Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж 2023 оны наймдугаар сарын 11-ний шөнө аймгийн төв Арвайхээр сумын “Хурд” ШТС-ын ойролцоо автомашины осол гаргаж, 57 настай эрэгтэйн амь нас хохирсон байдаг.
Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор А.Ишдорж хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэн, эмгэнэл илэрхийлж, дараах мэдэгдлийг гаргалаа.
МЭДЭГДЭЛД “Миний бие хэд хоногийн өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг явдал болсон. Гэнэтийн энэ явдалд одоо ч харамсаж, цочирдсон хэвээр байна. Хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье.
Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсон.
Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, бас үүрэгтэй. Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.
Миний бие 1999 оноос эхлэн төрийн анхан шатны нэгжээс аймгийн удирдлага хүртэлх албан тушаалыг 24 жилийн туршид хашиж ирлээ. Энэ бүх хугацаанд нутаг орныхоо хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хууль журмыг дээдэлж, ёс зүйг эрхэмлэж, сахилга хариуцлагыг мөрдлөг болгож, хүн чанар, эх нутгаа гэсэн сэтгэлээр хичээн ажиллаж ирсэн гэдгээ хэлэхийг хүсэж байна.
Намайг дэмжиж, итгэл хүлээлгэж, хамтран ажиллаж ирсэн үе үеийн хамт олон, журмын нөхөд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлэхийн хамт чин сэтгэлийн уучлалт хүсье.Нутаг орон минь хөгжин дэвжиж, хүн олон минь амар амгалан байг.
Хүндэтгэсэн; А.Ишдорж” гэжээ.