Мэргэжлийн амьтан судлаач Ц.Одбаяр:
-Шоргоолжийг дотор нь хэд хэд ангилдаг латин нэр нь Lasius niger L, энгийн бидний ойлголтоор хар, улаан, далавчтай далавчгүй олон төрөл байдаг. Шоргоолжны амьдралд хамгийн чухал зүйл нь хүнс тэжээл юм. Шоргоолжны хоол тэжээлийг мах буюу уураг, чихэрлэг буюу глицидийн найрлагатай хүнс гэж хоёр ангилдаг. Үндсэн хүнс нь шоргоолжны өт өсөн бойжиход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг МАХАН хүнс юм. Өөрөөр хэлбэл шоргоолж бол МАХЧИН амьтан юм. Махан хүнсний дийлэнх хэсгийг шавжууд, зарим тохиолдолд үхсэн шавж, амьтад эзэлдэг байна. Чихэрлэг хүнс маш бага хувийг эзэлдэг бөгөөд ургамлын үр, мөөг, ургамлуудаас шүүсийг нь сорж чихэрлэг хүнсийг олж авдаг. Мөн нэг төрлийн бөөсний төрлийн ойн шавжаас гардаг балыг үндсэн чихэрлэг хүнс болгож хэрэглэдэг аж. Энэ бал нь нүүрс усаар баялаг бөгөөд сонирхолтой нь шоргоолжнууд байнгын балтай байхын тулд энэ бөөсийг үүрэндээ тэжээж бусад шавж идэштнүүдээс хамгаалахын зэрэгцээ өвөлжүүлэхдээ тусгай өрөө гаргаж өгдөг. Тэр ч байтугай тэдний өрөөнүүдийг ургамлын үндэс нэвтэлж сүйтгэхээс хамгаалж хатуу хамгаалалтын давхаргаар шавж бэхэлдэг байна.
Энэ мэдээллийг өгч байгаа гол зорилго нь та бүхнийг буян үйлдэх зорилгоор шоргоолж хооллох нь буруу үйлдэл, таны өгч байгаа зүйлийн алийг нь ч шоргоолж иддэггүй гэдгийг ойлгуулах явдал юм.
Хүний буруу үйлдлээс үүдэлтэйгээр шоргоолж үүрэндээ бүлээрээ үхэх аюултай бөгөөд ийм тохиолдолд шоргоолж идэштэн бусад амьтад, шувууд тухайн бүс нутгаас дайжиж, улмаар эдгээр амьтадын хөлөөр тоос хүртдэг ургамал устаж үгүй болох эрсдэлтэй.