Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэн баталлаа. Төв банкны бодлого ирэх жил эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарч, гадаад орчинд тодорхой бус байдал нэмэгдсэн үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал зорилт болж байна. Монголбанк төсвийн бодлого болон санхүүгийн зуучлалын бизнесийн идэвхжилд үзүүлэх цэвэр нөлөөг харгалзан үнийн тогтвортой байдлыг хангах, түүнд нийцтэй эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
2019 онд инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж, эдийн засагт үнийн тогтвортой байдал хадгалагдаж байна. Монголбанк мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулахыг зорино. Монгол Улс эдийн засгийн харьцангуй өндөр өсөлтийн төлөвт шилжсэнийг үнийн түвшний өөрчлөлт илэрхийлж байна. Цаашид инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, инфляцийг алгуур буулгах нь мөнгөний бодлогын зорилт байх болно.
Төв банк макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх замаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлахаас сэргийлэх, олон нийттэй харилцааг өргөжүүлж бодлогын үр нөлөөг дээшлүүлэхийг зорьж, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлнэ.
Банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж, эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулж байна. Төв банкны хуулиар заасан зорилтын хүрээнд Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэн банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч, хяналт шалгалтын стандартыг үргэлжлүүлэн сайжруулах хууль эрх зүйн реформыг хийнэ.
Төв банкны тухай хуулиар заасан үндсэн зорилтуудыг хангахад чиглэсэн ажлуудын зэрэгцээ 2020 онд Монголбанк бие дааж болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөнгө угаах-терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Монгол улсын валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна