Хөвсгөл аймагт, тэр тусмаа хойд тайгад энэ сарын 21-нээс эхлэн цас орсоор байна. Нойтон цас 26-ныг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй баайна.
Цасны зузаан: Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Хөвсгөлийн нутаг, Баян-Өлгийн баруун өмнөд, Увс, Завханы өмнөд, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүлтэй болжээ.
Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Улаан-Уулд 20 см, Хатгалд 19 см зузаан цас орсон аж. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөрт 16 см, Баянзүрхэд 14.0 см, Хөвсгөлийн Жаргалант, Архангайн Хангай сумуудад 11-12 см, Хөвсгөлийн Тосонцэнгэл, Галт, Архангайн Тариатад 10 см, Баян-Өлгийн Даян, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Ерөөд 9 см, бусад сумдын нутгаар 1-7 см зузаан цастай байгаа ажээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр энэ ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 25-нд Улаанбаатар болон ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна.
Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Увсын бөруун, Ховдын зүүн хэсгээр 0.0-11.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Тосонцэнгэл, Завханы Цагаанхайрханд 10.0-11.0 мм, Завханы Улиастай, Алдархаан, Их-Уул, Архангайн Жаргалант, Хангай, Булганы Баян-Агт, Дарханд 7.0-8.0мм, бусад нутгаар 0.0-6.3 мм бороо, нойтон цас оржээ.