“Жалга болгон хийдтэй жас болгон хуралтай” гэгчээр өдгөө аймаг бүрээс гэгээнтэн тодорч байна. Гэгээнтэн тодруулах, алдаршуулах бас “ивээн тэтгэх” зэрэг “гэгээлэг” үйлсэд орон нутийн төрийн байгууллагууд идэвхийлэн оролцож төсвийн мөнгийг үрэх нь улам хавтгайрчээ. Өмнөговийн “дархлагдсан” дарга нарын нэг, өмнө нь аймгийн Засаг дарга явсан, өдгөө ИТХ-ыг удирдаж байгаа Д.Бадраа нутгаасаа тодорсон Говь түшээ гүний их хувилгаан Баригри Дамцагдорж гэгээнтэнг морилон ирэхэд нь жинхэнэ буддын шажинтан гэдгээ батлан харуулжээ. Үүний тулд захирамж гарган гэгээнтэний буян ном хурахад зургаан сая төгрөг өгчээ. Улмаар Энэтхэгт сурдаг гэгээнтэндээ хүндэтгэл үзүүлж ахин төсвийн мөнгөнөөс гурван саяыг гаргасан байна. Хэрвээ үнэн сүжгээ харуулах гэж байгаа бол уг нь хувийнхаа мөнгөнөөс гаргах учиртай ч хэл ам хийхгүйгээр нь төсвөөс зарцуулжээ. Манай улсад төр шашны үйл ажиллагааг заагласан “Төр шашны харилцааны тухай хууль” гэж бий. Гэхдээ олон жил дарга хийсэн Б.Бадрааг баргийн хуулиас айж эмээхээ байсан гэдэг.