Монгол Улсын Хөгжлийн банкнаас улстөрд нөлөө бүхий этгээдүүд өөрсдийн хамаарал бүхий аж ахуй нэгж байгууллагадаа их хэмжээний зээл авсан ч зээлээ эргэн төлөөгүйгээс үүдэн Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Сүүлийн хоёр жил Хөгжлийн банк ямар ч зээл гаргаагүй, данс нь улаачихсан гэхэд болно. Өдгөө тус банкнаас зээл аваад эргэж төлөөгүй аж ахуй нэгжүүдийг АТГ-аас шалгаж, УИХ-аас ажлын хэсэг хүртэл байгуулаад байна.
Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүдийг судлаад үзвэл улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрс ч хөвөрч байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз Я.Содбаатар хөгжлийн банкны “таагүй” асуудлуудтай яалт ч үгүй нэр холбогдож байна.
Тухайлбал Я.Содбаатарын төрсөн ах нь болох Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын даргаар ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх жишээтэй. Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байх хугацаанд тус банкнаас хэр хэмжээний чанаргүй зээл гарсныг шалгаж тогтоох нь зүйн хэрэг.
Учир нь Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд хэрхэн хаашаа урсаад байгааг шалгаж тогтоох чиг үүрэг бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байсан ч үүрэгт ажилдаа тун хайнга хандсанаас үүдэн өдгөө сүржин нэртэй “Хөгжлийн банк” хөгжлийн бэрхшээлтэй банк болж хувираад байна. Энэ нь шууд утгаараа Я.Сод-Эрдэнэ албан ажилдаа хайнга хандсан гэж дүгнэхэд хүргэж байна. Харамсалтай Хөгжлийн банкыг самарч орхисон Я.Сод-Эрдэнэ тус банкны талаарх дуулиант мэдээллүүд цуварч эхэлмэгц сүүлээ хавчаад зугтаж буй нь энэ. Аль ч төрд тал алддаггүзй “ширэн нүүртэй” дүүгийнхээ ачаар уснаас хуурай гарахаар зүтгэж буй нь энэ биз.
Үр дүнд нь татвар төлөгч ард иргэд, аж ахуй нэгжүүд хохирох юм гэнэ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Хөгжлийн банкыг хорлосон бас нэгэн баримт бий. Тухайлбал “МБҮ Трейд” ХХК 2018 оны 2 дугаар сарын 13 ний өдөр Хөгжлийн банкнаас 11.5 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Зээлийн хугацаа нь 2023 оны 2 дугаар сард дуусна. Гэвч тус компанийн 900 сая төгрөгийн зээлийн зарцуулалт баталгаажаагүй зөрчил илэрсэн байна . Тус зээлийг Базарийн Эрдэнэбаяр гэгч этгээд авсан байдаг бөгөөд тэрээр хотын дарга асан Су.Батболдтой холбогддог.
Өөр нэгэн МБҮ трейд ХХК-тай холбогдож буй эрхэм бол Я.Содбаатар. “МБҮ Трейд” ХХК-ийн 20 хувийг “Хотол Түмэн” ХХК эзэмшдэг байсан юм. Харин Хотол Түмэн ХХК-ийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар эзэмшдэг байсан бөгөөд түүний 2015 онд бөглөсөн ХОМ-ээс нь харж болох юм.
Ах нь хөгжлийн банкны дэд захирлаар томилогдож, дүү нь өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй энэ мэт асуудлууд ийнхүү ар араасаа цуварсаар байна. Хөгжлийн банк, ЖДҮХС гээд хаана л дэл сул мөнгө байна түүнийг ах дүүсээрээ, амраг садангаараа дамжуулан хумсалж суудаг Я.Содбаатар тэргүүтэнд Монголын төр ямар өртэй юм бүү мэд. Яаж ч хумсалсан, хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалд томилогпож байдаг нь өнөөгийн төрийн үнэн дүр төрх нь гэлтэй. Ер нь ч тэгээд энэ цаг үед Монгол төрийг дангаараа шахуу төлөөлж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз нь Я.Содбаатараас хариуцлага нэхэх хүн алга байна.