ЭМЯ–ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нэг өвчтөний эмчилгээ найман сая орчим төгрөг гэж мэдээлж байсан. Гэсэн хэдий ч өвчтөнүүдэд өдөрт С, Д витамин л өгч байгаа гэх мэдээлэл байна. Өвчтөнүүдэд яг ямар эмчилгээ хийж байгаа талаар тодорхой хэлж өгнө үү?
– Нэг өвчтөнийг эмчлэх зардал найман сая төгрөг биш. Энэ тоо одоо байхгүй. Өмнө нь яригдаж байсан ч тухайн үедээ ямар байдлаар эмчилгээний зардлыг тооцож байсныг хэлж мэдэхгүй байна.
Гэхдээ биеийн байдлаас шалтгаалж хөнгөн, хүнд, маш хүнд хүмүүсийг эмчилж буй. Тиймээс биеийн байдлаар шалтгаалсан эмчилгээ бүр өөр гэдгийг хэлье.
Биеийн байдал нь маш хүнд байгаа хүмүүст ECMO буюу уушги орлуулах аппаратыг хэрэглэж байгаа. Энэ аппаратыг хэрэглэхэд нэг хүнд 100-200 сая эсвэл хоёр сая төгрөгийн зардал гарах тохиолдол бий. Тэдгээрийн дундаж хэмжээг тооцож байж нэг хүний эмчилгээний зардлыг гаргадаг.
Одоогийн байдлаар нэг өвчтөнд найман сая бус дөрвөн сая төгрөгөөр коронавирусийн эсрэг эмчилгээ хийгдэж байгаа.
Дахин хэлэхэд, эмчилгээний зардлыг тооцохдоо тухайн хүнд үйлчилж буй эмч нарын хувцас хэрэгслээс эхлээд бүх зүйлийг нарийн тооцож гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
– Коронавирусийн халдвартай холбоотой худал мэдээлэл тараасан иргэн ААН-д ямар хариуцлага тооцож байгаа вэ?
– Худал мэдээлэлтэй холбоотой ЭМЯ–наас зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Ялангуяа сүүлийн үед вакцинжуулалттай холбоотой худал мэдээллүүд гарч байна. Мэдээллүүдийг нягталж, эцсийн хариу гарсны дараа мэдээлэл өгч байгаа. Бүх талаас мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийгээд мэдээлж байна.
Нөгөө талаас хууль хяналтын байгууллагад хандахаас аргагүй болж байна. Цар тахлын үед тодорхой мэдээллийг нягтлах зохицуулалт хууль, хяналтын байгууллагад байдаг. Тэдгээр байгууллагууд зарим асуудлыг шалгаад явж байгаа.