Улсын их хурлын гишүүн Б.Пүрэвдорж танхимынхаа эмэгтэй гишүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлүүд гаргажээ. Энэ талаар эмэгтэй гишүүд нийгмийн сүлжээн дэх “УИХ-МАН-Бүлэг-2020” хаалттай групптээ ярилцсан баримтыг хүргэж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Пүрэвдорж гишүүн ажлын байранд ёсзүйгүй, увайгүй хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргалаа. Ямар ёсзүйтэй хүмүүс төрд ороод ирчихсэн юм бэ” хэмээн бичихэд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Тэгдэг шүү. Би ч хэд хэдэн удаа өртсөн” хэмээн бичилцжээ.
Уг харилцан ярианаас Б.Пүрэвдорж гишүүн ажлын байранд хүчирхийллийн шинжтэй ёсзүйгүй үйлдэл гаргадгийг нэг биш эмэгтэй гишүүн нотлох нь гэж харагдаж байна. Гэхдээ тэд уг үйлдлийг нь таслан зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авдаггүй, ярилцаад л өнгөрдөг мэтээр ойлгогдож байгаа юм.
Харин энэ ярианы дундуур, яг одоо яг энэ сэдвийн гол дүр болоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар орж ирж, “Kkk, манай муу хэдэн хүүхнүүдийг дуусгаж байгаа юм байна” хэмээн бичжээ. Түүний бичсэн үгсээс хошигнон маазарсан өнгө аяс харагдаж байгаа нь “ажлын байрны бэлгийн дарамт нь байдаг л нэг үйлдэл мэт ханддаг” Ц.Анандбазарын хандлага харагдана.