр оруулснаар дөрвөн жилд нэг удаа болдог АНУ-ын Ерөнхийлөгчийн 58 дахь удаагийн сонгуулиар Бүгд Найрамдах намаас Доналд Трамп ялалт байгуулж тус улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахнаас л “Иванка Трамп Засгийн Газарт аавынхаа багт ажиллах нь тодорхой харагдаж байна” гэсэн яриа хаа сайгүй дэгдэх болсон. 2017 оны эхээр Иванка “Трамп байгууллага”-ынхаа үүрэгт ажлаас сайн дураараа буухаас гадна холбооны улсын дүрмийн дагуу тус байгууллагынхаа албан ёсны цахим хуудаснаас аавынхаа болон өөрийн зургаа арилгасан байна.
Сонгуулийн дараа Доналд Трампын эхнэр Меланиа Трамп хүү Барроныхоо сургуулийн төгсөлтөнд оролцохоор Нью-Йорк хотноо үлдсэн байсан бөгөөд энэ хооронд Иванкаг Тэргүүн Хатагтайн үүрэг гүйцэтгэнэ хэмээн хүртэл ярьж байсан юм. Гэвч түүнд Тэргүүн Хатагтайн үүрэг гүйцэтгэх ямар нэгэн сонирхол эсвэл ашиг хонжоо харсан зүйл огтхон ч байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан аавынхаа удирдлагын багт албан бусаар хоёр сарын хугацаанд зөвлөхийн ажил хийсний эцэст 2017 оны 3 дугаар 27-ны өдрөөс АНУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх хэмээн албан ёсоор томилогдсон юм. Ингэхдээ Иванка Трамп ямар нэгэн цалин урамшуулал авдаггүй. Тэрээр холбооны улсын ажилтан болохоосоо өмнө Засгийн Газрын ажил хэрэгт өөрийн хувийн и-мэйлийг ашигладаг байжээ.
Ер нь Иванкаг АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсоны охин, мөн л аавынхаа зөвлөхөөр ажиллаж байсан Жули Никсонтой хэвлэл мэдээллээр ихэд харьцуулан бичдэг байна.
2017 оны эхээр Хятадын Засгийн Газар Трампынхны бизнестэй худалдааны тэмдэгтүүдээ өргөжүүлэхээр болсон юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын Ерөнхийлөгч Ши Жин Пинийг АНУ-ын түүх дурсгалыг хадгалсан Мар-А-Лаго амралтын дээд зэрэглэлийн газарт урьсан юм. Төрийн оройн зоог барихад Иванка Трамп болон түүний нөхөр Жерид Кушнер нар Хятадын Ерөнхийлөгч болон түүний эхнэр Пен Лиюуаны хажууд сууж таарчээ.Энэ үеэр Иванка болон Жерид нарын таван настай бяцхан охин Арабелла Хятадын уламжлалт нэгэн дууг Мандарин хэл дээр дуулж сонирхуулжээ. Тэрхүү дууны бичлэг Хятадын Засгийн Газрын албан ёсны цахим хуудсаар 2,2 сая хүний хандалтыг авчээ.
Иванка Трамп АНУ-ын Зөвлөхөөр ажиллах болсноосоо хойш олон ажлыг амжуулан улс орон төдийгүй, бусад улс үндэстний төлөө ч зүтгэж яваа бүсгүй аж.
Тэрээр 2017 оны 7 дугаар сард болсон Германы Эмэгтэйчүүдийн Байгууллагын Үндэсний Зөвлөлөөс зохион байгуулсан анхны “W20 буюу 20 орны Эмэгтэйчүүдийн Дээд Хэмжээний Уулзалт”-нд оролцсон юм. Тус конференцэд Иванка Трамп эмэгтэйчүүдийн эрхийн талаар үг хэлсэн төдийгүй аавыгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч хэмээн хэт магтсанаараа олон нийтийн дургүйцлыг ч төрүүлсэн байна.
Цагаан Ордноос саяхан мэгэдсэнээр Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэхдээ өөрийн Зөвлөх Иванка Трампыг энэ намар АНУ-ыг төлөөлөн Энэтхэг улсад ажиллахдаа хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах болно гэжээ. Үүний хариуд Энэтхэг улсын дипломатч “Бид Иванка Трампыг хүндэтгэдэг. Учир нь түүний үлгэр дууриалал бидний үндэсний сонирхолтой нийцдэг” гэсэн байна.
Саяхан сэтгүүлч Майкл Волфф Ерөнхийлөгч Доналд Трампын эргэн тойрны олон гишүүдтэй ярилцлагууд дээрээ тулгуурласан номоо бичсэн бөгөөд энд ирээдүйд Иванка Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болох хэмжээнд бэлтгэгдэж байгаа талаар дурджээ.
Сүүлд, Өмнөд Солонгосын Ерөнхий Сайдын АНУ-ын айлчлалын үеэр Иванка Трампыг Төрийн Нарийн Бичиг шиг л дээгүүр аашилсан хэмээн Твиттерт шүүмжилсэн байна. Учир нь тэр үед Доналд Трамп Төрийн Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан Рекс Тиллерсон ажлаа өгөөд удаагүй байсан юм.

