УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрх нь бий. Харин энэ индэрийг буруу ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн.
Хуулийг өөрсдийн бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй.
Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзаах гэж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу оруулахыг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд. Танай намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм бэ? Нам дээрээ асуудлаа ярьж, намаа шинэчил” гэв.