Улс төр болон нийгмийн
үйл хэрэг
2016 оны 7 дугаар сард болсон Бүгд Найрамдах Намын Үндэсний Конвенц дээр Иванка Трамп өөрийн улс төрийн үзлийн талаараа үг хэлсэн юм. Тэрээр “Миний мянга мянган хамтрагчдын нэгэн адил би өөрийгөө Бүгд Найрамдах Намын эсвэл Ардчилсан гэж ангилдаггүй” гэжээ.
2007 онд Иванка Трамп Хиллари Клинтоны Ерөнхийлөгчийн сонгуульд 1000 ам.доллар хандивлаж байсан бол 2012 онд Митт Рүмнейгийн сонгуулийн ажилд мөн л тодорхой хэмжээний мөнгө хандивлаж байв.
2013 онд тэрээр нөхрийнхөө хамт ардчилсан намын сенатын гишүүн Кори Бүүкерийн кампанит ажилд зориулсан хандивын аяныг өрнүүлж, 40.000 ам.долларыг цуглуулж өгч байжээ.
Иванка Трамп өөрийгөө эмэгтэйчүүдийн болон Израйл улсын ард түмний эрхийг хамгаалагч хэмээн тодорхойлсон байдаг.

Хувийн амьдрал ба хайр дурлал
Тэрээр коллежид байхдаа хөрөнгө оруулагч, банкир Грег Хэрштэй дөрвөн жилийн турш үерхсэн бөгөөд түүний дараа 2001-2005 онд Продюсер Жеймс “Бинго” Губелманнтай болзсон юм.
2005 оноос тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнесмен, одоогийн нөхөр Жерид Кушнертэй найзаараа дамжуулан танилцаж 2008 он хүртэл үерхэж байгаад салсан байна. Учир нь Кушнерын эцэг эх Иванка Трампыг тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэг. Гэсэн хэдий ч хосуудын хайр дурлал нэгэнт ялж 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Еврей ёс заншлын дагуу болжээ. Иванка Трамп Еврей үндэстэн нөхөртэйгээ гэрлэхээс өмнө өөрийгөө тодорхой шалгуурын дагуу Еврей хүн болгон “хувиргажээ”. Түүнчлэн тэрээр “Анхны гэр бүл” хэмээн нэрийддэг Еврейчүүдийн хамгийн том байгууллагын гишүүн юм.
Хосууд өдгөө гурван хүүхэдтэй бөгөөд нэг охин, хоёр хүүтэй бөгөөд 2017 оны 1 дүгээр сард Вашингтон Д.С-ийн ойролцоох Калорамад өөрсдийн орон гэрийг төвхнүүлжээ. Холбооны улсын баримтжуулснаар хосууд 740 сая долларын хөрөнгөтэй гэжээ.
Иванка Трампын хувьд Франц хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн бөгөөд Чех хэлээр сайн ойлгодог байна.

Хүмүүнлэгийн үйлс

Иванка Трамп Еврейчүүдэд зориулсан хүмүүнлэгийн хэд хэдэн ажлыг зохион байгуулдаг бөгөөд “Чай Лайфлайн” ашгийн бус байгууллагатай хамтран хорт хавдартай хүүхдүүдэд тусламж үзүүлдэг. Түүнчлэн аавынхаа хийж байсан хүмүүнлэгийн үйлсийг үргэлжлүүлэн Иерусалемын “Юнайтед Хазала” хэмээх яаралтай тусламжийн сайн дурын байгууллагад тогтмол дэмжлэг туслалцаа үзүүлэн хандив өргөдөг.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөхөөр томилогдсоноосоо хойш тэрээр өөрийн бичсэн номынхоо орлогыг арьс өнгөний үзлийн эсрэг, хүний эрхийн байгууллага болох “Нэйшнл Урбан Лиг” болон “Америкийн Охид, Хөвгүүдийн Клуб”-т хандивлажээ. Тэрээр аливаа байгалийн баялаг, ашигт малтмалын орлогоос улс заавал хүмүүнлэгийн үйлсэд тодорхой хувийг хандивлах ёстой гэж үздэг.

Шашин шүтлэг
Трампын гэр бүлийнхэн уг нь Христийн шашинтай. Гэвч тэрээр 2009 онд Еврей нөхрийнхөө шашныг дагаж Иудын шашинтан болжээ. Тэрээр энэ талаар ярихдаа “Еврей хүн, Еврей шашинтан болно гэдэг миний амьдралын хамгийн гайхалтай аяллуудын нэг байсан төдийгүй хамгийн зөв шийдвэр байсан. Энэ шашинтай болсноор би нөхрийнхөө гэр бүлтэй дотоод сэтгэлийн харилцаа холбоогоороо улам бүр ойртсон гэж хэлж болно. Би Нью-Йоркт амьдарч байхдаа хүүхдүүдээ Еврей сургуульд сургаж байсан” хэмээн ярьсан байдаг.
Авсан шагнал
2012 онд Нью-Йоркийн Пеннсилваний Вартоны Их Сургуулийн Холбооноос Иванка Трампад залуу манлайлагчид олгодог алдарт “Вартоны Шагнал”-ыг гардуулан өгчээ.

Санал болгох

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

uuganaa90

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!